Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Сургалтын албаны дарга доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

Та сургуулийнхаа талаар товч танилцуулна уу?

БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Олон улсын Улаанбаатарын их сургууль нь 1995 онд “Улаанбаатар коллеж” 2002 онд “Улаанбаатар дээд сургууль”, 2012 онд “Улаанбаатар их сургууль”, 2015 онд “Олон улсын Улаанбаатарын их сургууль” болон өргөжиж дээд боловсролын салбарын тэргүүлэх их сургуулиудын тоонд багтаж чадлаа. Эдүгээ Хууль зүйн сургууль, Сувилахуй сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургууль, Хөдөө аж ахуй инженерийн сургууль, Эдийн засгийн сургууль, Суурь боловсролын сургууль, Төгсөлтийн дараах сургууль гэсэн долоон бүрэлдэхүүн сургуулийн 14 тэнхимд баклаврын 29, магистрын 9, докторын гурван чиглэлээр сургалт явуулдаг сургалт, судалгааны их сургууль болоод байна. Мөн сургуулийн бүрэлдэхүүнд монтессори сургалт бүхий “Улаанбаатар” цэцэрлэг, Солонгос хэлний сургалттай “Улаанбаатар” бүрэн дунд сургууль бий. Зөвхөн их сургуульд маань гадаад дотоодын 100 гаруй багш ажиллаж байна. Нийт багш нарын дунд эрдмийн зэрэг цолтой багш нарын эзлэх хувь 50 хувьд хүрч байна. 33 багш гадаад, дотоодод докторантурт сурч байна. Эдгээр багш нар эрдмийн зэргээ хамгаалсанаар багш нар 90 хувь эрдэмжих юм. Энэ бол манай сургуулийн бахархал юм. Мөн манай сургууль дээр “Чингис хаан” судлалын төв, “Солонгос судлалын төв”, “Бизнесийн судалгааны төв”, “Гэр бүлийн зөвлөгөө боловсролын онол арга зүйн төв” гэх мэт судалгааны төвүүд ажиллаж байгаа бөгөөд гадаад, дотоодын нэрт эрдэмтэн судлаачид ажиллаж байна. Тухайлбал Академич, түүхч Ж. Болдбаатар, Шинжлэх ухааны доктор гэр бүл судлаач Т.Намжил, Шинжлэх ухааны доктор нэрт эрдэмтэн Б.Сумъяабаатар, Соёлын гавъяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Шагдарсүрэн зэрэг ахмад судлаачдаас гадна олон залуу докторууд судалгаа шинжилгээний ажил хийж байна. Мөн манайд гадаадын зочин профессорууд олон ажилладаг. Жишээ нь Сувилахуй сургуулийн захирлаар профессор У Га Шил багш ажиллаж байна. Тэрээр БНСУ-Ионсей Их Сургууль Хүүхдийн сувилахуйн бакалаврын сургалтыг дүүргээд АНУ- Востоны их сургуульд магистр, АНУ- Tехасын Эмэгтэйчүүдийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан багш юм. Манай сургуулийн ерөнхий захирлаар Монгол судлаач, хэл шинжлэлийн эрдэмтэн профессор Чо Ги Хо хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар Академич, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа ажиллаж байна. Энэ жил манай сургууль байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Нийт хамт олон, эрдэмтэн судлаачид, төгсөгчид, тэдний гэр бүлийнхэн болон уншигчдадаа ойн баярын мэнд хүргэе.

Танай сургуулийн сургалтын үйл ажиллагаа болон бусад сургууилас ялгарах онцлог юу вэ?

Манай сургуулийн алсын хараа бол Монголын шилдэг хувийн их сургууль болох. Эрхэм зорилго бол олон улсын түвшиний боловсролыг эзэмшүүлж, монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, үнэнч шударга, хүний эрхийг дээдэлдэг, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх юм. Иймээс сургалтын чанарыг нэгдүгээрт тавьдаг. Бусад сургуулиас ялгагдах хэд хэдэн онцлог давуу тал бий. Нэгдүгээрт, бүх мэргэжлийн ангиудад солонгос хэлний хичээл ордог бөгөөд төгсөгчид маань гадаад хэлний боловсролыг давхар эзэмшдэг. Хоёрдугаарт, бүх мэргэжлийн оюутнуудад “Гэр бүлийн боловсрол” хичээл ордог. Мэргэжил эзэмшихийн зэрэгцээ хувийн амьдралынхаа өмнө хариуцлагатай байж, үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжлэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлдэг. Гуравдугаарт, суралцагчдын хувь хүний хөгжлийг дэмжихэд ихээхэн анхаардаг. Хариуцлага, ёс суртахууны боловсрол, хүний хөгжлийг нь илүү их дэмждэг.

