
Хоол болтол шийр зугаа: Малчны зээлийн түүх
Төрийн банкнаас олгож эхэлсэн жилийн 10, сарын 0,8 хувийн хүүтэй малчны зээл үр ашгаа өгөх үү? Эхний ганц долоо хоногт 1062 малчин хүсэлтээ гаргаж, 465 нь нэг тэрбум 372 сая төгрөгийн зээлээ авлаа гэж Төрийн банк мэдээлэв. Мал төллөж буй завгүй үед шинэ зээлийн мэдээ хөдөөгийн уул талаар маш түргэн тархаж, эрдэнэт сүргээ тарилга, туулганд хамруулсан, даатгалтай, данстай байх гурван үндсэн босгыг торолгүй давж байна гэсэн үг.
Мал сүргийнхээ өгөөж буяныг нь өсгөхөд зориулсан зээлийн үр дүнтэйг батлах баримт жишээ байна.1932 оны бослогын дараахь “Баяжигтун!” уриатай Шинэ эргэлтийн бодлого хэмээх өнгөрсөн зууны үүлэн чөлөөний нар шиг зурвасхан үед мөн л хүү багатай зээл олгож байжээ.Хутга тавилгүй мах идсэн, нийтийн бух мөргөсөн хувийн бухыг алж байсан хамтрал коммуны үед 25 хувиар хорогдсон мал сүрэг хоёрхон жилд дөрвөн сая шахам тоо толгойгоор өссөн байна. Ид шид нь хувийн өмчөө өсгөх, ашиг олох сонирхолд тулгуурласанд оршиж байв. Улсын банкны хорооноос малчид болоод хувийн худалдаачдад хөнгөлөлттэй зээл олгожээ. Улсын худалдааг хувийнх нь түр зуурын дулаарлын үед бут цохиж орхисон хэрэг. Сайн малчдын чуулган хийж, Х.Чойбайлсан өөрөө удирдаж байв. Үүлэн чөлөөгөөр нар гарсан тийм үе малчдад 1990 он хүртэл ахиж олдоогүй, эрдэнэт сүрэг ч нам засгийн зорьсноор өсөөгүй билээ.Хоттой хониноосоо нядалж болдоггүй нэгдлийн мал “нийгмийн хонгорууд”-аа өсгөхөд Зөвлөлтөөс авсан зээлийн ихээхэн хувийг зориулж, нам засаг худаг ус, мал эмнэлэг, өвс тэжээл, үржил селекц хариуцаж, ухуулга суртал, хатуу хууль, дүрэм тогтоож байсан ч 25 саяас даваагүй юм.
Өр, зээл хоёр өөр. Дээлийн торго, сувдан гутал, алтан ээмэг, нанжин гахай гөлөм авч гангарах зэрэгт зориулсан хэрэглээ өсч үрждэггүй, ашиг нэмдэггүй учраас өр. “Өртэй хүн өөдөлдөггүй” гэдэг нь энэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хэрэглээний биш үйлдвэрлэлийн зээл байх болно” гэж мэдэгдээд, Засгийн газрын тогтоол гаргаж, Төрийн банк жилийн 29,5 хувийн хүүтэй байсан зээлийг хоёрдугаар сарын 04-нд 18 болгож бууруулав. Малчны үйлдвэрлэл дэмжих жилийн 10 хувийн хүүтэй, өмнөхөөсөө гурав дахин бага хүүтэй зээлийг гуравдугаар сарын 15-наас олгож эхэлсэн билээ. Өр, зээл хоёр үндсээрээ ялгаатай.Гэр бүл болсоны, салсаны гэх зэрэг хуурмаг хайр, худлаа халамжаас хүний санаачилга, зүтгэлийг дэмжих зээлээс өөр. Мал сүргээ тоо толгой, яс чанараар нь өсгөж сайжруулахаар авч байгаа нь өр биш зээл. Зээлтэй хүн өөдөлсөн нь олон. “Сайн малчин” хөтөлбөрийн нэг хэсэг болж 10 хувийн хүүтэй зээл олгож буй нь хөдөлмөрийг үнэлж буй хөшүүрэг, малынхаа ашиг шимийг илүү хүртэх санаачилгыг дэмжиж буй болохоос “Муу малчин” тусламжийн, бэлгийн аян биш гэдгийг харуулж байна. 10 хувийн хүүтэй зээл хөдөө талын эздэд төдийгүй Монголд олон талын ашиг тус, ач холбогдолтой. Үүнээс үндсэн таван үр өгөөжийг нь онцлов.
