Ерөнхий сайд асан С.Баяр нарын  долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаанаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хохирол учруулсан эсэхийг үнэлэх хоёр шинжээчийг оролцуулах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг шүүх хангасан бөгөөд шүүх хуралдааныг энэ сарын 22 хүртэл хойшлуулав. Ингэхдээ шүүгдэгч нарт ногдуулсан барьцаа өгөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул  С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорихоор болжээ.

Өмнөх шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Баярцогт, Д.Ганболдод 10 тэрбум төгрөг, шүүгдэгч С.Баярт таван тэрбум төгрөг, шүүгдэгч Б.Бямбасайханд хоёр тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм. Харин шүүгдэгч С.Баяр барьцаа мөнгөний урьдчилгаа болгож 525 сая төгрөг байршуулжээ.