Израиль улсын бүхий л түүхэнд албан тушаалдаа байгаа Ерөнхий сайд шүүхээр шүүгдэж байгаа анхны тохиолдол гарлаа. Энэ эргэлзээтэй “гавъяаны” эзэн нь Биньямин Нетаньяху. Яагаад ийм болов?
Тавдугаар сарын дундуур Биньямин Нетаньяху улс төрийн урт замналынхаа туршид тав дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдон ажилдаа орсон юм. Харин тавдугаар сарын 24-нд түүнийг шүүх хуралд дуудлаа. Израильд авлига, залилан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийн дуулиан шуугиантай шүүх хурал эхлэв. Харин Ерөнхий сайд өөрт нь тулгаж байгаа бүх хэргийг үгүйсгэж, шүүх хурлыг “шуламын ав”, улс төрийн агуулгатай ажиллагаа гэж байгаа билээ.
Коронавирус дуулиант хэргийн эхлэлийг хойш татав
Энэ дуулиантай хэргийг эхнээс нь ажиглан сурвалжилж байгаа сэтгүүлч Авиад Гликман Израилийн телевизээр шүүхийн танхимд болж буй хэрэг явдлыг тоймлох юм. “Гурван жилийн өмнө цагдаагийн мөрдөн байцаагчид Нетаньяхугийн өргөөнд анх очсоныг би сайн санаж байна. Израилийн түүхэнд анх удаагаа яллагдагчийн суудалд албан үүргээ гүйцэтгэж байгаа засгийн тэргүүн сууж байгаа нь энэ" гэж Гликман ярив.
Нетаньяхугийн хэргийн шүүх хурал гуравдугаар сарын дундуур эхлэх ёстой байсан ч коронавирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон. Тэр үеийн Хууль зүйн сайд, Нетаньяхугийн тэргүүлдэг "Ликуд" намын гишүүн Амир Охана улс оронд онц байдал зарласан бөгөөд шүүгч нар онцгой тохиолдолд ажиллахаар болсон юм. Гэхдээ Нетаньяхугийн хэргийн шүүх хурлыг товлон зарласан.
Эхний хуралдаанд Ерөнхий сайдыг оролцуулахгүй байх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг шүүгчид хүлээн авсангүй. Гэхдээ шүүх хуралдаан бүрт Нетаньху сууна гэсэн үг биш. Шүүх хурал цаг их авах учраас Ерөнхий сайд улс орноо удирдах ажлаа хийх ёстой хэмээн өмгөөлөгч нар нь тайлбарлаж байгаа. “Өмгөөлөгч нар нь ажил үүргээ сайн гүйцэтгэхийн тулд бүх цагаар түүнтэй холбоотой байх ёстой. Шүүгдэгч бүх үйл явдлыг нарийн мэдэх ёстой. Тэр нь шүүх хуралд гэрч нарыг дуудах үеэр ихээхэн чухал” хэмээн Израилийн Ардчиллын хүрээлэнгийн (IDI) эрх зүйн салбарын шинжээч Амир Фукс хэлж байна.
Нетаньяхугийн гурван хэрэг
Израилийн цагдаагийн албаны мөрдөн байцаагчид гурван жил гаруй хэргийг мөрдсөн юм. Улмаар Ерөнхий прокурор Авихай Мандельблит "хэрэг 1000", "хэрэг 2000", "хэрэг 4000" гэсэн гурван өөр хэргээр ял төлөвлөжээ. "Хэрэг 1000" гэх хэрэгт Биньямин Нетаньяху олон жилийн турш Холливудын найруулагч Арнон Милчен, Австралийн тэрбумтан Жеймс Пакер нараас бэлэг сэлт авч байсан гэдэг ял тулгажээ. Мөн түүний эхнэр, хүү хоёр нь ч навчин тамхи, оргилуун дарс, үнэт эдлэл, нислэгийн тийз зэрэг нийт 230 мянган еврогийн үнэтэй бэлэг авсан болж таарав.
"Хэрэг 2000"-д өмнөх шиг залилан ба Ерөнхий сайдын итгэлийг ашигласан гэх ял тулгажээ. Мөрдөн байцаалтаар, Ерөнхий сайд Jediot Achronot сонины үүсгэн байгуулагч Арнон Мозестой хамсан тохирч өөрийн талын ашигтай мэдээллийг гаргуулж байсан нь тогтоогдсон. Ерөнхий сайдын өмгөөлөгч нар тийм зорилго агуулаагүй хэмээн үгүйсгэж байгаа.
"Хэрэг 4000"-д quid pro quo гэх харилцан ашигтай тохиролцоо Нетаньяху ба Израилийн "Безек" гэх телехолбооны томоохон компанийн хувьцаа эзэмшигч, медиамагнат Шаул Элович нарын хооронд байсан гэж буруутгажээ. Ерөнхий сайд өмнө нь Холбооны сайд байхдаа эрх зүйн дэмлэг үзүүлэн сүлжээний ашиг сонирхлын төлөө ажилласан гэнэ. Энэ хэрэгт түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авсан гэж сэжиглэж байна.
Нетаньяхугийн эсрэг эсэргүүцлийн ажиллагаа
Шүүх хурлын үеэр Израилийн нийгэм Ерөнхий сайдыг дэмжигчид ба түүнийг эсэргүүцэгчид гэж хоёр хуваагджээ. Чөлөөнд гарсан хурандаа Рами Матан Ерөнхий сайдын эсрэг ажиллагаанд байнга оролцдог нэгэн бөгөөд "Ёс зүйн талаасаа үдийн хоол хүртэл Засгийн газраа удирдаж, түүний дараа өөрийгөө шүүхэд хамгаалах ёстой байгаа нь ерөөсөө буруу. Нетаньяху гэм буруугүй гэдгээ батлахаар албан тушаалаас огцорч, биднийг мөн улс орноо тайван байлгах ёстой" гэж тэр хэлж байна.
Харин Нетаньхуг дэмжигчид энэ хэргийг сэтгүүлчид, хуулийн байгууллагууд ба улс төрийн зүүний хүчнийхний хуйвалдаан гэж үзэж байна.
Израилийн хамгийн өндөр тушаалын улстөрчид шүүхээр шүүгдэж зарим нь шоронгийн хаалга татаж байлаа. Гэхдээ тэд шүүгдэж байхдаа төрийн алба хашиж байгаагүй. Тухайлбал мөн л Ерөнхий сайд байсан Эхуд Ольмертыг авлигын хэргээр шүүж байв. Хэрэв сайд нар шүүгдэж байгаа бол тэд огцордог. Харин Ерөнхий сайдыг шүүж байгаа бол гэм буруутай нь нотлогдсон эсвэл хэрэг хаагдах хүртэл үүргээ гүйцэтгэдэг.