“Хашгирах” гэсэн латин үгнээс гаралтай зар сурталчилгаа хэмээх өвөрмөц технологи өнөө цагийн хамгийн хүчтэй нөлөөллийн хэрэгслүүдийн нэг болжээ. Аман хэлбэрийн сурталчилгааг нэлээд эртнээс эхлэлтэй гэж үздэг. Харин анхны хэвлэмэл зар 1478 онд гарсан гэх баримт бий. Тэгвэл XX зуун бүхэлдээ зар сурталчилгааны их тэсрэлтийн үе байсан билээ.  Учир нь сонин, радио, телевиз, компьютер, интернет гэх мэт хэвлэл, мэдээллийн хэрэгсэл дэлгэрсэн нь зар сурталчилгааны хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Эдүгээ зар сурталчилгаа дамжуулах, сурталчлах, түгээх гэсэн үндсэн үүргээс гадна урлаг болтлоо хөгжжээ.

Энэ удаад бид бүхэн дэлхийг өөрчилсөн хамгийн алдартай зар сурталчилгааг танилцуулж байна.

“Sunkist” жүржийн шүүс- 1907 он

1900-аад оны үед Калифорнийн жүрж тариаланчдад нэгэн асуудал тулгарчээ. Тэд үргэлж хүмүүсийн эрэлт хэрэгцээнээс илүү их жүрж хураан авдаг байв. Ингээд 1907 онд тэд “Albert Lasker at the Lord & Thomas” зар сурталчилгааны агентлагт хандсан байна. Харин тус агентлагийнхан Калифорнийн бүх тариаланчдын жүржийг “Sunkist” хэмээн нэрлэж, брэнд болгосон бөгөөд хамгийн анх жүржийн шүүс хэмээх нэршлийг гаргаж ирсэн гэдэг. Тун удалгүй “Sunkist”-ийнхэн хүмүүст жимсээ худалдаалаад зогсохгүй жүржийн шүүс хийх аргыг заах болсон байна. Өнөөдөр Америкчуудын өглөөний цайны салшгүй хэсэг нь жүржийн шүүс болжээ.

“Би чамайг хүсч байна”- 1916 он

Энэхүү зар сурталчилгаан дээрх эр бол “Сэм авга” юм. Дэлхийн I дайны үеэр цагаан үстэй, бүрх малгай бүхий эрийн “Би чамайг хүсч байна” гэсэн бичигтэй зурагт хуудас хаа сайгүй харагддаг байв. АНУ-ын Конгрессын номын сангаас 1917-1918 оны хооронд энэхүү зурагт хуудсыг дөрвөн сая хувь хэвлэн гаргасан байдаг. Энэ нь залуучуудыг дайны үеэр цэрэгт элсүүлэхэд ашигласан хамгийн том сурталчилгаа байжээ. Тус зурагт хуудсыг Ерөнхийлөгч Франклин Рузвельт Дэлхийн II дайны үеэр дахин ашигласан байдаг.

“Бид хийж чадна”- 1942

“Бид хийж чадна” гэсэн бичигтэй хүчирхэг эмэгтэй зурагт хуудсыг хамгийн анх дэлхийн II дайн үеэр “Westinghouse” үйлдвэрийн төмөр дуулга үйлдвэрлэдэг эмэгтэй ажилчид уриа болгон ашигладаг байжээ. Гэхдээ дайны үеэр тийм ч түгээмэл байгаагүй аж. Харин 1970-1980 оны үед эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгохыг шаардсан феминизмийн гол бэлгэ тэмдэг болсон байна. Тэр үеэс хойш ханцуйгаа шамласан булчинлаг бүсгүйн зураг нь эмэгтэйчүүд хүчирхэг, бие даасан хүмүүс гэсэн санааг илэрхийлэх болжээ.

“Алмаз үүрд”- 1947

Гэрлэх санал тавихдаа алмазан бөгж бэлэглэдэг хандлага бараг уламжлал болсон гэхэд хилсдэхгүй. 1938 онд “De Beers” компанийн үнэт чулуу олборлолт уналтад орж, борлуулалт нь 20 жилийн турш буураад байжээ. Ингээд тэд хямралын үеэр алмазан эдлэлийг нийгмийн дундаж давхаргынхан худалдан авах боломжтой маркетинг  ашиглаж эхлэв. “N.W” сурталчилгааны агентлагийн Айер 1947 онд “Алмаз үүрд” гэсэн уриа гаргажээ. Тухайн үед  Айер болон түүний багийнхан энэ санаа төдийлөн таалагдаагүй ч дараа жил нь кампанит ажилд ашиглаж эхэлсэн гэдэг. Хачирхалтай нь энэ сурталчилгааны ачаар алмаз мөнхийн хайр, тансаг амьдралыг амласан гэрлэх саналыг гол бэлгэ тэмдэг болсон байна. Үүнийг XX зууны хамгийн шилдэг үгтэй зар сурталчилгаа гэж үздэг.

