Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 5.8 сая хүн өвчилж, 360 мянга гаруй хүн нас баржээ. 2.5 сая хүн эдгэрч, 2.9 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 92 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 3000 гаруй хүн нас баржээ.
ОХУ-д сүүлийн 24 цагт 8371 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Буриад, Эрхүүд 51-62 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Эрхүү хотод 62 тохиолдол бүртгэгдсэн. Өвчлөлийн ихэнх хувь нь Москва хотод бүртгэгдэж байгаа учраас хатуу хөл хорионы дэглэмийг 6 сарын 24-н хүртэл үргэлжлүүлэхээр тус хотын захирагч шийдвэрэлсэн. Ингэхдээ нэг хүн хоёр өдөрт нэг удаа дэлгүүр, эмийн сан орох зөвшөөрлийг олгожээ.
Сүүлийн 24 цагт 289 хүн ажиглалтад орж, 14 хүн тусгаарлах байрнаас гарч гэрийн тусгаарлалтад шилжин 1908 хүн одоогоор ажиглалтад байна. Ажиглалтын байранд 29 их эмч, 59 резидент ажиллаж байна.
Өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд 11 эмч ажиллаж, 3433 иргэнд эмч нар хяналт тавьж ажилласан. Энэ үед иргэдээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.
24 цагт 119 дугаарт 448 дуудлага ирж, коронавирусийн зөвлөмж, зөвлөгөөг авсан. Шуурхай 119 гэсэн мобайл аппликейшныг ашиглан 17 дуудлага Швед, Япон, АНУ, ОХУ зэрэг улсаас дуудлага ирж эмнэл зүй урьдчилсан сэргийлэх талаар асуусан” гэв.