Солонгос киноны тэсрэлт

“Шимэгч”-ийн амжилт юуг өгүүлнэ вэ?

Америкийн кино Академийн шагнал “Оскар”-ыг гардуулах 92 дахь удаагийн ёслолын тайзнаа солонгос найруулагч Бон Жүн-О од болон гялалзсан. Яг л хоёр жилийн өмнө Мексикийн найруулагч Гильермо Дел Торо бээр Кодак театрыг доргиож байсныг санагдуулам үйл явдал тэр үдэш өрнөв.

Найруулагч Бон Жүн-Огийн найруулсан “Шимэгч” кино Оскарын дөрвөн номинацид ялалт байгуулахдаа Гадаад хэл дээрх шилдэг кино, Шилдэг кино зохиол, Шилдэг найруулагч, Шилдэг кино гэсэн хамгийн гол дөрвөн шагналыг хамсан нь дэлхийн нийтийн чихийг дэлдийлгэсэн юм. Англи хэл дээр бүтээгдээгүй кино анх удаа Оскарын шилдгийн шилдгээр тодорсныг шүүмжлэх нэгэн байхад дэлхийн кино урлаг, интертайнментийн төв болсон Холливүүд даяаршсан дээрээ даяаршиж буйн илрэл гэж мэтгэж буй нь ч бас байна.

Ямартай ч киноны олон зуун мэргэжилтнүүдийн хамтын саналаар тодруулдаг Академийн шагналыг зүгээр л манайхан шиг тал тохой татаад олгочихдог шагналтайгаа харьцуулж болохгүй нь ойлгомжтой.

“Шимэгч” киног энэ жил зөвхөн Америкт ч бус Атлантын далайн чанадад ч шилдгээр өргөмжилсөн. Өрнө дахины хамгийн нэр хүндтэй, дээд зэрэглэлийн кино наадмуудын нэг Каннын кино наадмын Алтан дал модны мөчир ч мөн “Шимэгч”-ийн мэдэлд очсон. Алтан бөмбөрцөг болон БАФТА ч мөн гадаад хэл дээрх шилдэг киногоор “Шимэгч”- ийг нэрлэжээ. Ашиг орлого нь ч арав илүү нугарч 11 сая доллараар бүтсэн энэ төсөл дэлхий дахинаас 177 сая доллар аль хэдийнэ “шимэгчилжээ”.

“Шимэгч”-ийн энэ амжилт дорнын кино урлагийг өрнө дахин хүлээн зөвшөөрсний илрэл гээд хэлчихэд буруудахгүй. Хэтээсээ кино урлагийн технологиос эхлээд үйлдвэрлэлд ноёлсоор ирсэн өрнийн ертөнц, ялангуяа Холливүүдэд хүлээн зөвшөөрөгдөх нь дорнын киночдод чухал шалгуур байсаар ирсэн нь үнэн.

Гэхдээ “Шимэгч”-ийг урьд хожид байгаагүй гайхамшиг мэтээр ойлгож, хүлээн авах нь дорнын кино урлагийн зуун жилийн баялаг түүхийг доромжилсон хэрэг болно. Японы Акира Курасова, Хятадын Жан Имоу, Тайваний Ан Ли гэх мэтийн дорнын арслангууд ч Холливүүдийг тойроогүй.

Дорнын кино урлаг өрнийн кино урлагийн адил өөрийн гэсэн олон талт өнгө аястай, тэр нь дорнын олон улс үндэстний сэтгэлгээ, соёлын онцлогийг тусгасан баялаг өвтэй билээ.

Тэгэхээр юун түрүүн 100 жилийн түүхтэй дорнын кино урлагийн шүр сувднуудаас цухасхан түүе.

Зургаан үеийг туулсан Хятадын кино урлаг

Азийн кино урлаг тэр дундаа артхаус киноны ертөнцөд Хятадын орчин үеийн кинонууд өөрийн гэсэн хэв шинж, дүр төрхөөрөө дэлхийд танигдаад даруй нэгэн жарныг үдсэн. Хятадын кино урлагаас Тайвань, Хонконгийн кино урлаг бие даан хөгжсөн бөгөөд уг хоёр соёлын томоохон төвөөс олон чадварлаг найруулагчид дэлхийд гарчээ.

