/Эсээ/
Ийм сонин гарчиг таны анхаарлыг татаж байж мэдэх юм. Үнэндээ одоогийн бидэнд төрийн эрх мэдэлтнүүд “давхар дээл” өмсөх эсэх л илүү сонирхолтой шүү дээ? Тэгээд л “давхар дээлээ тайл” гээд хэрүүл тэмцэл, бүр жагсаал цуглаан хийдэг. Бөхийн барилдаанд мэдээж “давхар мэх” хийсэн нь ялан дийлэх магадлал өндөр гээд яриад байвал” ДАВХАР”-ын тухай олон ойлголт бидэнд зөндөө буй. Хэл шинжлэлд “давхар тийн ялгал залгах”-аас өөр аргагүй хэлбэршил байдаг. Анагаах ухаанд жирэмсэн гэдэг ч бид ”давхар биетэй” болжээ гэдэг. Бас ”давхар жирэмслэх” буюу суперфетац хэмээх сонин үзэгдэл ч бий. Саяхан нэг гадаад эмэгтэй давхар жирэмслээд арав хоногийн зайтай хоёр охин төрүүлжээ гээд л шуугиад байсандаг. Байгалийн ухаанд” давхар талст” үүсгэсэн эрдэсүүд бишгүй. Урлахуйн ухаанд” давхар хээ” шаглах, уран зохиолд “давхар санаа” агуулах, эдийн засагт ”давхар хүү” тооцох, газар тариаланд “давхар хагалбар” хийх, уран барилгад” давхар нуруу” барих, улс төрд “давхар хаалт” тавих зэргээр энэ ДАВХАРУУД хүн төрөлхтөний мэдлэг бүхэнд шингэсэн зүйл л дээ. Мэдээж байгаль нийгмийн үзэгдэл бүхэнд давхар шинж хадгалагдаж байдаг гэж үзвэл ДАВХАР ХООЛОЙТОЙ хүн байж болохгүй гэж үгүйсгэх аргагүй ч юм шиг санагдана. Ер нь Хүн хэмээгч амьтан бас л давхар шүү дээ. Бие, сэтгэл хэмээх хоёр давхараас л бүрдэж байгаа юм.
Хэрэв мунхаг би андуураагүй бол дотоод хүнтэйгээ ярилцах тухай олон мэргэд эртнээс бичиж иржээ. Тэр нь өөрөөс гадна дахиад нэг хүн бий гэсэн ойлголт юм уу даа. “Дотор хүнтэйгээ хүүрнэсэн чинь” гэхээр БИ ба өөр нэгэн БИ-гийн хоорондын яриа хүүрнэл өрнөсөн гэсэн үг. Харамсалтай нь бидний хэлний орчинд “дотор хүн” гэхээр Хятад хүн гэж ойлгох утга илүү давамгайлдаг. Тэгээд аягүй бол монгол хүн царайлдаг боловч дотор байгаа нуугдмал Хятад хүнтэйгээ ярилцсан болж таараад эрлийз, хурлийз, хужаагаараа дуудуулж, ад шоо үзэгдэж ч мэднэ. Тиймээс дотор хүнтэйгээ бус дотоод хүнтэйгээ ярилцлаа гэвэл нэр нүүр, элдэв хэрэг явдалд хал балгүй учир энэхүү ”дотор” гэдэг үгэнд тун болгоомжтой хандах нь зөв л дөө. За тэгээд “дотор” гадар, “давхар” дэвхэр гэсэн үгсийн утга хөөцөлдөхөө больж, нэгэн гайхамшигт хүний тухай үндсэн хэсэгтээ шилжье.
Саяхан орчуулагч Д.Алтанцэцэгийн орчуулсан Японы зохиолч Санто Сакаэгийн ”Дуу хоолой” нэртэй богино үгүүллэгийг уншиж байлаа. Нэг хүү эхээс төрж, хэл орохдоо л ер бусын чадвартай байжээ. Аав, ээжээсээ авахуулаад хүн бүгдийн хоолойг дуурайж ярьж чадна. Тэр л чадвараа амьдралынхаа олон зүйлд амжилттай ашиглаж байгаа тухай зохиолд гардаг юм. Япончууд болсон хойно хэний ч санаагүйг санаж, бодоогүйг бичдэг тул их л сонин содон санагдаж байлаа. Зохиол ч яахав, зохиол. Уран сэтгэмж, зохиолчийн өвөрмөц сэтгэлгээний илрэл. Тэгээд ч амьдралд бусдын хоолойг дуурайн дуугарагчид бишгүй л байдаг. Хүсвэл хүний дуу хоолойгоор бус алтан гургалдай шиг донгодоод бусдад тэр нь ер бусын сонсогддог тухай бичиж болно.
