
Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн гадна “Иргэн та Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцаагаа баталгаажуулж авсан уу. Хувьцааг зарж, худалдан авах, гэрээслүүлж, өвлүүлэх, бэлэглэх барьцаанд тавих эрхтэй” гэх бичиг өлгөжээ.

Харин хажууд нь 1072 хувьцаа бидэнд ямар ашигтай вэ, миний дансанд хувьцаа бий болов уу, хувьцаагаа хэрхэн авах вэ хэмээх олон асуултыг тээсэн иргэд дугаарлаж байв.

Иргэдээс хувьцаагаа өөрийн “өмч” болгосон уу, энэ хувьцаа танд ямар ашигтай вэ хэмээн асуухад тэдний зарим нь мэдэхүй байсан бол зарим иргэд тус хувьцааг бид өмчиллөө гэхэд Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын гурав дахь заалтад захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол байдаг юм билээ. Тиймээс бид “өмч” болгосон хувьцаагаа зарж, өвлүүлж, худалдах хүсэлтэй байна хэмээн ярьцгааж байв.
Архангай аймгийн иргэн Д.Ренциндорж “Би хувьцааны данс аа нээлгэчихсэн. Надад хувьцаа байна лээ. Дансныхаа хуулгыг авчирсан, одоо мэдээлэл авахаар зогсож байна. Учир нь хувьцааны талаар тодорхой мэдээлэл алга. Миний хувьцаа хуучин зарагдчихсан байсан юм билээ. Энэ талаар л асуух гээд зогсож байна” гэлээ.


Энэхүү асуудлаар Эрдэнэс тавантолгой ХК-иас тодруулга авах гэсэн боловч “Хувьцаатай холбоотой асуудлаар одоогоор яриа өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгсөөр байна.
1072 ширхэг хувьцааг хэрхэн баталгаажуулах вэ
Иргэн та үнэт цаасны компанид үнэт цаасны дансаа нээлгэснээр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцаа тухайн хүний өмч болж байна гэсэн үг.
Хэрэв та үнэт цаасны дансгүй байгаа бол иргэний үнэмлэх, аль нэг банкинд буй өөрийн дансны дугаартайгаа өөрт ойр байгаа үнэт цаасны компанид очиж нээлгэх боломжтой.
1072 ширхэг хувьцаа иргэдэд ямар ашигтай вэ
Монгол Улсын Засгийн газар 2012 оны тавдугаар сарын 30-ны өдөр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон юм.
Түүнчлэн тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр үнэлж тооцсон.
Өнөөдрийн байдлаар 800 мянга гаруй иргэн дансаа нээлгүүлжээ. Харин ингэснээр тэдэнд ямар ашигтай вэ
Энэ талаар Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Э.Алтаншагайгаас тодрууллаа.

-Одоогийн байдлаар хэчнээн иргэн данс нээлгүүлсэн бэ. Данс нээлгүүлсэнээр иргэдэд ямар ашигтай вэ?
-2012 оноос хойш өнөөдөр 800 мянга гаруй иргэн үнэт цаасны данс нээлгүүлээд өөрийн нэр дээр хувьцаагаа баталгаажуулж авсан. Гэтэл "Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын гуравдугаар зүйлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцаа саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэдэд эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжид худалдах ажлыг зохион байгуулах нь зүйтэй” гэсэн заалт бий.
-Тэгэхээр иргэд хувьцаагаа захиран зарцуулахгүй гэж ойлгож болох уу?
-Тийм. Энэ тогтоол дээр бий.

Хувьцааны анхдагч зах зээл гэдэг нь иргэд хувьцаагаа өөрийн болгож эзэмшиж, бүртгэгдсэнийг хэлж байгаа. Хувьцааны хоёр дахь зах зээл гэдэг нь иргэд эзэмшсэн хувьцаагаа хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжахыг хэлдэг. Тэгэхээр иргэд нэгэнт эзэмшсэн хувьцаагаа захиран зарцуулах эрхийг хүсч байгаа. Хууль,эрх зүйн хувьд иргэд хувьцаагаа захиран зарцуулах бүрэн боломжтой. Харин тус тогтоол хувьцааг арилжаалахыг хязгаарлаж байна.Тиймээс хувьцаа эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна
Тиймээс энэ хувьцааг иргэд захиран зарцуулах өргөдлийг танай байгууллага авч, Засгийн газар, УИХ, холбогдох хүмүүст бидний өргөдлийг хүргэж өг, бид хаана хандаж хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болохоо мэдэхгүй байна гэсэн юм.

-Хэчнээн хүн ийм асуудлаар танайд хандаж байна вэ?
-Иргэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас өргөдөл өгч эхэлсэн. Одоогийн байдлаар 3000 хүн хувьцаагаа захиран зарцуулах эрх хүсч, өргөдөл өгсөн. 1008 өргөдлийг бид ЗГ, УИХ-руу шилжүүлсэн. Мөн нэмж хувьцаа худалдан авах хүсэлтэй иргэд ч бий. 2012 оноос хойш нас барсан иргэдийн хувьцааг үр хүүхэд нь өвлөж авах гэсэн хүсэлтэй байгаа ч тэд ингэж чадахгүй байна. 1008 хүний өргөдлийн эх хувийг Засгийн тэргүүнд “Хувьцаа, эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”ийн 2016 оны 75 тоот албан бичгээр хүргүүлсэн. Хариу Засгийн газрын хэрэг эрхлэх газраас саяхан ирсэн.

Дашрамд дурдахад, хувьцааг эзэмшиж байгаа үед тухайн компани ашигтай ажилсан тохиолдолд ногдол ашиг авдаг, хэн нэгэнд өгөхөөр гэрээслэл үлдээх ч боломж бий. Хэн нэгэнд бэлэглэж өгч ч болдог байна. Мөн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд орж, шийдвэр гаргаж ажиллахын тулд хувьцааг төвлөрүүлэн худалдаж авдаг. Харин одоогоор иргэд хувьцааг өмчилж авсан ч захиран зарцуулж чадахгүй байна. Иймээс тэд өмчилж авсан хувьцааг захиран зарцуулах эрх Засгийн газраас хүсч буй аж.