Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулах тогтоол баталжээ. “БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, сайжруулах тухай шийдвэр" нэртэй эрх баригчдаас өргөн барьсан хуулийн төсөл Хонконгийн онцгой эрхийг цуцлах алхам хэмээн олон улсын зүгээс шүүмжлэлтэй тулгарч буй. Улмаар бүс нутагт эсэргүүцлийн шинэ давалгаа өрнөж байна. Одоохондоо хуулийн төсөл хэмээн нэрлэж буй баримт бичгийг Коммунист намын байнгын хороогоор хэлэлцүүлж, наймдугаар сард гэхэд хүчин төгөлдөр үйлчилж эхлэх аж.
Ардын төлөөлөгчдийн их хурлаар тогтоолыг хэлэлцэх үеэр 2878 нь дэмжсэн бол нэг төлөөлөгч эсэргүүцэж, зургаан хүн түдгэлзжээ. Энэхүү тогтоол батлагдсанаар БХАТИХ-ын Байнгын хороо аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хонконгт тусгайлан зориулж боловсруулах эрхтэй болж буй юм. Үүнд Хонконг дахь үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх зорилго агуулагдаж байгаа. Түүнчлэн Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай хүчин байгуулах юм.