Хятадын кино урлаг “сүүдэр ший” -нээс гаралтай. Анх “Дин Жун Сан” хэмээх ардын зохиолоор анхны бүрэн хэмжээний сүүдэр ший (кино) бүтээсэн. Анхны дуутай кино нь 1931 онд хийгдсэн “Sing song girl red peony” кино билээ. Энэ үеэс хойш (1930-аад он) Хятад улсын кино эрчимтэйгээр хөгжиж Шанхай болон Бээжинд кино үйлдвэр тус тус баригдаж, кино урлаг хөгжиж, төлөвшихөд багагүй хувь нэмэр оруулсан юм. Энэ хэр Хятадын кино урлаг Шанхайд төвлөрч байсан ч 1937 онд Япон улс Шанхай хот руу довтолсноор кино найруулагч, уран бүтээлчид Хонконг, Тайвань руу дүрвэхээс аргагүй болсон байна. Япончууд Шанхайг эзэлснээр кино студиудыг хүртэл өөрийн мэдэлдээ оруулж, суртал ухуулгын кино хийж байв.

Кино судлаачид хятадын кино урлагийг зургаан үед хуваан үздэг. Эхэн үе буюу Шанхайд төвлөрсөн үе (1896-1945 он), хоёр дахь үе буюу (1940-өөд оны үе), Коммунист үзэл суртлын үе (1950-1960 он), Соёлын хувьсгалын үе (1960- 1980 он), Өсөн дэвжсэн тав дахь үе (1980- 1990 он), зургаа дахь үе (1990 оноос өнөөдрийг хүртэл) хэмээн хувааж үздэг.

Дэлхий дахинаа хамгийн алдаршсан хятад найруулагч Жан Имоу Хятадын кино урлагийн тавдугаар үеийн гол төлөөлөгчид тооцогдоно. Тэрээр анхны бүтээл “Улаан тутарга” (1987) киноноосоо эхлээд л өөрийн давтагдашгүй арга барилаа тунхаглаж, үндэстэндээ хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй Берлиний кино наадмын Алтан баавгай шагналыг хүртэж дэлхийд цолгорсон хүн.

Алдарт кино шүүмжлэгч Рожер Эберт Жан Имоугийн “Улаан дэнлүүг асаа” (1992) киноны тухайд “Үзэсгэлэнт агаад хүчирхэг биеийн хэлэмж хийгээд өнгөний тансаг хослол” хэмээн үнэлсэн нь бий.

Энэ кино тэр жилээ Оскарын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд тунаж үлдсэн юм. Үүнээс цааш Жан Имоугийн хятад үндэстний эртний соёл, угсаатны зүйн онцлог тулгуурласан түүхэн өгүүлэмж, драмын хурц шийдлүүдийг хослуулсан бүтээлүүд нь хөвөрч эхэлнэ. “Амьдрахуй” (1994), “Шанхай Триад” (1995), “Гэртээ харих зам” (1999), “Hero” (2002) зэрэг бүтээлүүдээрээ Жан Имоу үндэстний кино урлагаа нэг шат ахиулаад зогсохгүй, дэлхийн бүх л нэр хүндтэй кино наадмуудын шагналуудыг түүж, олон улсад хүлээн зөвшөөрөгджээ.

