
Төрийн орон сууцны корпорац “Эко яармаг", “Солонго 1, 2” болон “Залуус 1” гэсэн томоохон орон сууцны хорооллууд барих төсөл хэрэгжүүлж байгаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр “Эко яармаг" төслийн талбайд ажиллалаа. Энэ үеэрээ "Нийслэлд 2026-2028 онд төрийн гэх тодотголтой 23 мянга айлын орон сууц ашиглалтад орно. Орон сууцны том бүтээн байгуулалтууд болох “Ногоон нуур 1008”, “Солонго 1, 2” гэсэн орлогод нийцсэн 5002 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ оны хоёрдугаар хагаст багтаан 2042 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, цахимаар сонгон шалгаруулалт явуулна.
Мөн яамнаас нийт 57 га талбайд 5636 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажилд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд цаашид дундаас доош орлоготой есөн бүлгийн иргэдийг түрээсийн хэлбэрээр орон сууцаар хангах бодлого баримталж байна" гэв.