Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хянан хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулжээ. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл ирүүлсэн байна. ҮХЦ мэдээллийг нягталж, маргаан үүсгэх боломжтой гэж үзжээ.
Уг маргааныг хянан хэлэлцэх ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан дөрөвдүгээр сарын 29-нд болно.