Хүн төрөлхтөн үргэлж шөнийн тэнгэрийг ширтэж, сансрын орон зайн тухай мөрөөддөг байжээ. XX зууны хоёрдугаар хагаст дэлхийн таталцлын хүчийг даван гарч, тойрог замын хурдтай болох чадвартай хүчирхэг пуужингууд бүтээгдсэнээр сансрын уудмыг судлах ажил жинхэнэ бодит байдал болжээ. Өмнө нь сансар огторгуйг алсын зайнаас ажигладаг байсан хүн төрөлхтөн хиймэл дагуул, сансрын хөлгийг илгээж, өөрсдөө ч нисдэг болов. 1610 онд Италийн нэрт астрономич, физикч, инженер Галилео Галилей анхны огторгуйн дурангаар Бархасбадь гараг, сар, Сугар гарагийг судалжээ. 1840 онд Америкийн эрдэмтэн Жон Уильям Дрэйпер сарны анхны гэрэл зургийг авчээ. 1895 онд Оросын нэрт эрдэмтэн Константин Циолковский эх дэлхийгээс сансарт хүргэх тээврийн систем болох сансрын өргөгчийн тухай санаа сэдэж байв. 1926 онд Америкийн эрдэмтэн Роберт Годдард анхны шингэн түлшээр ажилладаг пуужинг амжилттай хөөргөжээ. Түүний удирдсан инженерийн баг 1926-1941 оны хооронд 30 гаруй пуужин хөөргөсөн бөгөөд дээд тал нь 885 километр цаг хурдалж, 2,6 километр өндөрт хүрч байжээ. 1928 онд Германы эрдэмтэн Александер Липпиш анхны пуужин хөдөлгүүртэй нисэх онгоц зохион бүтээсэн байна.
Нацист дэглэмийн үед буюу 1944 оны зургадугаар сарын 20-нд Германы Зэвсэгт хүчин V-2 нэртэй дэлхийн хамгийн анхны алсын тусгалтай баллистик пуужинг туршсан нь сансар судлалд үлэмж хувь нэмэр оруулав. Вермахт Германы хотуудыг бөмбөгдөж байсан холбоотон улс орнуудад хариу цохилт өгөх зорилгоор V-2 пуужинг бүтээсэн бөгөөд 1944 оны есдүгээр сард нь Их Британийн нийслэл Лондон хот руу харвасан пуужин Английн суваг дээгүүр 60 миль өндөрт хүрч, цагт 3500 миль хурдтайгаар “бай”-гаа оносон байна. 2011 онд ВВС телевизээр гаргасан баримтат кинонд нацистуудын харвасан V-2 пуужингийн довтолгооны улмаас 9000 гаруй энгийн иргэн, цэргүүд амиа алдсаныг дурдсан байдаг. Дэлхийн II дайнд холбоотны хувиар ялалт байгуулсан ЗХУ болон АНУ сансар судлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд үнэхээр онцгой хувь нэмэр оруулсан. Хүйтэн дайны үед технологийн өрсөлдөөнд асар их хөрөнгө хаядаг байсан нь сансар судлалын салбарыг хөгжүүлэхэд их түлхэц болжээ.
1957 оны аравдугаар сарын 4-нд Зөвлөлт Холбоот Улс Спутник-1 нэртэй анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ. Үүнээс сарын дараа Спутник-2 хөлгөөр анхны хөхтөн амьтныг сансар руу хөөргөсөн нь гурван настай Лайка хэмээх охин нохой байлаа. Лайка сансарт хөөрснөөс хойш хэдхэн цагийн дотор хэт халалтын улмаас үхсэн гэж тайлбарладаг бөгөөд энэ нохой хүн сансарт нисгэх замыг зассан гэж үнэлдэг. 1959 онд америкчууд Эксплорер 6 хиймэл дагуул хөөргөж, дэлхийн анхны гэрэл зургийг авчээ. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Оросын сансрын нисэгч Юрий Гагарин Восток 1 хөлгөөр дэлхийн тойрог замаар аялсан анхны хүн боллоо. Гагарины сансрын нислэг 108 минут үргэлжилж, 327 километрын өндөрт хүрч чаджээ. Тавдугаар сард нь Алан Шепард сансарт ниссэн анхны америк хүн болсон юм. 1961 оны наймдугаар сард Оросын сансрын нисэгч Герман Титов сансарт 24 цаг гаруй хугацаатай нисч, рекорд тогтоосон билээ.