Манай сургууль зургаан сараас нэг жилийн хугацааны оюутан солилцооны хөтөлбөр, 2+2, 1+1 буюу хос дипломтой төгсөх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бакалаврт сурч буй оюутан хоёр жил манай сургуульд, үлдсэн хоёр жилд БНСУ-ын хамтын ажиллагаатай сургуулийн ижил хөтөлбөрт суралцах юм. Магистрт сурч буй оюутан мөн нэг жил энд сүүлийн жилээ БНСУ-д сурна. БНСУ-ын 90 гаруй их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Иймээс хамтарсан хөтөлбөрт суралцах оюутнууд 50-80 хувийн тэтгэлэгтэй суралцдаг. Эдгээр хөтөлбөрт хамрагдах боломж оюутан бүрт нээлттэй байдаг бөгөөд бид сургууль дээрээ солонгос хэлний тусгайлсан хөтөлбөрөөр солонгос хэлний бэлтгэлийг нь хангадаг. Манай сургууль дээр гадаад хүмүүст зориулсан монгол хэлний сургалтын төв, монгол хүмүүст зориулсан БНСУ- ын Засгийн газрын санхүүжилт бүхий “Сэжон Хагдан ” солонгос хэлний сургалтын төв ажиллаж байна.

Ирэх хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах вэ?

Цар тахлын улмаас элсэлтийн үйл ажиллагааг онлайнаар зохион байгуулах болсон тул www.elselt.iuu.edu.mn програмыг шинээр ажиллуулж эхэллээ. Уг програмаар бакалавр, магистр, докторын хөтөлбөрт элсэгчдийг бүртгэнэ.

Мөн ковидтой холбоотой иргэд маань санхүүгийн бэрхшээлд орж байгаа тул бид элсэгчдэд олгох тэтгэлэгээ нэмэгдүүлсэн. Манай сургууль суралцагчдадаа 22 төрлийн тэтгэлэг олгодог. Нийтдээ 1,5 тэрбум төгрөгийн тэтгэлэгийг оюутнууддаа олгоод байна. Энэ хичээлийн жилд 220 000 сая төгрөгийн тэтгэлийг олгосон байна. Иймээс бид 410 аас дээш оноотой элсэгчид Сувилахуй, ойн аж ахуй, хотын ногоон байгууламжийн инженер хөтөлбөрт элсвэл 30-80 хувийн тэтгэлэг өгнө. Бусад мэргэжлийн хөтөлбөрт элсэгчдийн хувьд 500 аас дээш оноотой бол 30-80 хувийн тэтгэлэг олгоно. Спортын зэрэгтэй, улс аймгийн олимпиадад амжилт үзүүлсэн элсэгчдэд мөн 30-100 хувь тэтгэлэг олгоно. Тэгэхлээр шинэ элсэгчид маань ерөнхий шалгалтын оноогоор авсан энэхүү тэтгэлэгээ амжилттай сайн сурч дөрвөн жил үргэлжлүүлэх боломжтой юм. Түүний зэрэгцээ удирдах зөвлөлийн, ерөнхий захирлын, нийгмийн ажлын, спорт, урлагийн гэх мэт 22 төрлийн тэтгэлэгээс суралцах хугацаандаа авах боломжтой.

БНСУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай гэхээр сургалтын материаллаг бааз, орчны давуу талтай гэж харагдаад байгаа?

Манай сургуулийн хувьд сургалтын чанар, орчин, ажиллагсдын нийгмийн асуудалд онцгой анхаардаг. Оюутнууддаа тэтгэлэг олгоод үлдсэн төлбөрийг багш, ажилчдын цалин, нийгмийн асуудалд зарцуулдаг. Оюутны байр, хичээлийн дөрвөн байр, бусад материаллаг орчны хөрөнгө оруулалтыг БНСУ-аас хийдэг учир харьцангуй боломжийн түвшинд байдаг. Хичээлийн анги, танхим, лабортори, дадлагын баазыг бэхжүүлж чадсан.

Сургуулийн цаашдын зорилт юу байна вэ?

Сургуулийн эрдэмтэн судлаачдын инноваци, судалгааны үр дүнг практикт хэрэгжүүлэх, багш оюутны хамтарсан судалгаа, шинжилгээний ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Манай сургуульд Буриад, Тува, Халимаг, ӨвөрМонгол зэрэг гадаадын 50 гаруй оюутан сурч байна. Тэднийг монгол оюутныхаа төлбөрөөр сургаж байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх, оюутан багш нарын хамтарсан олон улсын судалгааг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч байна.

Олон улсын Улаанбаатарын их сургууль таны мөрөөдлийг биелүүлэхэд туслах болно. Олон Улсын түвшний чанартай боловсролыг манай сургуулиас эзэмшихийг урьж байна.