Кино урлагийн тусгаар тогтнол: Хонконг ба Тайвань

Хонконгийн 1909 онд гарсан хэд хэдэн богино инээдмийн киног дуурийн хэсгээс сэдэвлэн бүтээж байв. Хонконгийн кино урлагийн эхлэлийг найруулагч, жүжигчин Лиа Шаобо тавьсан гэж үздэг. Гэхдээ дэлхийд гарсан киночид нь ХХ зууны сүүл үед хамаарна. Ер нь дорно дахинд кино урлаг өрнө дахины адил ХХ зуунтай зэрэгцэн үүсэж, хөгжиж ирсэн түүхтэй ч 1990-ээд оноос хойш энэ тивд өрнөсөн ардчилсан өөрчлөлтүүд Азийн артхаус кино урлаг олон улсад гарах, өрнийн киночид өөрөөр үнэлэх, харах боломж олгосон гэж хэлж болно. Аливаа улс орны кино урлаг хөгжиж, дэлхийд өрсөлдөхүйц болох тусам олон улс сонирхон судлах, хөгжлийн жимийг нь тодорхойлох зэргээр анхаарлаа хандуулж эхэлдэг.

1980-1990-ээд онд Хонконгийн кино өөрийн өнгө төрхөө олж, жанр, жүжиглэлт, найруулга, хэлбэр хийц, агуулгаараа ялгарч эхэлсэн юм. Иймд ч 1980 оноос Хонконгийн кино урлагийн шинэ үе эхэлсэн гэж үздэг. Энэ үеийн төлөөлөгчид болох Стэнли Кван, Мабэл Чэунг, Алекс Лав, Фрут Чан, Питэр Чан, Тамми Чэунг зэрэг найруулагчдаас алдарт найруулагч Вон Кар Вай энэ үед хамаарна. Вон Кар Вайн хүнд, нүсэр драм багатай ч хүний сэтгэлзүйн зөрчлийг харилцан яриа, хөгжимт зураглал, баялаг зохиолд тулгуурлан гаргаж ирдэг өвөрмөц арга барилаар нь бүтсэн “Зоргоор өдрүүд” (1990), “Чунчин экспресс” (1994), “Сахиусан тэнгэрүүдийн уналт” (1995), “Хамтдаа жаргалтай” (1997), “Хайрын сэтгэл” (2000) зэрэг кинонууд нь дэлхийд дахинд ихээхэн алдартай. “Хайрын сэтгэл” киног нь шүүмжлэгчид XXI зуун гарснаас хойш бүтээгдсэн шилдэг киноны жагсаалтад ямагт эхний гуравт нэрлэх нь бий.

Хятад хэлт киноны өөр нэг төв болох

Тайваниас орчин үед тодрон гарсан найруулагчдаас хамгийн алдартай, хамгийн коммершл, Холливүүдэд хамгийн өндөр амжилт олсон нь найруулагч Ан Ли. Дэлхий дахин түүнийг Холливүүдтэй хамтарсан “Бөгтөр уул”, “Пи-гийн амьдрал” кинонуудаар нь сайн мэднэ. Ан Ли “Pushing Hands” (1991), “The Wedding Banquet” (1993), “Eat Drink Man Woman” (1994), “Ride with the Devil” (1999), “Lust, Caution” (2007) зэрэг харилцааны, сэтгэлзүйн, адал явдалт зэрэг асар олон киног бүтээсэн найруулагч. Шинэ зууны эхэнд Ан Лигийн бүтээсэн “Нуугдсан бар, гэтсэн луу” кино болон Жан Имоугийн бүтээсэн “Баатар” кинонуудыг эх газрын Хятад болоод Арлын Тайваний хоорондох улс төрийн тэмцлийн тусгал болсон гэж үзэх шүүмжлэгчид бий. Нуугдсан бар Тайвань, гэтсэн луу нь эх газрын Хятадыг бэлгэдэж буй бол Жан Имоугийн Баатар киноны бэлгэдэл нь “Нэг Хятад”-ын үзэл санааг тунхагласныг ойлгож ядах юмгүй. Аль аль нь л дэлхийг шуугиулсан нүсэр төслүүд.

Ан Лигээс гадна Тайвань гаралтай Хоу Сяосянь, Эдвард Янг тэргүүтэй Азийн арт хаус киноны гарамгай зүтгэлтнүүдийг бүтээлүүдийг үзээгүй бол өөрийгөө кино мэддэг хүнд тооцоод хэрэггүй л болов уу.