Хүйтэн дайны үеийн АНУ-ЗХУ-ын сөргөлдөөн сансрын уудмыг судлах, эзэмших өрсөлдөөн болж өрнөжээ. 1961 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди арван жилийн дотор багтаан саран дээр хүн буулгаж, эх дэлхийд нь эсэн мэнд эргүүлэн авчрах үндэсний зорилго тавив. Улмаар 1969 оны долдугаар сарын 20-нд Америкийн сансрын нисэгч Нил Армстронг Аполло 11 нислэгээр сарны гадаргуу дээр хөл тавьсан анхны хүн болж түүхэнд нэрээ бичүүлсэн юм. Нил Армстронг саран дээр алхсаныгаа хүн төрөлхтний хувьд том үсрэлт гэж тодорхойлсон. 1960-аад онд нисэгчгүй сансрын хөлгүүдээс сарны гэрэл зургийг авч, дэлхий рүү илгээж байв. 1970-аад оноос харилцаа холбооны болон байрлал тогтоох хиймэл дагуулууд өдөр тутмын хэрэглээ болж, Маринер сансрын хөлөг Марс гарагийг тойрч, хөрсний зураглал хийсэн байна. 1970-аад оны төгсгөлд Вояжер сансрын хөлөг Бархасбадь болон Санчир гарагийн гэрэл зураг, дагуул сарнуудын талаарх мэдээллийг дэлхий рүү илгээсэн байна. 1977 оны есдүгээр сарын 5-нд НАСА буюу АНУ-ын Сансар судлалын агентлагийн хөөргөсөн Вояжер хөлгийн нислэг эдүгээ 42 жил, зургаан сар гаруй үргэлжилж байна. Вояжер хөлөг 2020 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар дэлхийгээс 22.2 тэрбум километр хол аяллаа үргэлжлүүлж, сансрын гүнийг судлах хүн төрөлхтний хүсэл эрмэлзэлд хязгаар байхгүй гэдгийг харуулж байна.
1991 онд ЗХУ задран унаж, Хүйтэн дайнд цэг тавьсан гэж судлаачид тайлбарладаг. Сансрын хөтөлбөрүүдэд өмнөх шигээ асар их хөрөнгө зарцуулах боломжгүй болов. Америкийн олон нийт, улс төрийн хүрээнд сансрын хөтөлбөрүүдийн санхүүжилт, үр ашгийн тухай байнга л яригддаг. Гэхдээ сансар судлалын салбар нь дэлхийн хүчирхэг улсуудын хувьд үндэстний хүчин чадлаа сурталчлах хүсэл эрмэлзлийн илэрхийлэл хэвээр байна. Эдүгээ АНУ, ОХУ нь сансар судлалын баялаг уламжлалаа хадгалан үлдсэн бол Европ, Хятад, Япон, Энэтхэг улс энэ салбарт хүчтэй өрсөлдөж байна. 1980-аад оноос харилцаа холбооны хиймэл дагуул нь телевизийн салбарт нэвтэрч, айл өрхүүд хиймэл дагуулын дохиог тавган антеннаар хүлээн авдаг боллоо. АНУ-ын Батлан хамгаалах яамны эзэмшдэг Дэлхийн Байрлал тогтоох систем буюу GPS нь хүмүүсийн өдөрт тутмын хэрэглээ болчихлоо. Батлан хамгаалахын зорилгоор боловсруулсан технологиуд арилжааны зорилгоор ашиглагддаг болов.
1981 онд АНУ-ын Засгийн газар олон удаа ашиглагдах сансрын хөлгийн шаттл хөтөлбөрийг эхлүүлжээ. Шаттл хөтөлбөр 30 жил үргэлжлээд 2011 онд дуусгавар болох хүртлээ сансрын нисэгчид болон хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хүргэх, хиймэл дагуулуудыг засварлах, шинжлэх ухааны орчин үеийн судалгаа явуулах, Олон улсын сансрын станцыг барих үйл явцад үлэмж хувь нэмрээ оруулжээ. Гэхдээ сансрын хөлгүүдийн сүйрлийн улмаас шаттл хөтөлбөрийг хоёр ч удаа хоёр жил гаруй хугацаагаар түр зогсоож байсан. 1986 онд Чэлленжер сансрын хөлөг хөөрснөөсөө хойш 73 секундын дараа сүйрч, багийн долоон гишүүн бүгд амь эрсэдсэн. 2003 оны хоёрдугаар сарын 1-нд Коламбия сансрын хөлөг дэлхийн агаар мандалд нэвтрэх үеэрээ дэлбэрч, багийн долоон гишүүн бүгд амь эрсэдсэн билээ. Сансрын хөлөг Кеннедийн нэрэмжит сансрын төвд буухаасаа хэдхэн минутын өмнө Техас мужийн дээр сүйрсэн. Шаттл хөтөлбөрийн хүрээнд сансрын хөлгүүдээр 113 удаа нислэг үйлдэхэд хоёр том осол гарсан нь энэ байлаа. Улмаар 2011 оны долдугаар сарын 21-нд хамгийн сүүлчийн шаттл болох Атлантис хөлөг амжилттай газардсанаар энэ хөтөлбөр зогсчээ.
