
Латви, Литва улс лхагва гаргийн өглөө эрт хэд хэдэн бүс нутгийнхаа оршин суугчдад ОХУ болон Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин үл таних нисгэгчгүй нисэх төхөөрөмж агаарын орон зайд нь нэвтрэх аюул тулгарч болзошгүй тул хоргодох байранд орохыг анхааруулжээ. Мөн НАТО-гийн агаарын довтолгооноос хамгаалах сөнөөгч онгоцуудыг бэлэн байдалд ажиллуулсан байна.
Литвийн Үндэсний хямралын удирдлагын төвөөс гаргасан анхааруулгад тус улсын хоёр дахь том хот болох, 300 мянга орчим хүн амтай Каунас хот багтжээ. Украины цэргийн зориулалттай нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд Финланд, Эстони, Латви, Литвийн агаарын орон зайд санамсаргүйгээр нэвтрэх тохиолдол гарсаар байгаа нь Орос болон түүний холбоотон Беларусийн хилтэй залгаа НАТО-гийн орнуудад Украины дайн хүрээгээ тэлж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Украин Оросын Балтын тэнгисийн эрэг дэх газрын тос тээвэрлэх боомтуудад халдлага үйлдэх үеэр зарим нисгэгчгүй онгоц нь байндаа хүрэлгүй, хөрш орнуудад нь аюулгүй байдлын сэрэмжлүүлэг гаргахад хүргэжээ. Латви улсын хувьд ийм тохиолдол энэ оны эхээр гарч засгийн газар нь огцроход хүрсэн.
Москва Киевийг халдлага үйлдэхдээ НАТО-гийн агаарын орон зайг халхавч болгон ашиглаж байна гэж буруутгаж байгаа бол Киев Оросын радио дохио саатуулах ажиллагааны улмаас зарим нисгэгчгүй онгоц чиглэлээ алдсан гэж мэдэгджээ.
Харин НАТО-гийн орнууд эдгээр хэрэг явдалд Оросыг буруутгаж, Украины дайныг Орос эхлүүлсэн гэдгийг онцолж байна.