Сонгодог арга барилаа алдаагүй орчин цагийн Японы кино урлаг

XIX зууны сүүлч XX зууны эхэн үеэс хөгжиж, хүчээ авч эхэлсэн Японы кино урлаг 100 гаруй жилийн түүхтэй. Өрнө дахинд дорнын киночдоос хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид нь япончууд байв. Нэгэн жарны өмнө дэлхийд гайхагдан гарч ирсэн агуу найруулагчид болох Акира Күросава, Ясүжиро Озү, Кенжи Мизогучи нар эдүгээ нэгэнт сонгодогт тооцогдох болжээ. Найруулагч Ясүжиро Озү хувьд “The Only Son” (1936), “Tokyo Story” (1953), “Late Autumn” (1960), “The End of Summer” (1961) зэрэг орчин цагийн нийгэм, ахуй амьдралыг энгийн, уран хүүрнэсэн кинонуудаараа онцлог. Японы орчин үеийн нийгмийн амьдралыг өөрийн онцлог арга барил дээр үндэслэсэн кино хэлээрээ дэлгэцнээ амилуулдаг Ясүжиро Озу Япон төдийгүй дэлхийн түүхэнд гарсан хамгийн өвөрмөц найруулагчид тооцогдоно. Түүнтэй нэгэн үеийн суутан Акира Күросава анх “Rashomon” киногоо хийснээр Вeнецийн кино наадмаас “Алтан арслан” шагнал хүртэж дэлхийд танигдаж эхэлсэн. “Stray Dog” (1949), “The Idiot” (1951), “Seven Samurai” (1954), “Dreams” (1975), “Dersu Uzala” (1975), “Ran” (1985) зэрэг бүтээлүүд олон улсад өндрөөр үнэлэгддэг. Нэг харахад Акира Күросава Японы соёлыг өрнийн сэтгэлгээгээр илэрхийлсэн мэт (Рашомон) нөгөө харахад өрнийн киноны арга барилыг японжуулсан ч юм шиг (Цуст сэнтий) бүтээлүүд нь эцсийн эцэст хүний сэтгэхүйг кино хэлээр хүүрнэх баялаг эрэл хайгуул байдаг.

Сонгодог хийцтэй Акирагийн кино дорнын кино урлагийг өрнө дахинд анхлан хүлээн зөвшөөрүүлсэн юм.

Японы кино бүтээгчдийн цэвэр үндэстний сэтгэлгээний сүүдрээ сонгодог арга барилаар илэрхийлдэг онцлог нь орчин цагийн кино урлагт ч тусгалаа олсоор байна. 1950, 1960, 1970 он зэрэг үечлэлээр хувьсан өөрчлөгдөж ирсэн Японы кино урлагийн онцлог нийгмийн сэдвийг энгийн уран сайхнаар тултал нь илэрхийлдэг явдал юм. Азийн бусад орнуудыг бодвол баруунд хамаагүй эрт танигдаж, хөлөө олсон нь Японы кино урлаг. Сүүлийн арван жилд тэсрэлт багатай байсан ч 2018 онд найруулагч Хироказү Корэ-Эда “Дэлгүүрийн хулгайчид” киногоороо Каннын кино наадмаас тэргүүн шагналыг хүртэж өөрсдийгөө дахин нэг тунхаглаад амжсан билээ.

Энэтхэгийн толь: Сатьяжит Рай

Энэтхэгийн алдарт кино найруулагч Сатьяжит Рай бол үндэстнийхээ орчин үеийн кино урлагийн хамгийн тод төлөөлөгч юм. Түүний “Апугийн гурвал” хэмээх (1956-1959) трилоги нь хамгийн оргил бүтээл нь гэгддэг. Тус трилогит энэтхэг ард түмний амьдрал, хувь хүний өсөлт, уналт зэргийг энгийн хийгээд хар цагаан хальснаа энгийн зохиомжтой хэрнээ асар найраглаг хэлбээр илэрхийлжээ.

Өрнө, дорнын сэтгэлгээний эх ундарга болсон Энэтхэг үндэстний эгэл даруу ахуйн цаадах амьдралын аар саараас ангижирсан бясалгагч өнгө аяс Сатьяжит Райн киноноос нэвт мэдрэгддэг.