Персийн булангийн дайн нь хиймэл дагуулыг орчин үеийн зэвсэгт мөргөлдөөнд ашиглаж болохыг утгаар нь харуулжээ. АНУ тэргүүтэй холбоотнууд хиймэл дагуулын тусламжтайгаар дайсныхаа байрлал, цэрэг техникийн хөдөлгөөнийг тандаж, пуужингийн довтолгооныг ч урьдчилан мэдэх боломжтой байв. Хиймэл дагуулын ачаар холбоотнууд энэ дайнд шийдвэрлэх ялалт байгуулж чадсан. Эдүгээ сансрын систем нь тухайн улсын батлан хамгаалах салбар, цаг агаарын тандалт, харилцаа холбоо, навигаци, дүрслэл, химийн бодис, ой хээрийн түймэр, байгалийн гамшгийг алсаас тандахад ашиглагдаж байна. Хүйтэн дайны үеийн технологийн өрсөлдөөнд хий дэмий мөнгө зараагүй ч гэж зарим судлаачид үздэг. Жишээ нь АНУ-ын сансар судлалын хөтөлбөрүүдэд зарцуулсан 1 доллар бүр 14 долларын ашиг оруулсан гэж тооцоолсон нь бий.
1998 оны арваннэгдүгээр сарын 20- нд Олон улсын сансрын станцыг нээв. Дэлхийн тойрог замд байрлаж буй энэ судалгааны лаборатори нь сансар судлалын салбар дахь олон улсын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болжээ. Олон улсын сансрын станцын загварыг боловсруулж, угсрах ажилд нь АНУ, ОХУ, Япон, Европ, Канадын сансар судлалын агентлаг хувь нэмрээ оруулж, хамтран оролцжээ. Олон улсын сансрын станцад зургаан хүн удаан хугацаагаар байрлан ажиллах боломжтой бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд Оросын сансрын нисэгч Олег Скрипочкагийн удирдлага доор Америкийн инженер Жессика Мейр, Эндрью Морган нар станцад очсон. 2000 оны арваннэгдүгээр сард очсон анхны экспедицээс хойш 17 улсын сансрын нисэгч, сансрын жуулчид тус станцад зочилсон байна.
Дэлхийн сансар судлалын салбарыг ямар ирээдүй хүлээж байна вэ? Хүн төрөлхтөн зөвхөн сансрын уудмыг ажиглах судлахаар хязгаарлагдалгүй нөөцийг эзэмших боломжтой юу? Өөр гараг дээр хүн амьдрах боломжтой юу? Сансрын уудам орон зайд хүн төрөлхтнөөс өөр иргэншил бий юу? Хүмүүсийн зөгнөж, мөрөөдөж байсан олон зүйлс эдүгээ бодит биеллээ олжээ. Сансар судлалын салбарт Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөрүүдээс гадна SpaceX зэрэг хувийн компаниуд хүч түрэн орж ирлээ. Элон Маск хүн төрөлхтөн Марс гарагийг эзэмшихийн тулд сансрын тээврийн зардлыг бууруулах шаардлагатай гэж үздэг. Эдүгээ сансрын ачаа тээвэрлэлтийн зардал овор хэмжээнээсээ шалтгаалаад 2000-20000 долларын өртөгтэй бөгөөд ирээдүйд үүнийг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой гэж үзэж байна. Хүн болон ачаа тээвэрлэх зардлыг бууруулж чадвал сансрын аялал жуулчлалын ирээдүй тун ойрхон харагдаж байна.
Судлаачдын тодорхойлсноор орчин үеийн сансрын судалгааны хамгийн гол талбар нь Марс гараг болжээ. Хүн төрөлхтөн сарыг судалсан, саран дээр хөл тавьсан. Гэхдээ Марсыг колончилох буюу хүн суурьших хамгийн боломжтой гараг гэж үзэж байна.
АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу НАСА 62 жилийн өмнө байгуулагдсан. Тус агентлагийн вэбсайтад сансар судлалын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохдоо пуужин болон хиймэл дагуул хөөргөх, хүн болон ачаа тээвэрлэх, дэлхийн тойрог замд сансрын дэд бүтэц байгуулах ажилд арилжааны компаниудын оролцоо нэмэгдэнэ гэж үзсэн байна. Өмнө нь төр, Засгийн газраас бодлогоор дэмждэг байсан сансар судлалын салбарт хувийн компани, технологийн корпорациуд хүч түрэн орж ирлээ.
Сарны гадаргууд хүн анх хөл тавьснаас хойш хагас зуун жил өнгөрчээ. Тэгвэл америкчууд 2024 он гэхэд сарны өмнөд туйл дээр хүн буулгах, 2030-аад онд Марс гараг руу хүн илгээх зорилго тавьсан. Ирэх долдугаар сард НАСА Ангараг гараг руу Марс 2020 нэртэй робот машиныг илгээхээр бэлтгэж байна. Марс 2020 робот машин нь Ангарагийн агаар мандал, мөс, ургамал, эко- орчныг судалж, ирээдүйд тус гарагийг эзэмших боломжтой эсэхийг судална. Энэ хөтөлбөр Марсын тооллоор нэг жил буюу ойролцоогоор 687 өдөр үргэлжилнэ гэж тооцоолсон юм билээ.
Ойрын ирээдүйд сансрын уудам нь Засгийн газар болон хувийн компаниуд, улс орнуудын хоорондын өрсөлдөөний талбар болох нь ээ. Олон улсын хамтын ажиллагаанаас гадна улс орнуудын өөрсдийн ашиг сонирхол, эрмэлзэл үүнийг тод харуулж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 6-нд Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын Чандраяан-2 төслийн хүрээнд саран дээр сансрын хөлөг, робот машиныг зөөлөн газардуулахаар төлөвлөж байсан боловч сарны гадаргуугаас 2.1 километрийн зайтай байх үедээ холбоо тасарсан. Олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан эрдэмтэд нь уйлж байгааг телевизээр шууд дамжуулж байлаа. Ерөнхий сайд Нарендра Моди эрдэмтэддээ урам хайрлаж, сарны өмнөд туйл дээр зөөлөн газардах зорилгодоо хүрэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллана гэж мэдэгдсэн.
Өнөө үед сансар судлалын салбарын үр дүнг хамгийн өргөн дэлгэр ашиглаж буй нь харилцаа холбооны салбар. 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар дэлхийн тойрог замд бүрэн ажиллагаатай 2218 хиймэл дагуул байна. Үүний 1007 нь АНУ, 164 нь ОХУ-ын, 323 нь Хятадынх бол 724 хиймэл дагуул нь бусад улс орнуудынх ажээ. Америкийн хиймэл дагуулуудын 35 нь иргэний, 620 нь арилжааны, 163 нь Засгийн газрын, 189 нь цэргийн зориулалттай юм байна. АНУ-ын Батлан хамгаалах яам, Төрийн Департментын томоохон албан тушаалтнууд сүүлийн жилүүдэд хиймэл дагуулынхаа аюулгүй байдлыг хамгаалах тухай ярих болсон. АНУ-ын Сансрын хүчин байгуулах тухай Доналд Трампын санааг 2017 онд улс төр, олон нийтийн хүрээнд тохуурхан ярилцаж байв. Гэтэл өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ- ын Сансрын хүчин 16 мянган албан хаагч, 40 сая долларын төсөвтэйгөөр байгуулагдчихлаа. Сансрын хүчин нь арми, тэнгисийн хүчин, нисэх хүчин, эргийн хамгаалалт, тэнгисийн явган цэрэг дээр нэмэгдээд АНУ-ын зэвсэгт хүчний зургаа дахь салбар болчихлоо. Сансрын хүчний гол зорилго нь сансрын орон зай дахь АНУ-ын ашиг сонирхлыг хэрэгжүүлэх, харилцаа холбооны болон тагнуулын хиймэл дагуулуудыг гаднын довтолгооноос хамгаалах явдал. Үндсэндээ сансрын уудамд Орос, Хятадаас хоцорч болохгүй гэж Трамп үзэж байна. Хятад улс 2007 оноос хойш хэд хэдэн удаа хуучин хиймэл дагуулуудаа пуужингаар амжилттай устгасан нь АНУ-ын Засгийн газрыг болгоомжлоход хүргэжээ. Хятадууд Америкийн хиймэл дагуулуудыг устгачихсан байхад л дайнд ялна гэж хүртэл ярьсан байх юм.
