
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болж байна. 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин өрсөлдөж буй тус тэмцээн өнөөдөр пүмсэ төрлөөр эхэллээ. Тэмцээн энэ сарын 26-н хүртэл тулаан, пара таеквондогийн төрлөөр үргэлжилнэ.
Хоёр жилд нэг удаа болдог Азийн аварга шалгаруулах тэмцээн нь тивдээ олимпын хамгийн өндөр оноо олгодог гэдгээрээ өндөр ач холбогдолтой юм. Мөн энэ тэмцээнээс ирэх есдүгээр сард Японд болох Азийн зуны XX спортын наадамд өрсөлдөх эрх олгоно. Тодруулбал, жин тус бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчид Азийн наадамд өрсөлдөх эрхтэй болох аж. Түүнчлэн Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирэхээр болжээ.
Тэмцээний нээлт өнөөдөр М Банк Аренад болно.