Дэлхий даяар бэлгэвчний эрэлт нэмэгдэж, хомсдолд орж болзошгүй байгаа талаар Блүүмберг цахим хуудас мэдээллээ. Энэ нь үүсээд буй тодорхойгүй нөхцөл байдалтай холбоотойгоор хүмүүс хүүхэд олохоосоо болгоомжилж эхэлсэн, мөн хөл хорионд орж гэртээ ихэнх цагаа өнгөрөөх болсонтой холбоотой гэнэ. Бэлгэвч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Karex Industries Sdn. Bhd. /Малайз/ компани энэ талаар мэдээлжээ.
Karex Industries Sdn. Bhd. Нь дэлхийн бэлгэвчний үйлдвэрлэлийн 20 хувийг дангаараа хангадаг юм. Эрэлт огцом нэмэгдсэний дараа тус компани нийлүүлэлтээ 50 хувиар бууруулжээ. Учир нь нөөц хангалтгүй түвшинд байгаа юм байна.
“Үйлдвэрийн ажиллах цаг багассан. Бүх ажилчдын тал нь л ажиллаж байгаа. Энэ хэрээр бүтээмж буурч байгаа. Гэсэн ч бид ажилчиддаа бүтэн цалин олгож байна. Энэ нь зардлыг ихэсгэж, үнэ өсөх нөхцөл болно” гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Цар тахалд өртсөн БНХАУ улсад бэлгэвчний эрэлт ихэссэн бол манай хойд хөрш ОХУ-д сүүлийн хэд хоногт борлуулалт нь 30 хувиар нэмэгджээ.