
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Ерөнхийлөгч И Жэ Мёны энэ оны зургадугаар сард гадаад улсад хийсэн айлчлалтай холбоотой хувийн мэдээлэл задарсан хэргийг шалгаж байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч, түүний эхнэр болон мэдээлэл нь задарсан бусад албан тушаалтны паспортыг шинээр олгох арга хэмжээ авч байгаагаа мягмар гарагт мэдэгджээ.
Өмнөд Солонгосын KBS телевиз даваа гарагт Ерөнхийлөгч И Жэ Мён, түүний хамгаалалтын албаныхан болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Раг зэрэг нийт 168 хүний паспортын мэдээлэл зургадугаар сарын эхээр төлбөртэй цахим сайтад нийтлэгдсэн талаар мэдээлсний дараа Гадаад хэргийн яам ийм тайлбар хийлээ. Тус яам уг хэргийг хакерын халдлага бус, мэдээлэл алдагдсан тохиолдол гэж үзэж энэ талаар мэдсэн даруйдаа холбогдох байгууллагуудад шалгалт явуулах хүсэлт тавьжээ. Мэдээлэл хэрхэн задарсныг тогтоохоор цагдаа болон бусад эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар яамны төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Мөн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор ашигласан компьютер, цахим шуудангийн бүртгэлүүдэд техникийн шалгалт хийж байгаа, цахим сайтаас мэдээллийг устгуулах, цаашид дахин задрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаа мэдэгджээ.
KBS телевиз уг мэдээллийг цахим орчинд илрүүлснийхээ дараа Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдэгдсэн гэж мэдээлсэн байна. Тус телевизийн мэдээлснээр, Ерөнхийлөгч И Жэ Мёны зургадугаар сард Европт хийх айлчлалаас хэд хоногийн өмнө уг файлыг “Зорчигчдын жагсаалт” гэсэн нэрээр байршуулжээ. Айлчлалын хүрээнд тэрбээр Их 7-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бельги, Итали, Франц улсад айлчилсан.
Гадаад хэргийн яамны албан тушаалтны мэдээлснээр, задарсан мэдээлэл бусад этгээдэд тархсан гэх нотолгоо байхгүй байгаа аж.