Хүн төрөлхтний түүхийн явцад аж үйлдвэрийн хувьсгалууд нь нийгмийн амьдралыг үндсээр нь өөрчилж байсан түүхтэй. XVIII зуунд эхэлсэн аж үйлдвэрийн анхны хувьсгалаас хойш дөрвөн ч хувьсгал үргэлжилсэн гэж үздэг. Аж үйлдвэрийн анхдугаар хувьсгал нь нэхмэл, ээрмэлийн үйлдвэрүүдийн технологийг хөгжүүлж, бүтээмж эрс нэмэгдэв, удаах хувьсгалаар бүтээгдэхүүнийг олноор нь үйлдвэрлэх арга хэрэгслүүд нэвтрэв. Гурав дахь хувьсгалаар интернэт, харилцаа холбооны технологи хүний амьдралын салшгүй хэсэг болсон. Харин дөрөв дэх хувьсгалаар ухаалаг технологи, автоматчилал үйлдвэрлэлд нэвтэрлээ. Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн тав дахь хувьсгалтай золгох гэж буй тухай яригдах боллоо. Аж үйлдвэрийн тав дахь хувьсгал нь технологийн хөгжил дэвшлийг хүний амьдралтай улам бүр ойртуулж, өмнөх хувьсгалуудтай харьцуулбал 3 хэмжээст принтер, өмсдөг технологи, роботууд, жолоочгүй автомашин хүний өдөр тутмын хэрэглээ болтлоо өргөжих ажээ. Аж үйлдвэрийн хувьсгал бүр тухайн улс үндэстний дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулж байсан. Харин аж үйлдвэрийн V хувьсгал илүү өндөр түвшний ухаан, сэтгэлгээ шаардах тухай судлаач нар бичиж байна.
Хүн төрөлхтөн сансрын уудам руу дараагийн том алхмаа хийж, SpaceX, сансрын аялал жуулчлал хэмээх санаанууд маргааш бодит байдал болох гэж байна. Технологийн салбарын тэргүүлэх экспертүүд аж үйлдвэрийн хувьсгал хиймэл оюун ухаанд суурилж, хүн болон машинууд хөдөлмөрийн талбарт хамтран ажиллах шинэ эрин үеийн гэрч болох ажээ. Үүнийг дагаад боловсролын систем ч үндсээрээ өөрчлөгдөнө. 2016 онд Дэлхийн Эдийн засгийн Форум “Ирээдүйн хөдөлмөрийн зах зээл” нэртэй тайлангаа танилцуулжээ. Уг тайланд дурдсанаар эдүгээ сургуульд элсэж буй хүүхдүүдийн 65 хувийнх нь эзэмшсэн мэргэжил, ажлын байр нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын нөлөөгөөр нэгэнт устчихсан байх ажээ. Хиймэл оюун ухаан, роботуудын ачаар долоо хоногт 40 цаг ажилладаг дийлэнх ажил, мэргэжлүүд алга болно. Тэгвэл хүн төрөлхтөн ямар ажил хийж, яаж мөнгө олох вэ?
Хүн төрөлхтөн сансрын хувьсгалтай золгох тухай сүүлийн жилүүдэд бичих боллоо. Өнөөдрийн хувьд мөрөөдөл гэж үзэж буй сансрын хувьсгалын ачаар хүн төрөлхтөн эх дэлхийд биш сансрын уудамд олон их наяд долларын том зах зээл бий болгох ажээ. Өмнө нь сансрын уудмыг эзэмших өрсөлдөөн баян чинээлэг, хөрөнгө мөнгөтэй улс орнуудын хооронд өрнөдөг байсан бол эдүгээ SpaceX, Blue Origin, Relativity Space зэрэг сансрын технологийн компаниуд хүчтэй өрсөлдөгч болжээ. Хүмүүс сансрын аялал жуулчлалд мөнгө төлж, хувийн компаниудын сансрын хөлгөөр сансрын станц, сар, Марс гараг руу аялах цаг тун удахгүй бодит байдал болох нь ээ. Ердөө арван жилийн өмнө ухаалаг гар утас хэдэн их наяд долларын зах зээл болох яривал эргэлзэх хүн олон байсан бол эдүгээ дэлхий нийтийн өдөр тутмын хэрэглээ болчихлоо. Магадгүй хүний нийгмийн амьдралыг өөрчлөх дараагийн хувьсгал нь аж үйлдвэрийн V хувьсгал, сансрын хувьсгал байж болохыг ч үгүйсгэх аргагүй юм.