“Өөртөө түр завсарлага олго”- 1952

1950-аад оны дунд үед Пан-Америкийн кофены товчоо ажилчдаа урамшуулах зорилгоор нэгэн лоозон ашиглаж эхэлжээ. Энэ нь “Өөртөө түр завсарлага олго, өөртөө юу өгнө тийм л зүйлийг олж авдаг” гэсэн уриа байлаа. Хожим 1964 онд АНУ-ын Авто ажилчдын холбоо ажлын цагаар түр амсхийх цагтай байхыг шаардан ажил хаялт зарлахдаа уг уриаг ашигласан байна.

“Марлборо эр хүн”- 1954

Ковбой эрийг дүрсэлсэн энэхүү сурталчилгааны өнгө төрх худалдан авагчдад хэрхэн нөлөөлснийг олон жилийн дараа маш нарийн судалсан байдаг. 1950 оны үед тамхины хор холбогдлын талаар шинэ шинэ баримтууд гарч ирсэн нь тамхи үйлдвэрлэгчдийн хувьд хүнд цохилт болжээ. Ингээд өмнө нь “Mild as May” буюу тавдугаар сар шиг зөөлөн гэсэн уриатайгаар зарагддаг байсан тамхийг шинэ өнгө төрөхтэйгээр гаргаж ирэх шаардлагатай тулгарав. 1954 онд “Leo Burnett Worldwide” зар сурталчилгааний агентлаг “Марлборо эр хүн” гэсэн шинэ рекламыг гаргаж ирснээр борлуулалт хоёр дахин өсчээ. Тэд Марлборогийн тусгай шүүлтүүрийн тухай тайлбарлаж, эмэгтэйчүүдэд таалагддаг эрчүүдэд зориулсан дээд зэргийн чанартай хэмээн ухуулж байв. Энэ сурталчилгааны ачаар 1955 онд борлуулалт таван тэрбум ам.доллар, 1957 онд 20 тэрбум ам.долларт хүрчээ.

“Жижиг сэтгэ”- 1959

1950 онд “Volkswagen”-ий сурталчилгааг “Жижиг сэтгэ” гэсэн хэмээн нэрлэжээ. Машины сурталчилгаанд хүүхнүүдийг голдуу тоглуулдаг уламжлалтай байсан тухайн үед ийм сурталчилгаа тун сонирхолтой өдөөн хатгалга байв. Мөн зурагт хоосон зайг чадварлагаар, өнгө алаглуулахгүйгээр гаргаж чадсан нь цоо шинэ зүйл байсан юм. Түүнчлэн бусад машин үйлдвэрлэгчид тансаг зэрэглэлийг онцолж байхад “Volkswagen” жижиг, энгийн, бат бөх гэсэн уриа гаргаж ирсэн нь хэрэглэгчдийг ихээхэн татжээ.

“Найзууд хэзээ ч нэгнийгээ согтуу үед нь жолоо бариулдаггүй” – 1983

1983 онд Олон нийтийн үйлчилгээний алба “Найзууд хэзээ ч нэгнийгээ согтуу үед нь жолоо бариулдаггүй” гэсэн уриалга гаргасан нь нэн даруй соёлын нэг хэсэг болжээ. Сонин сонсогдож болох ч тухайн үед Америкчууд хэдэн шил пиво уугаад машинаа өөрөө жолоодон гэртээ харих нь хэвийн үзэгдэл байсан аж. Харамсалтай нь зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн тал хувийг согтуу жолоочид эзэлж байв. Харин “Найзууд хэзээ ч нэгнийгээ согтуу үед нь жолоо бариулдаггүй” уриалга гарсны дараа дээрх үзүүлэлт 31 хувь болж буурчээ.

“Супер таваг” -1984

“Apple” компани 1984 онд “Macintosh” компьютерийг танилцуулахдаа зар сурталчилгаагаа “Super Bowl” хэмээн нэрлэжээ. Энэ нь Жорж Орвеллийн “1984” зохиолд гардагчлан 1984 онп хувьсгалийн гол арга хэрэгсэл нь технологи болно гэсэн үзэл баримтлалыг баталсан үйл явдал болжээ. Энэхүү сурталчилгааг алдарт найруулагч Ридли Скотт найруулсан байна. Нэгэн ижил хувцас өмссөн хүмүүс зааланд суун удирдагчийнхаа яриаг сонсож байгаагаар реклам эхэлдэг бөгөөд гэнэт улбар шар өнгийн шорт өмссөн бүсгүй гүйн ирж дэлгэцийг хагалж байгааг дүрсэлжээ. Энэ нь хувийн компьютер хэрэглэгчдэд эрх чөлөө ирсэн гэх утгыг давхар цухуйлгаж байсан бөгөөд тухайн үед тун бүтээлч сэтгэлгээ бүхий зар сурталчилгаа гэж үнэлэгджээ.

“Зүгээр л хий” – 1988

“Nike” компани 1988 онд гаргасан “Зүгээр л хий” хэмээх зар сурталчилгаандаа өдөр бүр 27 километр газар гүйдэг 80 настай Валт Стекийг харуулжээ. Энэхүү энгийн сурталчилгаа маш олон хүнд эерэг мессежийг түгээсэн байдаг. Энэхүү сурталчилгааны ачаар 1988 онд Хойд Америкийн спорт гутлын зах зээлийн 18 хувийг эзэлдэг байсан “Nike” компани 1998 он гэхэд 43 хувийг эзэлдэг алдартай брэнд болж чадсан байна.