
Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар" Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд болох долоодугаар сарын 10-20-ны хугацаанд гаалийн газар, хороодод хариуцлагатай жижүүр ажиллана. Энэ хугацаанд зарим хилийн боомт амрах ч хилээр орж ирсэн бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг тасралтгүй, шуурхай гүйцэтгэнэ. Харин төмөр замын болон агаарын хилийн боомтууд 24 цагаар хэвийн ажиллана.
Гаалийн байгууллага энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 2047 зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 17.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Илэрсэн зөрчлийн 50 хувь нь татвараас зайлсхийсэнтэй холбоотой бол 23.5 хувь нь тарифын бус хязгаарлалттай, хориглосон барааг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг байна.
Нийт илэрсэн зөрчлөөс 52 нь гэмт хэргийн шинжтэй байсан тул хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Тухайлбал, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 12 зөрчлийг хууль хяналтын байгууллагатай хамтран илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлсэн.
Мөн томоохон боомтуудаар улсын хилээр 1.6 килограмм алт хууль бусаар гаргахыг завдсан хэргийг гаалийн байгууллага бие даан илрүүлсэн. Түүнчлэн Турк улсаас ирсэн нэгэн иргэн биедээ 12.2 килограмм алтан эдлэл нууж улсын хилээр оруулж ирэхийг завдсан зөрчил бүртгэгдсэн.
Үүнээс гадна тусгай зөвшөөрөл шаарддаг, чихрийн шижингийн II хэлбэрийн үед хэрэглэдэг инсулин тариаг арилжааны зориулалтаар их хэмжээгээр хууль бусаар оруулж ирсэн тохиолдол илэрсэн. Инсулин нь зөвхөн эмчийн заавар, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу хэрэглэх эм тул эрүүл мэнддээ эрсдэл учруулж болзошгүй хууль бус худалдаанаас сэрэмжтэй байхыг зөвлөе" гэв.