
Өнгөрсөн жилийн зун “Монголын хөхөө” төслийн хүрээнд таван хөхөө шувуунд хиймэл дагуулын таних тэмдэг суулгасан байна. Уг судалгаанд Монгол улсын эрдэмтэн судлаачидтай хамт Британийн шувуу судлалын газар хамтран ажиллажээ. Тэдгээр таван шувууны нэг Онон нэртэй хөхөөний 12 мянган км-ийн нүүдэл эрдэмтдийг гайхшируулсан тухай “ВВС” агентлаг онцолжээ. Онон хөхөө Энэтхэгийн далайг нэг ч зогсолгүй, цагт 60 км дундаж хурдаар нисч гаталсан нь супдаачдын анхаарлыг татаад буй. Онон хөхөө өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд Африкийн өмнөд хэсгийн Замби улсаас нутаг буцах нүүдлээ эхлүүлжээ. Хөхөө замдаа Кени, Саудын Араб, Бангладеш зэрэг 16 орны дээгүүр, өргөн далай тэнгисийг гатлан хүчтэй салхийг сөрөн нутагтаа ирсэн байна.
Харин Ононтой цуг их нүүдэлд гарсан Баян нэртэй хөхөө өвлийг Зүүн Африкийн Килиманжаро уулын хажууд өнгөрөөгөөд буцах замдаа Хятадын Юньнань мужийн хавьцаа холбоо тасарчээ. Баян хөхөө нь 14 хоногийн хугацаанд 10 мянган км замыг туулан холбоо тасарсан тухай мэдээлж байна.