Мэдээж хэрэг жилдээ 2000 гаруй кино дэлгэцнээ цацагддаг Болливүүдийн кино зах зээлийг ярьвал дуусашгүй яриа болно.

Исламын суутан: Аббас Киорастами

Ираны кино найруулагч Аббас Киорастами хийгээд түүний “Koker tril­ogy” (1987-1994), “Close-Up” (1990), “The Wind Will Carry Us” (1999) зэрэг бүтээлүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй. ХХ зууны хагасаас Ираны кино урлаг өөр уур амьсгалтай болж ирсэн нь түүний кинонуудтай нягт уялдаа холбоотой байдаг. Дорно дахинд өрнөсөн орчин үеийн кино урлагийн өөрчлөлт Аббас Киорастами зэрэг сайн найруулагчдыг төрүүлэх шалтгаан болж байв.

Маш энгийн зохиолтой хэрнээ нийгэм, шашны гүнзгий зөрчлийг тусган харуулж чаддаг орчин цагийн тэргүүн найруулагчдын нэг Асгар Фархадиг энд дурдахгүй бол алдас болно. Түүний “Салалт” кино 2011 онд, Артур Миллерийн алдарт “Үүргийн худалддаачны үхэл” жүжгээс сэдэвлэсэн “Худалдаачин” кино нь 2016 онд Оскарын кино наадмын гадаад хэл дээр шилдэг киногоор шалгарч байлаа.

Солонгос киночдын нэгэн жарны тэмцэл

Солонгосын кино урлаг дэлхийн түвшинд хүрэхийн тулд нэгэн жарны тэмцэл хийсэн юм. Үүнд дотоод гадаадын олон хүчин зүйл нөлөөлжээ.

1903 оноос эхлэн Солонгост улс төрийн нөхцөл хүндэрч 1910 онд Японы колони улс болов. Улсынхаа тусгаар тогтнолыг алдсан Солонгос үндэстэн Солонгос үндэстэн дэлхийн II дайны дараа л Японы дарлалаас бүрэн чөлөөлөгдөж, засгийн эрхээ олж авчээ. Энэ хооронд Солонгос иргэдийн дунд колоничлолын эсрэг үзэл суртлыг өдөөх кинонууд гарахаас сэргийлж Японы Засгийн газар хүчтэй бодлого барьж, кино уран бүтээлчдийн бүтээн туурвих эрхийг боогдуулж байлаа. Үүний дараа 1945-1943 оны хооронд АНУ- ийн цэргийн чөлөөлөлтийн үеэр кино урлагаар дамжуулан өөрсдийн үндэсний үзэл суртлыг илэрхийлэх боломж бүрдэж эхэлсэн нь Солонгосын кино урлагийн эхэн үе. 1946 онд найруулагч Чой Ин- Гюгийн бүтээсэн “Эрх чөлөө мандтугай!” кино энэ үеийн гол өвд тооцогддог.

1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайны дараа Америк, Оросын улс төр, цэргийн бодлогоос коммунист Хойд Солонгос, капиталист Өмнөд Солонгос гэж нийгмийн үзэл суртлын хоёр хилд хуваагдав. Чухам үүний үр дүнд Өмнөд Солонгосын кино үйлдвэрлэлд Засгийн газар хүч хаях болсон гэж үздэг. Солонгос улс хоёр хуваагдсаны дараа улс төрийн зорилгоор Өмнөд Солонгос кино урлагтаа янз бүрийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн тухай баримт сэлт ч цөөнгүй байдаг. Солонгосчууд энэ кино үеэ киноны түүхийн Алтан үе гэж үздэг. Алтан үеийн төгсгөл буюу 1970-аад онд жилд 200 гаруй кино дэлгэцнээ гарч, 30 сая гаруй ард түмэн нь 170 сая билет худалдан авч байсан гэхээр кино урлаг хэрхэн хөгжсөн нь илт. Энэ үеийн киноноос найруулагч Шин Сан-Огийн “My Mother and the Roomer” (1962), “The Dumb Samyong” (1964), “Rice” (1966) зэрэг кинонууд сонгодогт тооцогдоно.

