
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 684 дэх дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан нийтлэлүүдийг танилцуулъя.
Нэг. Санал асуулгын зорилго юу вэ?
Монголын улстөрчид муу аргандаа ч ёстой гаршиж байна даа. Юм л бол иргэдээрээ хэлэлцүүлнэ, ард түмнээсээ асууна гэдэг болж. Уг нь сонсоход их аятайхан үг. Төрийн шийдвэрт оролцоод ч байгаа юм шиг. Гэвч эрх баригчид иргэдээс асуусан нэр зүүгээд элдэв шийдвэрээ хүч түрэн албажуулдаг болчихоод байна. “Санал асуулга”-ын үр дүн нэрийн дор “Та нар л шийдсэн” гээд татвар, хураамж хүртэл нэмдэг болтлоо дарамталж байна. Ер нь бол тэд асуудаг, бид хохирдог тийм нэг чөтгөрийн тойрогт орчихжээ.
Засгийн газар өнгөрөгч лхагва гарагт ээлжит нэгэн “Санал асуулга”-аа зарлалаа. Оюутолгойн ногдол ашиг гурван их наяд төгрөгийг юунд зарцуулахыг ард түмнээсээ асуухаар болсон юм байна. Сангийн сайд З.Мэндсайханы хэлснээр 14 хоногийн хугацаанд үргэлжлэх уг санал асуулгыг E-Mongolia-аар дамжуулж авах бөгөөд үр дүнг нь нэгтгэж УИХ-ын Төсвийн ажлын хэсэгт хүлээлгэж өгөх гэнэ. Өөрөөр хэлбэл, ард түмэн ийм саналтай байна, албажуул гэж парламентыг шахна гээд ойлгочиход нэг их буруудахгүй байх аа. Шуудхан ингэж дүгнэсэн нь санал асуулгын гурван асуулт нь өөрөө эхнээсээ иргэдийн саналыг авах зорилгогүйг нь илтгээд байгаа юм.
Дээрх гурван асуултын хариултуудыг ч мөн тодорхой заагаад өгчихсөн. Гурван их наядын зарцуулалтад саналаа өгөхдөө эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр ложистик, нийгмийн дэд бүтэц (сургууль, цэцэрлэг, эмнэлэг) гэхчлэн Засгийн газрын бэлдсэн хариултаас л иргэд сонгох аж. Иргэдэд өөрсдөд нь санал гаргах эрх өгөхгүйгээр зөвхөн өөрсдийнхөө саналаас л сонголт хийлгүүлэх зорилготойг нь УИХ-ын гишүүд ч шүүмжлээд эхэлсэн
Ч.Гангэрэлийн "Тэд асуудаг, бид хохирдог" нийтлэлээс
Хоёр. Тамхи импортлогчдод татвар төлөхгүй байх хугацаа олгов
УИХ 126 гишүүнтэй болсноос хойш хамгийн олон гишүүн дэмжиж гарын үсэг зуран өргөн мэдүүлсэн төсөл бол Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Уг хуулийн төслийг О.Номинчимэг тэргүүтэй 76 гишүүн санаачлан боловсруулж, 2025 оны есдүгээр сарын 19-нд өргөн мэдүүлсэн. УИХ-д өргөн барьснаас хойш 13 сарын дараа буюу өнгөрсөн баасан гарагт эцэслэн батлав. УИХ хуулийн төслийг эцэслэн батлахгүй удаж байгаад бухимдсан УИХ-ын гишүүн, төслийг санаачлагчдын нэг Ө.Шижир ““Мартсанаас мал мэнд үү” гэгчээр тамхины хуулиа хэзээ хэлэлцэж батлах вэ. Шатахуунаа нөөцөлж чадахгүй байхад тамхины компаниуд тамхийг ихээр нөөцөлсөөр байна. Энэ хооронд авах ёстой татвар чинь хайран биш үү. “Мөнгө олдохгүй байна” гээд гоншигноод байгаа хэдэн сайд нарт хэрэг болдоггүй юм уу. Тамхины импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Энэ их импортоос онцгой албан татвараа авч чадсангүй. Та нарын эс үйлдэхүйгээс болж ямар хэмжээний алдагдал хүлээж байгааг бодож үзээч. Яг хэний мөрөөдлийг биелүүлээд байгаа юм бэ” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Энэ мэтээр хууль санаачлагчид шахалт үзүүлснээр төслийг эцэслэн батлав. Гэхдээ хуулийн энэ өөрчлөлтийг ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хууль хэрэгжиж тамхины татвар нэмэгдэх, элекрон тамхи татвартай болох хүртэл импортлогчид хүссэн хэмжээгээр тамхи оруулж ирэх боломжтой гэсэн үг. УИХ хуулийн төслийг эцэслэн батлахгүй удсан, баталсан ч хэрэгжих хугацааг нь ердийн журмаар бус хоёр сар гаруйн дараагаас хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн зэрэг нь “Тамхи импортлогчдын лоббинд автсан учир ингэж шийдвэрлэлээ” гэсэн хардлага төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, “Тамхи импортлогчдод тодорхой хугацаа өгнө” гэсэн болзолтойгоор баталж байгаа бололтой.
