Цар тахлын нөлөөгөөр энэ онд дэлхийн худалдаа 20 хувиар унана гэж НҮБ-ын Худалдаа хөгжлийн конференци (ЮНКТАД) пүрэв гарагт нийтлүүлсэн илтгэлдээ дурджээ.
“Тодорхойгүй байдал үргэлжилж байгаа учраас уналтыг ойролцоогоор 20 хувь байна гэж төсөөлж байна. Энэ нь олон улсын худалдааны уналт 13-32 хувьд хүрнэ гэсэн Дэлхийн худалдааны байгууллагын дүгнэлттэй таарч байгаа” хэмээн илтгэлд өгүүлжээ.
2020 оны нэгдүгээр улирлын дүнгээр худалдааны үнэлгээ дэлхийд таван хувиар унасан ба II улиралд уналт 27 хувьтай болно гэсэн хүлээлт байгаа.
Өнөөдөр НҮБ-ын шинжээчид Хятадын эдийн засгийг онцолж байна. Дөрөвдүгээр сард Хятадын экспорт гурван хувиар өссөн бол Евробүсэд 16 хувиар, АНУ ба Орост 29 хувиар, Энэтхэгт 56 хувиар тус тус унажээ. Ийм байдал бусад орнуудад ч ажиглагдаж байна.
Авто үйлдвэрлэл, эрчим хүч, нарийн механик төхөөрөмжийн үйлдвэрлэл уналтад хамгийн хүчтэй нэрвэгдсэн. Харин эмнэлгийн төхөөрөмж, материалууд, оффисийн техникийн эрэлт нэмэгджээ.
Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш цар тахлын улмаас дэлхий даяар хүнсний хомсдол үүсээд байгааг сануулсан юм. Тэрбээр өлсгөлөн түүхэн дээд хэмжээнд хүрч, 60 сая хүн нэн ядууралд өртөж байгааг онцолж байв.