Найруулагч Кан Дай Жиний “Дасгалжуулагч” (1961) бүтээл Берлиний кино наадмаас Мөнгөн баавгай шагнал хүртсэн олон улсын анхны томоохон амжилт нь аж.

1970-аад оноос эхлэн Генерал Пак Жөн-Хигийн засаглал тогтсоноор Солонгосын киноны “Цензур хийгээд суртал нэвтрүүлэг”-ийн үе (1973-1979) эхэлнэ. Үндэстний үйлдвэрлэл, нийгмийг богино хугацаанд сэргээн босгох цогц төлөвлөгөөний төлөө нийгмээр зүтгэх ёстой гэсэн үзэл санаа хүчтэй байсан энэ үед кино уран бүтээлчдэд үзэл суртлын дуу хоолой болох шахалт тулгарчээ.

Цензүрийн үеийн дараагаас Солонгосын кино урлаг жинхэнэ утгаараа цэцэглэж эхэлснийг түүхэндээ “Сэргэлт” (1980-1996) хэмээн тэмдэглэжээ.

1984 онд Киноны хууль нь шинэчлэгдэж индепендэнт кино бүтээгчдийн өмнө шинэ боломж нээгдэв. Энэ үеэс Солонгос кинонууд олон улсын “B” зэрэглэлийн кино наадмуудад амжилт үзүүлж, мэйнстрийм, арилжааны киноны зах зээл нь тэлж эхэлсэн нь манай өнөө цагийн кино урлагийг санагдуулам. Чингэхдээ Холливүүдийн кино үйлдвэрлэлийн системээс суралцахын хамт индепедент чиглэлд эрэл хайгуул хийсэн байна. Өмнөд Солонгос улс ардчилсан тогтолцоот орон болсон 1990 оноос артхаус кино урлаг нь маш эрчимтэйгээр хөгжиж эхэлсэн юм. Зөөлөн хүчний бодлогоор үндэстний онцлогийг шингээсэн кино урлагийг бүтээхийг зорих болжээ. Төр засаг ч Үндэсний кино урлагаа дэмжиж кино театрууд жилд дор хаяж 146 өдрийг Үндэсний кинондоо зориулах квот тогтоожээ.

Солонгосын кино урлагийн сэргэн мандалт: Домог болсон “н+эрс”

1997 оны Азийн санхүүгийн хямралаар Солонгосын кино урлаг сохорсон биш завшив. Хямралын дараа үндэсний хэмжээний корпорациуд кино зах зээлд бодит хөрөнгө оруулалт хийх эрмэлзлэл нэмэгдсэн учраас “Шинэ Солонгос кино” буюу блокбастерууд мэндэлж, киноны бүтээлч үйлдвэрлэл дэлхийн түвшинд хүрчээ.

Энэ үед Солонгосын Арт хаус кино дэлхийн үзэгдэл болсон. Энэ чиглэлд томоохон үүрэг гүйцэтгэсэн найруулагч Ким Ки Дукийн “Арал” (2000), “Муу залуу” (2001), “Хавар, Зун, Намар, Өвөл... Ахиад хавар” (2003) зэрэг бүтээлүүд, найруулагч Пак Чан Вукийн “Өш хонзонгийн гурвал” гэх мэт олон арван индепендент, артхаус бүтээлүүд дуу дуугаа авалцан төрсөн.

2003 онд Пак Чан Вукийн “Oldboy” кино Каннийн кино наадмын Алтан дал модны мөчрийг хүртсэн нь солонгосын артхаусыг мэргэжил нэгтнүүд нь хүлээн зөвшөөрсөн хэрэг байв.