С.Шийлэгтөмөрийн ""Болзолтой"-гоор баталсан хууль" нийтлэлээс
Гурав. Төсвийн тодотголоор юу шийдсэн бэ?
Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 20-нд 2026 оны төсөвтөө тодотгол хийлгэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг ээлжит бус, ээлжит чуулган дамнуулан хэлэлцсээр анх өргөн барьснаас нь хойш 57 хоногийн дараа баталлаа. Төсвийн тодотголыг батлахад эрх баригч намын дотоод хагарал саад болж ийнхүү бараг хоёр сарын дараа алх тогшив. Энэ хооронд Хууль зүй, дотоод хэргийн сайдаа огцруулан, шинээр томилж, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн суудал өнцөгдсөнөөс эхлээд багагүй хэл аман дундуур Засгийн газар төсвийн тодотголоо батлуулж чадлаа. Засгийн газрыг огцруулах санал, Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлаа УИХ-д оруулж ирэх сөрөг хүчний шахалт гээд иргэдийн төлөө ажил хэрэгч хэлэлцүүлэг гэхээсээ илүү улс төрийн агуулгатай шахалт дарамтан дунд 2026 оны төсвийн тодотголыг парламент хэлэлцсэн.
“Ерөнхий сайд хувийн сургуульдаа улсын төсвөөс санхүүжилт авах нь” хэмээх улс төрийн хэрүүл үүсэх шалтгаан болсон “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн тодотголоос хасаж баталлаа. Ингэснээр эрх баригч нам доторхи сөрөг хүчин болон АН-ынхны улс төрийн эсэргүүцэл зорилгодоо хүрэв. 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ачаалал нь ихэдсэн ерөнхий боловсролын сургуулиудын ойролцоо объект түрээслэн хотхоны бага сургуулиудыг нэмж ажиллуулахаар тодотголд тусгаад байсан юм. Одоо нийслэлийн төсвөөр санхүүжүүлэн хотхоны бага сургуулиудыг ажиллуулж байгаа бөгөөд он дуустал шаардлагатай хөрөнгийг нь нийслэлийн төсвийн тодотголоор шийдвэрлэх боломжтой гэдгийг УИХ-ын зарим гишүүн хэлж байлаа. Тэгэхээр Засгийн газрын дараагийн төлөвлөгөө нь нийслэлийн төсөвт тодотгол хийж хувийн сургуулиудад санхүүжилт олгох, хотхоны бага сургуулиудыг үргэлжлүүлэн ажиллуулах бололтой.
Хамгийн их хэл ам дагуулсан “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн санхүүжилт хасагдсан төсвийн тодотголд юу үлдэж, юу нэмэгдэж батлагдсаныг үргэлжлүүлэн "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу.
С.Шийлэгтөмөрийн "57 хоног хэлэлцсэн тодотголд юу багтав" нийтлэлээс
Дөрөв. Оролцоог нэмэх тэмцэл үргэлжилнэ
Манай парламентын нийт бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Энэ бол өмнө нь зам гаргасан чадварлаг эмэгтэй улстөрчид, иргэний нийгмийнхний олон арван жилийн уйгагүй тэмцлийн үр дүн юм. Тэгвэл тэр их үнээр олдсон боломжийг эдэлж буй эмэгтэй гишүүд хэрхэн ажиллаж байгаа вэ. Тэдний ажлын үр дүнгээр дараа дараагийн бүсгүйчүүдийн боломжийг тодорхойлно гээд хэлчихэд буруудахгүй.
