Монголчуудын үндэсний үзэл гайхалтай сэргэсний нэгэн илрэл нь сүүлийн үед шинээр мэндэлсэн үр хүүхэддээ аль болох монгол, монголжуу нэр хайрлах болсноор харагдана. Орчин цагийн монгол хүний нэрийн бүрэлдэхүүнд хувьсал явагдаж байна ч гэж хэлж болмоор. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш монголчуудын хувьд хориотой байсан эртний түүх, шашны үнэн бодит намтар сэлт нээлттэй болсноор эртний хаад хатад, язгууртны нэрийг шинэ төрсөн хүүхэддээ өгөх хандлага илүүтэй болсон юм. Сүүлийн үед түүхэн нэр буюу утга төгөлдөр уугуул сайхан монгол нэр хэрэглэх нь хэт явцуураад цөөхөн хэдэн нэрсийн хүрээнд эргэлдэх болжээ. Сайхан монгол нэрээ хэрэглэхийг хүсэвч санаа авах гарын дор ном бүтээл, нэрийн толь ч тэр бүр алга байлаа. Хүүхдэд нэрийг нь сонгон олж өгч нэрлэх нь туйлын хариуцлагатай ажил юм. Харамсалтай нь манай эцэг эхчүүд энэ зүйлд хариуцлагатай хандаж чадахгүй байгаа нь өнөөгийн нэр сонгож байгаа сонголтоос нь харагддаг.
Хүн нэр авсан өдөр цагаасаа эхлэн хүний тоонд орж энэ хорвоод өөрийгөө тунхаглаж байна гэсэн үг юм. Үр хүүхдийнхээ насан турш нь дуудах нэрийг сонгон олж өгөх нь эцэг эхийн хувьд маш хариуцлагатай ажил билээ. Монгол хүний нэрийн сан уугуул сайхан монгол нэрээрээ баялаг байх ёстой. Нэгэнт олны дунд түүхэн, өвөг дээдсийнхээ үр хүүхэддээ өгч байсан уугуул нэрийг үр хүүхэддээ олж өгөх хандлага байгаа учраас үүнд нь тус болох, өнөөгийн нэрний сонголтыг илүү баялаг, утга төгөлдөр болгоход тус болох нэгэн бүтээл хэвлэгдэн гарчээ. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл шинжлэлийн ухааны доктор Дашдондогийн Боролзойн хэвлүүлсэн “Монгол хүний уугуул нэрийн толь” бол өөрийн нэрийн утгаа харах төдий үүрэгтэй толь биш шинээр мэндэлсэн үр хүүхэддээ жинхэнэ монгол нэрээ олж хайрлах зорилтот толь бичиг ажээ.
