
Австралийн үндэсний олон нийтийн телевиз ABC хүүхдийн телевизийн алдарт дүр Блюиг “хүндэтгэлгүй” байдлаар дүрсэлсэн шог зураг нийтэлснийх нь төлөө барууны үзэлтэй “Нэг үндэстэн” намаас уг дүрийг улс төрийн агуулгатай бүтээлдээ ашиглахаа зогсоохыг шаарджээ.
The Guardian сонины мэдээлснээр, ABC телевиз “Нэг үндэстэн” намаас эдгээр шог зургийг өөрийн цахим платформуудаас устгахыг шаардсан байна. Телевизийн ерөнхий захирал Хью Маркс дүрийг зөвшөөрөлгүй ашигласан асуудлаар хууль эрх зүйн арга хэмжээ авах боломжийг судалж байгаагаа мэдэгджээ. “Миний бодлоор энэ нь оюуны өмчийн эрхийг зөрчсөн хэрэг” гэж хэлсэн байна.
Маргааны голд орсон The State of Melbourne нэртэй бичлэгийг 2024 онд “Нэг үндэстэн” намын Please Explain цувралын хүрээнд нийтэлжээ. Уг бичлэгт Блюи жийп автомашин жолоодож, Виктория мужийн Ерөнхий сайд асан Дэниел Эндрюс, Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз болон телевизийн хөтлөгч Роберт Ирвиний хүүхэлдэйн дүрийг дайрч буйгаар гардаг. Өөр нэг хэсэгт Эндрюс, Албаниз нар автомашинд сууж явахдаа Блюи болон Ирвинийг дайрч, дараа нь тэдний цогцсыг машины тээшинд хийж буйгаар дүрсэлжээ. “Энэ бол Блюигийн ямар нэгэн бүтээлийг элэглэсэн хэрэг биш. Оюуны өмчийг өчүүхэн хэмжээнд ашигласан асуудал ч биш. Миний үзэж байгаагаар, нэгдүгээрт, энэ нь оюуны өмчийн эрхийг зөрчсөн хэрэг” гэж Маркс хэлжээ. “Гэхдээ үүнээс гадна энэ бол Австралийн хамгийн хайртай дүрийг цочирдом байдлаар ашигласан явдал юм. Магадгүй дэлхий дахинд хамгийн их хайрлагддаг дүрүүдийн нэгийг Австралийн хүүхдүүдийн сэтгэлийг цочроож, тэднийг үл хүндэтгэсэн бичлэгт ашигласан байна” гэж тэр нэмж хэлжээ.
Брисбенд төвтэй Ludo Studio-ийн бүтээсэн Bluey хүүхэлдэйн кинонд Блюи хэмээх цэнхэр хелер үүлдрийн гөлөг дүү Бинго болон эцэг эх Бандит, Чилли нарын хамт өдөр тутмын гэр бүлийн амьдралаа төсөөллийн тоглоом болгон хувиргаж буйг харуулдаг. Энэхүү цуврал дэлхий даяар амжилт олж, 180 гаруй улсын үзэгчдэд тэр дундаа хүүхдүүдэд хүрчээ. 2025 оны хоёрдугаар улиралд BBC-ийн платформуудаар нийт 7.2 сая удаа үзсэн нь тухайн хугацаанд Их Британийн хамгийн олон үзэгчтэй хүүхдийн нэвтрүүлэг болгосон байдаг.
Тус цувралын ном 29 хэлээр нийт 45 сая хувь борлогджээ. Мөн Bluey’s Big Play тайзны жүжиг 13 орноор аялан тоглож, дэлхий даяар 2.5 сая гаруй үзэгч татсан байна. Bluey цуврал BAFTA болон Эмми зэрэг шагналыг багтаасан 65 гаруй шагнал хүртжээ.
ABC телевизийн төлөөлөгч лхагва гарагт мэдэгдэхдээ, “Нэг үндэстэн” намын улс төрийн зорилгоор Блюи шиг хүүхдийн дүр, үндэсний бэлгэ тэмдгийг янз бүрийн хэлбэрээр зөвшөөрөлгүй ашиглаж байгаад телевиз “маш их санаа зовниж” байна гэжээ. “Энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл холбогдох шог зургуудыг Нэг үндэстэн намын платформуудаас нэн даруй устгаж, цаашид дахин ашиглахгүй байх ёстой гэж ABC үзэж байна” хэмээн төлөөлөгч мэдэгдсэн байна.
ABC телевиз Блюигийн оюуны өмчийн эрхийг эзэмшдэггүй бөгөөд BBC тус цувралыг олон улсад түгээх эрхийг эзэмшдэг аж.
“Нэг үндэстэн” намын дарга Полин Хэнсон ABC News-т өгсөн ярилцлагадаа уг шог зургууд оюуны өмчийн эрх зөрчөөгүй гэж мэдэгджээ.
Австралийн Харилцаа холбооны сайд Аника Уэллс ABC телевиз эдгээр шог зурагтай холбоотой асуудлаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн нь үндэслэлтэй гэж мэдэгджээ. Тэрээр ABC Radio National-д ярилцлага өгөхдөө Блюиг Австралийн дэлхийд танигдсан томоохон экспортын бүтээгдэхүүнүүдийн нэг хэмээн тодорхойлоод, “Элэглэл бол нэг хэрэг. Харин хяналт, шүүмжлэл чухал” гэж хэлсэн байна.