Харин 2010-аад оны үеэс Солонгосын арт хаус найруулагчид дэлхийн зартай том нэрс болсон. Ким Ким Дук урт хугацааны завсарлагаасаа эргэн ирж “Pietà” (2012), “Moebius” (2013) кинонуудаа бүтээн Венецийн кино наадмын Алтан арсланг авлаа. Найруулагч И Чан Дон “Poetry” (2010), “Burning” (2018-Том жижиг 30 гаруй кино наадмын шагналт), Хан Хун- Жин “The Wailing” (2016) зэрэг дэлхийг шуугиулсан кинонууд бүтээв.

Глобал найруулагч: Бон Жүн-О

1962 оноос хойш Өмнөд Солонгос кинонууд өрсөлдөхөөр Оскарт нэрээ өгч байсан ч 2018 онд “Burning”, 2019 онд “Parasite” л богино жагсаалтад шалгарчээ. Солонгосын индепедент найруулагчдаас Холливүүдэд хамгийн нөлөө бүхий нь “Parasite” киноны найруулагч Бон Жүн-О.

Өдгөө 50 настай найруулагч маань 2003 онд “Memories of Murder” нэртэй анхны киногоо найруулсан. Өмнөд Солонгост хамгийн их дуулиан тарьсан, цуврал аллагын гэмт хэргийн тухай өгүүлэх тус кино найруулагчид солонгос артхаус кинонд өөрийн өнгө төрхийг бүтээх орон зайг гаргаж өгсөн. Бон Жүн-О нийтдээ “Barking Dogs Never Bite” (2000), “Memories of Murder” (2003), “Antarc­tic Journal” (2005), “The Host” (2006), “Mother” (2009), “Snowpiercer” (2013), “Sea Fog” (2014), “Okja” (2017), “Para­site” (2019) гэсэн есөн киноны зохиолыг нь өөрөө бичиж, найруулсан байдаг. Түүний бүтээсэн кинонууд бүгд их, бага хэмжээгээр амжилтад хүрсэн.

Бон Жүн-О найруулагчийн бүтээлүүд ихэвчлэн хоёрдмол утга санааг илэрхийлдэг. Нэгдүгээрт ямар нэгэн учир билүүлэг үйл явдал хийгээд санаанд оромгүй тайлал, хоёрдугаарт нь зохиомол болон бодит амьтнаар төлөөлүүлж хүмүүний амьдрал, нийгмийн асуудлыг илэрхийлэх.

Цэвэр үндэстний хэв шинжийг агуулсан бүтээлээр нь “Memories of Murder, 2003”, “Mother, 2009” зэргийг нэрлэж болно.

Бон Жүн-О найруулагчийг коммершл, арт хоёр төрлийг хамгийн амжилттай уялдуулсан найруулагч гэдэг. Түүний Холливүүдэд хийсэн “Snowpiercer, 2013”, “Okja, 2017” зэрэг бүтээлүүд үүнийг нь баталдаг. Бон Жүн-О бол цаг үеэ мэдэрч тун гярхай мэдэрч чадсан найруулагч.

Энэ талаас нь аваад үзвэл солонгос кино Оскар хүртсэн явдал бол гайхамшиг биш юм. Өмнөд Солонгосын кино урлаг Холливүүдэд нэг удаа тэргүүлсэн л үйл явдал. Хамгийн гол нь Өмнөд Солонгосын кино урлагийн студийн тогтолцоо, формат, зах зээл зэргийг олон улсын кино наадмууд болон мөн Холливүүд хүлээн зөвшөөрсөн явдал юм.

Өмнөх нэгэн жарны туршлага дээр суурилан гадаад ертөнц рүү хамгийн амжилттай нэвтэрч чадсан нь Бон Жүн-О найруулагчийн Оскар хүртсэн шалтгаан. Мэдээж цэвэр уран бүтээлийн тухайд бүхэлд нь авч үзвэл өөлөх зүйл тун бага. Тэр нь ч ойлгомжтой. Харин энэ тохиолдолд ойлгомжгүй зүйлсийн талаар бичих нь чухал юм.

Солонгосчуудаас суралцах нь...