Монгол Улс 2023 онд Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиа өөрчилж, холимог тогтолцоотой болгосон. Мөн парламентын гишүүдийн тоог ч 50-иар нэмсэн. Ингэхдээ тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна, мөн намын жагсаалтад хүйсээр эрэмбэлнэ хэмээн зохицуулсан билээ. Улмаар тойргоос найм, намын жагсаалтаар 24 эмэгтэй УИХ-д орж ирээд байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд тэд нийгэмд өгөөжөө өгсөн ямар ажил хийв, яаж нөлөөлөв.
Азийн улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 23 байгаа. Манайх хэдийгээр үүнээс давсан ч хүн амын тал хувийг эмэгтэйчүүд эзэлдэгтэй харьцуулахад тун хангалтгүй. 2015 онд НҮБ-ын гишүүн орнуудын баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэнэ хэмээн заасан юм. Үүнээс хойш улстөрч эмэгтэйчүүд, иргэний нийгмийнхэн хүйсийн тэгш эрхийг хангахын төлөө тэмцсэн. 2005 онд нэг удаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалт оруулж батлуулсан түүх бий. Гэвч 2008 оны сонгуулийн өмнө эл заалтыг эрэгтэй гишүүдийн санаачилгаар хүчингүй болгож байв. Ингээд 18 жилийн дараа сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхтэй зэрэгцэн хүйсийн тэгш эрхийг хангахад Монгол Улс нэг алхам урагшилсан юм.
2024 оны сонгуулиар хэрэгжүүлсэн 30 хувийн квотыг 2028 онд 40 болгон шатлалтайгаар өсгөхөөр хуульд тусгаад буй. НҮБ-ын дээрх зорилтыг биелүүлэхэд бидэнд дөрөв хүрэхгүй жил үлдээд байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх тэмцэл үргэлжилнэ. 50 хувь хүртэл өсгөх нь шударга ёсонд нийцнэ. Африкийн болон Нордикийн зарим оронд парламентынх нь талаас илүү хувь хэдийнэ эмэгтэйчүүд болчихсон. Гэхдээ тэдний эгнээнд нэгдэхэд дэлхийн ихэнх оронд нийгмийн хандлага, соёл, шашин, хууль эрх зүй, санхүүгийн гээд олон саад бэрхшээл оршсоор байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлэх квот тусгахаар хэлэлцэж байх үед нэгэн улс төр судлаач бүсгүй “Эхлээд оролцоогоо нэмэх хэрэгтэй. Үүний дараа чанар ярьж болно” гэж байв.
С.Туулын "Тооноос чанарын эрэлд буюу эмэгтэй гишүүд нөлөөлж чадахгүй байна" нийтлэлээс
Тав. Түүхэн үүрэг төгсөөгүй
Нефтийн нөөц 70 жилийн дараа дундрах бол байгалийн хий 100 жил, харин нүүрсний нөөц дахин 300 жил дэлхий нийтийг хангах боломжтой.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн зорилтын тэргүүнд малтмал түлш тэр дундаа нүүрсээс татгалзан ногоон эрчим хүчнээ шилжих төлөвлөгөө бичигдсэн. Харьцангуй чинээлэг агаад аж үйлдвэржсэн Их долоогийн бүлэг 2035 он гэхэд нүүрсний эрчим хүчнээс бүрэн татгалзах бол хөгжингүй орнууд 2030 он, харин хөгжил буурай орнууд олон улсын санхүүгийн тусламжтайгаар 2040-өөд он гэхэд нүүрсэн цахилгаан станцуудаа хаах зорилт тавьсан билээ. Гэвч Оросын Украинд эхлүүлсэн дайн Европын эрчим хүчний тогтолцоог донсолгож, Дональд Трампын бодлого АНУ-ын нүүрсний зах зээлийг ахин сэргээн, Ойрхи Дорнодын мөргөлдөөн байгалийн хийн нийлүүлэлтийг саатуулж үнэ нэмэгдсэнээр нүүрснээс татгалзах төлөвлөгөө хойшилж мэдэхээр нөхцөл байдал бүрэлдлээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай цаг агаарын хэт халалт, хүйтрэл, үер ус зэрэг байгалийн гамшгийн нөлөө ч ногоон эрчим хүч үйлдвэрлэлийн найдвартай байдлыг сорьж буй.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) 2026 оны есдүгээр сарын шинэчилсэн тооцоогоор дэлхийн нүүрсний эрэлт өмнөх төсөөлөл шиг буурах биш, харин эсрэгээрээ өсөх хандлагатай аж. 2025 онд нүүрсний хэрэглээ 0.3 хувиар нэмэгдэж, 8.84 тэрбум тоннд хүрсэн бол 2026 онд дахин 1.2 хувиар өсөж, 8.94 тэрбум тоннд хүрэхээр тооцжээ. Ингэснээр нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрэх юм.
Хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд нүүрсний гүйцэтгэсэн үүрэг асар их. Нүүрс түлж уурын тэрэг хөлөглөсөн аж үйлдвэрийн анхдугаар хувьсгалаас хойш удаах үйлдвэржилтийн үсрэнгүй хөгжил цөм хар алтад түшиглэж байв. Хүлэмжийн хий ялгарлын “гол буруутнаар” нэрлэгдэж нүүрсний оронд хийн хэрэглээ өсөн, сэргээгдэх эрчим хүчний технологи хөгжсөнтэй зэрэгцээд 2019, 2020 онд нүүрсний үйлдвэрлэлд бууралт ажиглагдсан. Гэвч 2021 онд Глазгод болсон уур амьсгалын дээд хэмжээний уулзалтаар нүүрсний хэрэглээг бүрмөсөн хорихоос илүүтэйгээр нүүрсхүчлийн хийн цэвэр ялгарлыг тэглэх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх илүү уян хатан, бодит шийдэл гэдэгт санал нэгдсэн юм. Чухамдаа улс орнууд боломжийн үнэтэй, хүртээмжтэй түлшнээс тийм ч амар татгалзах бодолгүй байсан хэрэг.
С.Лхагвасүрэнгийн "Нүүрстэй салах ёс гүйцэтгэх болоогүй" нийтлэлээс
Зургаа. Зул
Асан бадамлаж, аюулхайн чинадад үгс, үйл хэргээрээ гэрэл сийлж явсан нэгэн зул бөхөв. Алтайн мөнгөн тэргүүн үүлс дундаа чимээгүйхэн дүнхийсээр үлдлээ. Он цагийн салхин хүрэл биеийг нь зүлгэвч оршихын утга нь мянга мянганыг эвхсэн уулсынхаа адил мөр урт нэгэн эрхэм дүрсийг хурааж номын хуудаснаа хувиллаа. Эл эрхэм бол Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ахмад дипломатч, доктор, түүхч Дагвын Цахилгаан. Үйл хэргийг нь цагийн хүрд үл сааран эргүүлсээр байхын учир ертөнцийг тольдож амьдарсан энэ хүний үгс гэтэлсэн мэргэн ухаанд арвантаа жижигдэх нэгэн дурсамжийг сийрүүлэхээр зориглолоо.
Монголчууд аман зохиолын эртний уламжлалтай, тууль хайлдаг ард түмэн. Алтайн уулсын магтаалгүйгээр аялгуулан эхэлдэг туульч манайд ховор. Тэр л туулийн оронд бага насаа өнгөрүүлж, ээжийнхээ өгүүлдэг үлгэр домгийг чихрээс илүүтэй хүлхэж өссөн хүү хожмоо хөдөөгийн уул талаар соёлыг тарих сэхээтэн хэмээн нэрлэгдэж, хүнийн ертөнцийн оюуны охь, дэлхийн сонгодог уран зохиолын ноён оргил болох Хомэрийн “Илиада”, “Одиссэй” болон Дантэгийн “Тэнгэрлэг туульс”-аас эхлэн Достоевскийн “Мөрийч”, “Газар доороос бичсэн тэмдэглэл” зэрэг олон арван ланжгар бүтээлийг монгол хэлнээ уран яруу дуун хөрвүүлжээ. Хомэрийн “Илиада”, “Одиссэй” хөлгөн туульс барагцаалвал 2600 жилийн тэртээгээс өртөөлсөөр Монголд бүрэн эхээрээ орчуулагдсан нь тэр. Арван жилийн сурагч ахуй насандаа уран зохиолын номоос нэрийг нь дуулж, хүүрнэл хэлбэрийн хэсэгчилсэн хөрвүүлгээр л уншиж байв. Полифемийн агуйд хоригдож, Лянхуа идэштний орноос зугтаж, усны мангас Харибдагаас аюулгүй мултарч, Одиссэй баатрын хамт олон зуун хоногийг хамт туулан аялдаг сан. Харин “Илиада” туулийн зарим үйл явдлыг кинон дээрээс л илүүтэй үзэж, баатруудын нэрийг сонсож байсан санагдана. Гэвч ихэнх алдартай кино эх зохиолоосоо давж гардаггүйн жишээг ч мөн давтсан юм. Мөнхүү арван дөрвөн настай байхдаа “Одиссэйн домог” гэх номыг ээж минь надад хийж өгч билээ. Хүүхдийн сонины хайлчилбар, ном дээрх товчилсон оруулга, өөрийн сонсож, уншиж мэдсэнээ түүвэрлэн цуглуулж найруулаад бяцхан ном болгочихсон байв. Харин тэрхүү Хомэрийн алдарт туульсийг эх монгол хэлний эрмэг сайхан үг хэллэг, утга найруулгад зохируулан буулгаж, уншигчдын гар дээр хүргэсэн орчин цагийн монгол хэлний их туульч арвин их өвөө үлдээгээд буцлаа.