Амьд сэрүүнд нь харж, баясаж, сонсож биширч, саяхан болтол бидний дунд амьдарч явсан нэгэн хүн үнэхээр ”давхар хоолтой” төржээ. Нэгэн биенд давхар хоолой заяажээ. Хөгжмийн онолд ийм ойлголт байдаг эсэхийг би мэдэхгүй юм. Магадгүй орчин үеийн металл хөгжимд давхар дуугаралтын технологи байх шиг байгаа юм. Харин мах цусанд төрсөн хүнд бол ёстой хорвоод хосгүй үзэгдэл байжээ. Итгэхгүй бол Намжилын Норовбанзад гуайн дуулснаар “Уяхан замбуутивийн наран”-г сонсоод үз. Зүгээр нэг сонсох бус хамаг сэрэл мэдрэмжээ хөвчлөөд сонсоод үзээрэй. Нэг бус хоёр Норовбанзад дуулаад байгаа юм шиг, нэг бус хоёр хоолойгоор дуулаад байгаа юм шиг сонсогдоно. Эхлээд цээлдээ уужим алсраад тэртээ холоос илч гэрлийг татан авчраад зулай дээр голлуулж, удалгүй хярхаггүй алсад дахин одуулах шиг тийм л хөг аялгууны хөдөлгөөн мэдрэгдэнэ. Чухамдаа хоёр Норовбанзадын нэг нь өөр хоолойгоор илч гэрлийг тухай дуулаад, нөгөө нь өөр хоолойгоор илч гэрлийг ойртуулж, холдуулаад байгаа мэт санагдана. Нарны тухай дуулж болно л доо. Гэхдээ нарны түгэн дүүрэх, мандан хөөрөх, манхайн дүгрэглэх хөдөлгөөнийг дуулна гэдэг дан хоолойтой хүний давах даваа лав биш. Яг л тэр үед Н.Норвбанзад гуайн дуулсан” Урьхан хонгор салхи” уртын дууны үг шиг “хамаг шувуу ганганахад харин элдэв санагдана” даа.
Олонд түгсэн нэг ийм яриа байдаг шүү дээ. Нэгэн жуулчин манайд ирээд Норовбанзад гуай ”Уяхан замбуутивийн наран”-гаа дуулахыг сонсчээ. Орчуулагчаасаа: -Энэ юуны тухай дуу вэ? гэхэд “Нарны тухай дуу” гэжээ. Жуулчин толгой сэгсрээд “тийм байхаа, аялгуу нь эхлэхдээ л ертөнцаас тасраад явчихлаа” гэсэн гэдэг. Ялимгүй хачир нэмсэн байж болох энэ яриа яалт ч үгүй Норовбанзад гуайн давхар хоолой хаа газрын хэн ч сэтгэлийн гүндээ мэдрэх тийм ховор увдистай болохыг хэлжээ. Гэхдээ бие нь хүн дүрстэйгээ ч сэтгэл нь хад чулуу шиг хатуу болчихоогүй бол хэн ч байсан уярч догдолно, шүтэж биширнэ. Дараа нь “Сэрүүн сайхан хангай” дууг мөн л Норовбанзад гуайн дуулснаар сонсоорой. Эхлээд салхи намуухан сэвэлзэнэ. Магадгүй шувууд жиргэх, борог өвс үл мэдэг ганхах, талын чулууд байрнаасаа хөдөлж хоорондоо хавиралдаагүй ч дотроосоо жин хийсэн болор аялгуу жингэнүүлэхийг сонсоно. Нэг бус давхар хоолойны ид шид тэгэхэд л мэдэгдэнэ. Хаана ийм ид шид бүрэлдэн бий болж болох вэ? Манай нэгэн алдарт зохиолч, эдүгээ цагийн эрдэм оюуны “оройн чимэг” бичихдээ “уртын дуу бол шавар ханатай байшин дотор дуулахад зориулагдаагүй, дуулаад ч зохидоггүй юм” гэж билээ. Жинхэнэ төгс “сонсгоолонт” чанар, дуурьсал, өнөөх гайхамшигт “шууранхай” нь намхан бор толгодтой, номхон бор талдаа тэгш зохицсон нь тэр ажээ. Тийм талаас л ийм давхар хоолой төржээ. Өөр хаана ч төрөх билээ.