Кино урлаг ерөөс урлаг ч гэлтгүй бүхий л салбарт эхлээд үндэстэндээ хүлээн зөвшөөрөгдөх нь хамгийн том шалгуур юм. Энэ шалгуур л цаашид туулах замын эхлэл бас тал нь гэсэн үг. Манайхаас бусад хэв шинжээ олчихсон улсын кино урлаг эхлээд үндэстэндээ хүлээн зөвшөөрөгдсөн байдаг нэг л туйлын үнэнтэй. Яг л нэгэн үе “Мандухай сэцэн хатан”, “Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай” зэрэг кинонууд монголчуудад хүлээн зөвшөөрөгдөж байсан шиг. Арилжааны кино артхаус киноны жимийг гаргаж өгдөг. Өрнө, дорнын кино урлаг адилхан л өсөлт, уналт, хөгжлийн бүхий л үе шатыг даван гарч ирсэн. Монголын кино урлаг ч яг энэ замаар явж байгаа нь ойлгомжтой.

Сайн ажиглавал Солонгос болон Монголын кино урлагийн туулсан замнал тун төстэй. Тэдэнд юу байна, бидэнд юу байхгүй байна вэ гэдгийг олж харвал манай кино урлаг солонгосчуудаас юуг нь сурах, эс сурах нь тодорхой болох боломжтой.

- Солонгос киночид соёлын онцлогоо нээн харуулах гэхээсээ глобал, даяар асуудлуудыг өөрийн нийгмийн хөрсөн дээр авч үзэхийг эрмэлздэг. Харин монгол киночид үндэстний онцлогоо давтагдашгүй хүчин зүйл болгон дэлхийд гарахыг эрмэлзэж буй нь баримтат киноны түвшинд юу юм гэхээс уран сайхны түвшинд аль тэртээ Япон, Хятад, Энэтхэг киночдын явсан замаар алхаж байна гэсэн үг.

- Солонгос киночид зохиолдоо өндөр ач холбогдол өгч, асар олон давхар шугамтай баялаг өгүүлэмж, харилцаа бүхий зохиол бүтээдэг. Ялангуяа дүрийн сэтгэлзүйг зохиолоор дамжуулан гаргах чадвараар Солонгосын киночид өдгөө дэлхийг бишрүүлж байна. Энэ тал дээр Холливүүдээс суралцсанаа тэд улам баяжуулжээ. Харин одоохондоо Монголд зохиолын редактор ажиллуулдаг студи ч ховор бөгөөд, Холливүүдээс суралцаж буй нэртэй 50 хуудас гаруй дэлгэрэнгүй товчлол (treatment) гаргаад зургандаа яаран ордог.

- Солонгосын индепендент киночид өөрийн нийгэм болон түүхэндээ шүүмжлэлт өнцгөөс ханддаг бол монгол киночид магтан дуулах, эсвэл нийгэмд огт байхгүй үйл явцыг өрнүүлэхийг оролддог.

- Солонгос киночид урлаг, уран зохиол, хэлний өндөр боловсролтой, тэр чиглэлийн академиуд нь дэлхийн түвшинд нэгэнт хүрсэн бол манайд жүжигчин бэлтгэх, зохиолч бэлтгэх сургалт онол аргазүйн хувьд асар хоцрогдмол байгаа нь Азийн театрын фестиваль, Улаанбаатар кино наадам зэргээс тод харагддаг.

- Солонгосын кино төслүүдэд Үндэсний корпорациуд нь хөрөнгө оруулах болсоор 30 гаруй жил өнгөрч буй бол Монголд нэг кино бүтэх дундаж өртөг томоохон бизнесмэнийн уралдааны морины өртөгтэй одоо л дүйж очиж буй.

Энэ мэтээр дорнын кино урлагийг өрнө дахинд хүлээн зөвшөөрүүлсэн хөх толбот Солонгос ахан дүүсээсээ суралцах зүйл бидэнд их байна. Тэднээс бид 20 жилийн турш яаж хөдөлмөрлөдгийг нь сурлаа. Одоо харин яаж дэлхийн байлдан дагуулаад байгааг нь сурах цаг болжээ.