
Ердөө хоёр долоо хоногийн өмнө 675 сургууль, цэцэрлэгийн 35569 ажилчин ажил хаялт зарласан. Ажил хаялт 13 өдөр үргэлжилсэн бөгөөд улсын сургуульд суралцаж буй мянга, мянган хүүхдүүдийн суралцах, хөгжих эрх мөн үеэр зөрчигдсөн. Багш нарын ажил хаялт зогсож, хичээл эхэлснээс хойш хоёр долоо хоногийн турш олонх сургууль урлагийн үзлэг, сургуулийн аварга шалгаруулах спортын наадам зэргийг зохион байгуулсан. Үүний улмаас хичээл, сургалт алсарсан талтай. Гэтэл дахиад л боловсролын үйл ажиллагааг хаах, хязгаарлах асуудал хөндөгдөж эхлэв.
Улирлын томуугийн үнэлгээгээр нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, хоёр аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор сурагчдын өвлийн амралтыг хоёр долоо хоногийн өмнөөс эхлүүлэх саналыг Эрүүл мэндийн яам гаргажээ. Уг нь тус яам өвчлөлийн тархалтыг гарз, хохирол багатай бууруулах, өвчилсөн иргэдийг чирэгдэл багатай эмчлэх, эрүүлжүүлэх, тархаж буй халдварын онцлог шинжийг судалж, тогтоон, иргэдэд мэдээлэх, урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжөөр хангах үүрэгтэй субъект. Гэвч асуудлыг хамгийн дөт, амар аргаар шийдвэрлэхийг мэрийж, хүүхдийн эрхийг зөрчихөөр зэхэж байна.
Хэдийгээр Боловсролын яамнаас Эрүүл мэндийн яамны гаргасан саналыг шууд хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн ч Ерөнхий сайд Г.Занданшатар өвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногоос хичээлийг цахимд шилжүүлэхийг үүрэг болгосон байна. Тэрээр энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатны байгууллага хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй, улам нэмэгдвэл ирэх долоо хоногоос цахимд шилжүүлнэ гэж мэдэгджээ. Хэрэв хичээлийг цахимд шилжүүлэхээр болбол сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарч, үүрэн холбооны оператор компаниуд болон ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг Боловсролын яаманд чиглэл болгов.
Бүх нийтийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Гэхдээ хүүхдийн боловсрол, хөгжил ч үүнтэй ижил чухал. Гэвч манайд юм л бол боловсролын эсрэг бичил дайн өрнөдөг боллоо. Менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн талаар ХӨСҮТ мэдээлмэгц сургуулийн үйл ажиллагааг зогсоохыг иргэд шаардаж, нийгмийн сүлжээнд давлагаалж эхэлсэн нь саяхан. Бүр утаа, түгжрэл нэмэгдэхэд хүртэл сургуулиудыг цахимд шилжүүлэхийг уриална. Гадаа -20 хэм хүрч хүйтэрмэгц л хүүхдүүдээ амраая гэж шагширцгаадаг болсон. Үүний горыг хүүхдүүд л хүртэнэ. Цаашлаад нийгэмд асар сөрөг үр дагавартай.
Монгол сурагчид жилд дунджаар 170 хоног хичээллэдэг. Энэ нь боловсролын чанараараа дэлхийд тэргүүлж буй орнуудтай харьцуулахад бага тоо. Япон хүүхдүүд 365 хоногийн 210-д нь сургуульд суралцдаг бол БНСУ, БНХАУ, Герман зэрэг оронд сурагчид 190-200 хоног хичээллэдэг аж. Хичээллэх учиртай төлөвлөгөөт хоног нь бусад улс орноос цөөн хэр нь ханиад томуу, халдварт өвчин, түгжрэл, утаа зэргийг зохицуулах зорилгоор сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байвал боловсролын чанар улам л ухарна. Түүнчлэн танхимын сургалтыг цахимд шилжүүлэх нь анги, давхаргын ялгааг гааруулдаг. Гэрийн багш хөлсөлж хичээлээ давтаж, гаднын улс руу явж, хэлний мэдлэгээ чамбайруулан, төлбөртэй, цахим хичээлд хамрагдан хоцрогдлоо нөхөх боломжтой нэг хэсэг байхад сургууль амарчихаар дулаан сууц, үдийн ундаар гачигдах багачууд ч Монголд олон бий. Дэд бүтэц, амьдралын боломж зэргээс шалтгаалан цахим хичээлд хамрагдаж чадахгүй мянга, мянган хүүхэд сурлагын хоцрогдолд орно. Ийнхүү ангийн ялгаа боловсролын ялгаагаар хүрээгээ тэлнэ. Үүнийг цар тахлын жилүүд бэлхнээ нотолсон бөгөөд бид одоо ч хөл хорионы үеийн хичээлийн хоцрогдлоо нөхөж чадаагүй л байна.