1.“Мал дагавал ам тостоно” малчин өрхийн орлого өснө
Сая төгрөгийн зээлтэй малчин сардаа хүүнд нь 290 мянгыг өгдөг байснаа 80 мянгыг төлдөг болж, 210 мянгыг гэр бүлдээ үлдээх болсон учир эрэлт их байх нь гарцаагүй. Орчин үеийн дэлхийн сүүлчийн нүүдэлчдийн нэг хэсэг, Монголоороо үлдэхийн баталгаа болж, дөрвөн цагт дураар нүүж яваа 153 мянган малчин өрхийн 120 мянга нь буюу 80 хувь нь 222,7 тэрбумын гурав дахин их хүүтэй зээлтэй байжээ. Мал сүргийн тоо толгой 56 сая болж, бэлчээрийн даац хэтэртэл өссөн ч түүхий эд нийлүүлэхээс хэтрэхгүй бол өрөм тос, өгөөж буян нь зузаарахгүй. 153 мянган өрхийн 300 орчим мянган малчин монгол халуунд халж, хүйтэнд хөрдөг хүнд хөдөлмөрийн үр дүнд жилдээ 310 сая ам.доллар орж ирж байна.Зээлээ дээлийн өнгөнд биш худаг ус гаргах, тоног төхөөрөмж авах зэрэгт зориулна. Орлого нь өсч байвал хотод суухгүй, хөдөөдөөд нүүнэ.
2.“Таван эрдэнэ” болж мал эрүүлжинэ
Жилийн 10, сарын 0,8 хувийн хүүтэй, тав хүртэлх сая төгрөгийн зээл авахын үндсэн босго, гол болзлын нэг нь мал сүргээ эрүүл гэдгийг нотлох, тарилга, туулгад хамруулсан байх. “Таван эрдэнэ” гэж зүгээр ч нэг дуулдаггүй. Эрдэнэ мөн аваас эрүүл байх ёстой. Экспортод гаргаж, долларын орлого садаа болдог тээг нь Монголын мал сүрэг эрүүл эсэх тухай эргэлзээ. Хүн амын хүнсний аюулгүй байдалд ч хоосон уриалга бус бага төлөх, их олох ашиг сонирхол, цүнх түрийвчтэй нь шууд нь уялдаатай бодит үр дүнтэй. Мах, сүү, өндөг гурав бол амьд хүнс.Үүний хоёр нь малчны хотноос эхтэй.Гутал хийх үхрийн арьс Монголоос доллараар бага сага авч эхэлсэн итали хүн “Шир нь нүх багатай бол илүү үнэ хүрнэ” гэж хэлж байна. Эцсийн дүндээ хүү багатай зээл авахын тулд малаа эрүүл байлгах нөхцөл болзол тавьж буй нь мал сүргээ жинхэнэ ёсоор “Таван эрдэнэ” болгох амьдралд ойр, малчны хотонд хүрсэн ажил.