Б.Алтанхуягийн "Ертөнцийг тольдсон хүн" нийтлэлээс
Долоо. Цахилгаан машинд төрөөс үзүүлэх халамж
Шатахууны хомсдол, агаарын бохирдол зэрэг манай улсын асуудал, зовлон, бэрхшээл зарим улс орны хувьд бизнесийн таатай орчин болж хувирлаа. “Зуд болоход нохой зоолно, зовлон болоход лам баяжина” гэдэг шиг цахилгаан машин үйлдвэрлэгчдэд бидний дээрх зовлон бэрхшээл бизнесээ өргөжүүлэх таатай сайхан боломж олгож байна. Шатахууны хомсдол, технологийн дэвшил нь хүссэн, хүсээгүй иргэдийн сонголтод нөлөөлж цахилгаан машины худалдан авалт нэмэгдэж байгаа. Манай улсад одоогийн байдлаар 3000-аад цахилгаан автомашин бүртгэлтэй байгаа гэсэн мэдээлэл бий. Зах зээлийнхээ зарчмаар цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж байгаа гэсэн үг. Гэтэл нэмээд Засгийн газраас цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх бодлогоо улам лавшруулсаар байна. Уг нь одоо хэрэгжүүлж буй дэмжлэг нь багадаагүй. Цахилгаан автомашин хөлөглөгчдөд төрөөс ямар дэмжлэг үзүүлдгийг танилцуулъя.
Цахилгаан автомашиныг ногоон буюу илүү хөнгөлөлттэй худалдаж, тусгай ногоон дугаар олгож бусад автомашинаас онцгойлон үздэг. Улаанбаатар хотод цахилгаан машин бүр дархан эрхтэй. Бусад автомашин долоо хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцох эрхгүй, мөн нэгдүгээр эгнээгээр зорчиж болохгүй бол цахилгаан автомашинууд дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөж, нэгдүгээр эгнээгээр салхи татуулан давхих дархан эрхтэй. Түүнчлэн 2017 оны есдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот цахилгаан автомашинаас зам ашигласны төлбөр, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох албан татвар авахаа больсон. Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод ийм л дархан эрхтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байна. Шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, агаарын бохирдлоо бууруулж чадахаа больсон манай эрх баригчид цахилгаан машинд бүр далай, даян, дархан эрх олгохоор шийджээ. Улаанбаатар хотод цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрийн эхний хоёр цагийн төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг НИТХ-аар гаргуулна гэдгээ нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн юм. Нэмээд Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэйгөө хамт үйлдвэрлээд гурваас дээш жил болоогүй цахилгаан автомашиныг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлөх агуулгатай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. УИХ Засгийн газрын энэхүү саналыг дэмжиж баталсан тохиолдолд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 2027, 2028, 2029 онд цахилгаан автомашиныг Монгол Улсын хилээр ямар ч татваргүй оруулна гэсэн үг. Орж ирсэн автомашинуудад дээрх дархан эрхийг бүгдийг нь эдлүүлнэ. Арай л “Цахилгаан машинтай хүмүүсийн машиныг үнэ төлбөргүй цэнэглэж өгнө” гэсэнгүй. Машинаа цахилгаанаар цэнэглэхээс бусад бүх төлбөрийг нь чөлөөлөх гэж байна.