Бод л доо, төрсөн газрынх нь нэр гэхэд л “Сүүдэртийн улаан овоо”. Яг л “Цэвцгэр хурдан шарга”, “Уртын сайхан хүрэн”, “Эрдэний Галибираасан мод”, “Зээргэнэтийн шил”, “ Сэрүүн сайхан хангай”, “Алтан богдын шил” гэдэг шиг яруухан сонсогдож байгаа биз. Юм гэдэг их учиртай. Төрсөн газрынх нь нэр хүртэл уртын дуу шиг сонсогдоно. Азаар би “Их газрын чулуу”-ны элгэнд жил бүхэн очдог юм. Тэнгэрт цоролзсон аргай даргай тэр чулууд уртын дуу юм. Энэхэн замбуутивийн сав шим доторх байгалийн давхар үзэмж, түүний хөг аялгуу юм. Үдшийн цагаар үлгэрийн ертөнц шиг барайж торойж байхад нь дунд ороод бүлэээн биеийг нь налж хэвтээд орчлонг бодох би дуртай. Аанай өнөө “Урьхан хонгор салхи” уртын дууны үг шиг Хамаг шувууд ганганахад Харин элдэв санагдана билээ. Аажмаар талын давхар дуу хоолойд эзэмдүүлж, оюун санаанд үгсийн цуурай татна. Тийм л орчил дунд бясалгаж үзсэний дараа “Зээргэнэтийн шил-ийг сонсохоор их бага хоёр загал морь ойрын хөтөл даваад давхиад ирэх шиг үзэгдэнэ. Аль нэг студид хийсэн кино клип биш хувьхан танд заяасан тархи толгойны чадал хүч амилан босож буй нь тэр. Эсвэл ижий аавыгаа эрхгүй дурсана. Өнгөрсөн цаг, он жилүүдийг мөрлөн босгоод завсараар нь та хоёр буурайгаа олж харж чадна. Зарим хүний ухаан санаанд ахдахаар уран сайхны халилаа орхиё. Зүгээр л та зориуд говь талдаа очоод машиныхаа хөгжимд Норовбанзад гуайн CD хийгээд сонсоод үзээрэй. Ялимгүй чангалаарай. Хаана төрсөн, хэний хүү, хэний охин бэ? гэдгээ тэр үед хамгаас илүү мэдэрнэ. Түүний эцэст л ямархан дуучин бидний дунд амьдарч, бидэнтэй нэг агаараар амьсгалж яваад “Урьхан замбуутивийн наран”-д уусан шингэснийг ойлгоно.
Хорин хэдэн насандаа сонины газар дадлага хийж, урлагийн тоглолт сурвалжлахаар Соёлын төв өргөөнд очиж билээ. Тоглолтын дараа хоёр залуу дуучнаар сугадуулаад шатаар бууж яваа Норовбанзад гуайг анх удаа амьдаар нь харав. Тэр гэрэл цацарсан инээд. Талын хүний нүүр дүүрэн инээд. Эгээ л талд орсон борооны дараа тэнгэрт давхар солонго татахыг харсан шиг баярлав. Эртний Монголчууд давхар солонго татахыг харсан хүн гурван үедээ аз жаргалтай амьдардаг гэж бэлгэшээдэгсэн. Учир сайн таниагүй залуу насандаа учиргүй билэг татсан минь тэр байлаа. Удалгүй би энэ л дуучны нутаг Их газрын чулууны хондонд өссөн талын цагаан инээдтэй охинтой танилцаж, амьдралын зам мөр холбосон юмсан. Бэлгэ гэдэг учиртай. Одоо харин хөгжмөө чангалаад ”Уяхан замбуутивийн наран” сонсож сууна. Даяар ертөнцөд дахин төрөхгүй ч байж мэдэх, “давхар хоолой”-н увдистай зөвхөн Норовбанзад гуайн дуулснаар...
Харин “давхар хоолой” гэж гөрдөөд байгаад минь та итгэхгүй байж ч болно. Би ямар аль нэг шашны улайрсан номлогч биш. Ердөө л өөрийнхөөрөө...
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 2020-03-25