3. Далд биш ил эдийн засаг, сүүдрээс наранд
“Капиталын нууц” номын зохиогч Эрнандо Дө Сото Монголд ирж лекцээ уншиж, бүтээлийг нь чамгүй хэлэлцэж байсан боловч хөрөнгө, орлого бүртгэгдэх, тэр тусмаа дэлхийн жишгээр бүртгэлтэй байхын ид шидийг тэр бүр хэрэглэхгүй байна.Орон сууцны зээл цалин, орлогыг бүртгэж, хүмүүс ажил, ашгийн төлөө завгүй зүтгэхдээ гурван үеийн намтар гэхээсээ өөрийн амжилтын түүхийг өдөр бүр бүтээхийн утга учир амьдралд түгж эхэлсэн. Далд эдийн засаг ил болох, сүүдрээс наранд гарах орчин хөдөөгийн уул талаар зах зээлийн соёлын үрийг тарих өгөөж тустай. Өмнөхөөсөө гурав дахин бага, жилийн 10 хувийн хүүтэй зээл авахын тулд малчин дансаа ашигладаг, даатгалд хамрагдсан байх болзол нөхцөлтэй. Байгаль дэлхийгээ аргадах, даллага, тарниас гадна амьдрал баян, асуудал олон, сайнтай муутай учир дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үед даатгал муу ёр бус аминд орох эд гэдэг шинэ хандлага хөдөөд улам дэлгэрнэ.Арван хувийн хүүтэй зээл авах тулгуур гурван болзлын хоёр нь данс, даатгал.
4.Монголоороо үлдэнэ
Монголоороо үлдэхсэн гэж санаашрах, Монголоороо байгаасай гэж фэйсбүүкдэх нэг хэрэг.Монголоороо үлдэхийн үндсэн баталгаа нь дэлхийн сүүлчийн нүүдэлчдийн нэг хэсэг болсон монгол малчид. Гэрээ барих, гүүгээ саах, унагаа тамгалах, эсгий хийх зэрэг нүүдлийн ахуйн ба оюуны өв соёлыг өвөг дээдсээс өвлөн тээн яваа 153 мянган малчин өрх. Амьдрахын эрхэнд дээлээ тайлж, мориноосоо бууж, хот руу нүүх бүрт монгол гэрийн буйр үлдэж, ёс заншил гээгдсээр байна. Хот руу нүүхгүйгээр хөдөө тал, хангай, говьдоо өв соёлоо тээн, дөрвөн цагийн турш дураар нүүн аж төрөхөд нь аманд ч үгүй, хамарт ч үгүй тусламж биш өөрөө өсгөж үржүүлж, үр шимийг нь хүртэх мөнгө, санхүүгийн хөшүүрэг хэрэгтэй. Үндсэн хуульд "Мал төрийн хамгаалалтанд байна" гэж заасан ч эзэнгүй сүрэг өсөхгүй.
5. Хот руу чиглэсэн их нүүдэл саарна
Жилд 30 мянгаараа хот суурин руу амин зуулгын эрхээр нүүж, сургууль, цэцэрлэг, зам, ус, цахилгааны түгжрэл, бөөгнөрлийг нэмж, уушиг цээжийг утах яндангийн тоо үрждэг. Сумын сургууль сурагчгүй хоосон, хотын сургууль танхимдаа баггтахгүй болсоор буй. Амьдрах газраа сонгох нь хүний эрх. Хүчээр хориглолт босгохыг Үндсэн хууль, үндсэн эрхүүдээр хориглодог. Хот, хөдөөгийн ялгааг арилгах гэдэг нь үзэгчгүй театр, сурагчгүй сургууль барих эдийн засгийн утгагүй төлөвлөө биш юм. Малаа хариулаад, илүү сайхан эрх чөлөөтэй аж төрж болж байвал хотод ирж шавах шаардлага, хэрэгцээ багасна. Малчны 10 хувийн зээлийн маш чухал үр өгөөж нь үүнд оршиж байна. Нэг хүнд ноогдох газар нутгаар дэлхийд тэргүүлдэг ч нийт газар нутгийнхаа 0,3 хувь болсон Улаанбаатар хот, Алтан тэвшийн хэмээх ганцхан хөндийд хүн амынх нь тал нь шавна гэдэг бол үндэсний аюултай байдал. Баруун, зүүн хаяа, үүд, хоймор нь эзгүйрч байна. Агаарын бохирдол, утаа тортогийн уг шалтгаан нь яндан зуух биш. Хөгжилтэй орнууд нийслэлдээ илүү, хөдөөдөө бага татвар тогтоосон нь бодит үр дүнгээ өгдөг.
