Жолооны үнэмлэх захиалсан иргэдэд түр үнэмлэх олгоно
Хаясан гээсэн, хугацаа нь дууссан шалтгаанаар шинээр жолооны үнэмлэх авахаар захиалсан 8000 орчим иргэн байна. ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвөөс эдгээр иргэдэд ирэх долоо хоногоос эхлэн жолооны түр зөвшөөрөл олгохоор болжээ.
Коронавирустэй холбоотой хөл хорионы улмаас жолооны үнэмлэх хэвлэх бэлдэц нийлүүлэлт тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Учир нь жолооны үнэмлэхийн бэлдцийг тендер зарлан худалдаж авдаг байснаа больж, улмаар шууд тухайн үйлдвэрээс нь худалдан авдаг болсон. Өнгөрсөн жил нийлүүлсэн бэлдэц энэ оны 3-р сард дууссан байна.
Жилд дунджаар 200-гаас 250 мянга гаруй жолооны үнэмлэх шинээр хэвлэдэг

ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж “Бид өнгөрсөн жил худалдан авсан бэлдцээ энэ оны гуравдугаар сар хүртэл хэрэглээд дууссан. Дэлхий нийтээр коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш үйлдвэрлэгч болон захиалагч улсууд хил, гаалиа хаах гэсэн хүчин зүйлүүд тулгарсан. Тиймээс манайд энэ гуравдугаар сард нийлүүлэх байсан бэлдэц тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Жолооны үнэмлэхийн төлбөр улсын төсөвт ордог. Тиймээс Улсын төсвөөс жил бүр жолооны үнэмлэх хэвлэх бэлдцийн үнийг суулгаж өгдөг. Тухайн жилд хэвлэх жолооны үнэмлэхийн тоог санхүүгээс тооцооллоор өсгөж өгдөг. Гэвч энэ тооцоол хэд дахин нэмэгдэх хүчин зүйлүүд байна. Тухайлбал, жолооны үнэмлэхээ гээгдүүлэх, ангилал ахиулах, эрхээ хасуулах сэргээх тохиолдлууд байна. Манай төв жилдээ 200-250 мянган жолооны үнэмлэх хэвлэж байгаа. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа” гэв.

Жилд хэвлэж байгаа 250 мянга гаруй жолооны үнэмлэхийн 70 орчим мянга нь шинээр жолооч болж байгаа иргэд, 40 мянга орчим нь ангилал ахиулж байгаа, 30 мянга орчим нь эрхээ хасуулаад буцааж сэргээж байгаа иргэд байна.
Мөн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор иргэд жолоодох эрхээ хасуулсан бол сэргээх, зөрчлийн оноо нь дууссан иргэд нөхөхийн тулд сургалтад хамрагдах боломжтой болоод байна.