
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар томилсонтой холбоотойгоор энэхүү Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм. Мөн УИХ-ын тухай хуульд “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ” гэж, мөн “Байнгын хорооны даргыг сонгохдоо УИХ-д сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан. Үүний дагуу МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгааг танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь нь УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.
Үүнтэй холбогдуулан түүний намтрыг танилцуулъя.
Н.Наранбаатар нь 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль,
1996 онд Цэргийн их сургууль,
2011 онд АНУ-ын Калифорнийн олон улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй.
1996-1998 онд Цэргийн их сургуульд багш,
1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн,
2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга,
2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга,
2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга,
2020 оноос хойш УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байна.