“Хоолны дараах хийцтэй цай” буюу хавсралт
Зөвлөлтөөс авсан 11.7 тэрбум шилжих рублийн их өрийн ихээхэн хувийг худаг ус гаргах, хашаа хороо барихад зориулж, сахалтай Сталин тоо толгойг нь 200 саяд хүргэхийг тушааж, сахалгүй “Дуламсүрэнгүүд”, нам засаг үржил селекц хариуцаж байсан боловч 25 саяас давж өсөөгүй. Зарим тоо баримтаар 1990 онд мал сүргийн тоо толгой ердөө 17 сая орчим байсан ажээ. Уг шалтгаан, учир жанцан нь дэндүү энгийн, гэнэн тэнэг гэмээр. Гадаах сүргээсээ ганцыг төхөөрч амаржсан эхнэртээ шөл уулгах эрх байхгүй, нэгдлийн даргаас гарын үсэг царайчилдаг, өөрийнх нь мал биш нийгмийн хонгор байснаас болсон хэрэг. Ерээд оноос хойш хамтралын бухнаас хувийн бухаа илүү маллаж 56 саяд хүрсэн нь түүхэн дээд рекорд болов. Өөрийн юм өөр байдаг нууц биш нууцын үр дүн. Монголын буянт сүргийн тоо толгой нь суга өссөн ч үр ашиг, өөх тос нь малаа дагасан малчдынхаа ч амыг сайн тосдохгүй, махыг нь идсэн хотынхондоо ч магнаг болсон хэвээр байна. Тоо толгой хөөцөлдсөнөөр бэлчээрийн даац хэтрэв. Үндсэн хуулиар мал төрийн хамгаалалтанд үлдсэн, малчин нь өөрийгөө хамгаалж хоцорсон, түүхий эд бэлтгэх, нийлүүлэх тогтолцоог ченжүүдэд даатган орхисон. Бөмбөрцгийн бүх түүхий ноолуурын гуравны нэг нь монгол ямааных боловч дэлхийн зах зээлийн гурван хувийг нь ч эзэлж чадахгүй байгаа нь эрдэнэт сүргийнхээ өгөөж буяныг аманд ч үгүй, хамарт ч үгүй юм болгож буйг илтгэсэн нэг үзүүлэлт. Монгол морьтойгоо, малтайгаа, өөрийнхөөрөө үлдэж, эрдэнэт сүргийнхээ ашиг шим, яс чанарыг нэмж, эдийн засаг нь ч уул ухаж, усаар угаах уурхайгаас дан хамаарах бус хөтөлгөө морьтой болоход хөдөлж эхэлсэн хөшүүрэг, шинэ эхлэл нь малчдын үйлдвэрлэлийг дэмжих зээл.Лондонгийн бирж дээр зэс, нүүрс, алтны үнэ их байгаасай гэж залбирч, унавал бүгд унадаг ганц морьтой эдийн засгаас ухаад дуусдаггүй, өсч үрждэг, өвөг дээдсээс өвлөсөн малын буянаа үнэтэй цэнтэй болгох олон морьтой эдийн засаг ч хэрэгтэй байна.Гүү унагалдгаараа унагалж, гарсан ихэсийг нь япон хүүхнүүд нүүрэндээ түрхэх оо энгэсэгт ашиглаж эхэлсэн төсөл, үйлдвэр бүр олон болвол Монголоороо байна.
Гэхдээ өр биш зээл. Мал, хил, хэл гуравтай байхад Монгол баян.
Г.Балсан