С.Шийлэгтөмөрийн "Хятад лобби" нийтлэлээс
Найм. Ертөнцийн өөр өнгө
Өнөө цагийн Монголын уран зургийн нэгэн өвөрмөц, содон төлөөлөгч болсон уран бүтээлч бол эх орныхоо соёл урлаг, ёс заншил, үүх түүх, байгаль, эл бүгдтэй харгалдах дотоод сэрэхүйгээрээ өнгө зохиомж, бэлгэдлийн онцгой хэлбэрээр илэрхийлдэг Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд билээ. Тэрээр саяхан “Монгол” нэртэй ээлжит бид даасан үзэсгэлэнгээ үзэгчдэд толилуулсан юм.
Үзэсгэлэнд тавигдсан зураг бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлог, харилцан адилгүй шинж чанартай. Үүнээс гадна бүхэлдээ түүхэн цаг хугацааг орчин үеийн хөгжилтэй холбосон зураачийн эрэлхийлэл, оюуны нэгэн цогц санааг тэндээс уудалж болно. Харин зургийн төрөл дотроос 2016 онд нийтэд хүргэсэн “Төгс бэлгэдэлт урлаг”, үүнээс арван жилийн дараа гаргасан “Монгол” үзэсгэлэнгийн бүтээлүүд ч тэр инперссионист, зарим талаар сюррелист чиг хандлагатай.
Ерөөс байгаль гэдэг олон өнгөний зохицол. Магадгүй үзэсгэлэнгийн бүтээлүүдэд тэмээ, говийн дүрслэл зонхилж байгаа ч нар мандах, жаргах, эгц дээрээс голлох болоод салхины хөдөлгөөн, зэрэглээний хөлөөр үүдэхээс шалтгаалан хэрхэн хувирч, өөрчлөгдөж байгааг тун гярхай ажигласан шиг санагдана. Тиймдээ ч өнгөнүүдийн хослол нь бусад зураачаас онхи өөр зохицолтойгоос гадна зургийн дүрүүд дэх зохиомж, таталсан зураасууд нь зөвхөн түүний зургийн дэвсгэрт л амилдаг мөн чанарыг цогцлооно.
Б.Алтанхуягийн "Дүрсээр үүтгэсэн Монгол" нийтлэлээс
Ес. Залуучуудын олимпын түүхийг Сенегалд бичнэ
Энэ оны спортын онцлох үйл явдал хоёрдугаар сард Итали улсад болсон “Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадмаар эхэлсэн. Тэгвэл оны сүүлийн олимп болох залуучуудын зуны олимпын IV наадам Сенегалын Дакар хотод энэ сарын 31-нээс ирэх сарын 13-ны хооронд болно.
Олон улсын олимпын хорооноос өсвөр үеийн шилдэг залуусыг тодруулах зорилготойгоор өвөл, зуны олимпын наадмыг зохион байгуулж ирсэн. Анхны залуучуудын зуны олимпын наадам 2010 онд Сингапурт болж, 204 орны 14-18 насны 3524 тамирчин 26 спортын төрөлд өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байв. Энэ наадмаас хойш дөрвөн жилд нэг удаа залуучуудын олимпын наадмыг зохион байгуулж, ирээдүйн аваргуудыг тодруулж эхэлсэн. 2014 онд БНХАУ-ын Нанжинд, 2018 онд Аргентиний Буэнос Айрест болсон 2022 оны олимп коронавирусын цар тахлын улмаас хойшлогдож байв. Иймээс энэ удаагийн IV наадам найман жилийн дараа зохион байгуулагдахдаа Африк тивд болж буйгаараа онцгой.
Манай улс залуучуудын зуны олимпын наадмаас гурван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Энэ наадамд оролцож байсан олон тамирчин хожим насанд хүрэгчдийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан юм. Тодруулбал, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, жүдоч Ц.Цогтбаатар, дэлхийн аварга, олимпын наадамд гурван удаа өрсөлдсөн хүндийн өргөлтийн М.Анхцэцэг нарын олон шилдэг тамирчин бий.
“Дакар 2026” залуучуудын зуны олимпын IV наадмын галт бамбарыг хүлээлгэн өгөх ёслол Грекийн Афин хотод боллоо. Энэ оны сүүлийн олимпыг зохион байгуулах Сенегалын багийн төлөөлөл галт бамбарын буухиаг хүлээн авсан юм. Африк тивд анх удаа олимпын наадам болох гэж буй нь сая сая африкчуудын анхаарлыг татаж наадмыг угтсан арга хэмжээ Сенегал улсад тусгай хөтөлбөрийн дагуу болж байна.
Ч.Болорчулууны "Африкт болох анхны олимп" нийтлэлээс