
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
"2007 баталсан Улсын нөөцийн тухай хуульд нэмэдт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэллээ. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Энэ хуулиар хүнс болон шатахууны нөөц, хадгалалтын харилцааг зохицуулдаг.
Монгол Улсад 226 лаборатори байгаагаас 55 нь улсын өмчийнх. Эдгээр байгууллагууд таван газарт хуваагдсан, мэдээллээ нэгдсэн байдлаар солилцдоггүй, боловсон хүчин дутмаг байдалтай байгаа. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс энэ асуудлыг цогцоор нь шийдэх үүргийг надад өгсөн. Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт хэрэгжүүлэх газраас судалага хийсэн. Удахгүй судалгааны дүнтэй танилцаж, лабораториуд дээр газар дээр нь ажиллана.
Сүүлийн шинэ төрлийн шүлхийгээс эхлээд малын өвчлөл нэмэгдэж байна. Үүний эсрэг төр засгийн зүгээс авч байгаа арга хэмжээнд дүгнэлт хийсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу шийдвэр гаргалт удаан байна. Вакцин худалдан авах 1.5 тэрбум төгрөг гаргах гэж хоёр долоо хоногийн хугацаа зарцуулж байна. Шинэ төрлийн вакцин худалдан авахад нийтдээ 32 хоног зарцуулсан. Энэ хооронд 4167 толгой мал хоргодсон. Хоргодсон мал бүрийн үнэлгээний 90 хувиар тооцож нөхөн олговор олгосон. Үүнд зургаа орчим тэрбум төгрөг зарцуулсан. Хөл хорио тогтоох, түлш шатахуун гээд нийт гаргасан зардал нь 20 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Ийм асуудалд яаралтай арга хэмжээ авдаг болохын тулд холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Удахгүй өөрчлөлт оруулна.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 1.5 тэрбумаар ямааны годрон өвчний эсрэг вакцин худалдан авах шийдвэр гаргалаа. Ямааг унтуулж хилээр нэвтрүүлсэн гэсэн асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор ТЕГ, ЦЕГ-аас хяналт шалгалтын ажил хийж байгаа.
16 өрхийн 6296 ямааг устгалд оруулсан. Үүнтэй холбоотойгоор нөхөн олговорын асуудал үүснэ" гэв.