УИХ-ын ээлжит бус чуулганаар цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой олон улсын гурван конвенц, нэг протоколд Монгол Улс нэгдэн орон асуудлыг хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс цөмийн хог, хаягдлыг нутаг дэвсгэртээ хүлээн авах, булшлах, дамжуулан тээвэрлэх асуудлыг албан ёсоор хуульчлах нь хэмээн иргэний хөдөлгөөнүүд болон зарим судлаачид эсэргүүцэж буй. Харин албаныхан Монгол Улс дээрх конвенцуудад нэгдэн орсноороо Цөмийн зэвсгээс ангид байх, цөмийн цацраг идэвхт материал, хог хаягдлыг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэх болон дамжин өнгөрүүлэхгүй, хадгалахгүй байх эрх зүйн зохицуулалтаа олон улсад баталгаажуулна хэмээн тайлбарлаж байна.
