Катар, Пакистаны зуучлалаар лхагва гарагт Доха хотод болсон АНУ, Ираны шууд бус хэлэлцээрт ахиц дэвшил гарсан гэж Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажид аль-Ансари мэдээлэв.
“Өнөөдөр Дохад Катар, Пакистаны зуучлагчид АНУ болон Ираны төлөөлөгчидтэй тусдаа уулзалт хийж, Исламабадын харилцан ойлголцлын санамж бичигтэй холбоотой асуудлуудаар эерэг ахиц дэвшил гаралаа" гэж аль-Ансари нийгмийн сүлжээнд бичжээ.
Тэрээр хэлэхдээ, хоёр тал ойрын хугацаанд хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон бөгөөд дараагийн уулзалтыг АНУ-ын цохилтод амиа алдсан Ираны Дээд удирдагч асан Аятолла Али Хаменеигийн оршуулгын ёслолын дараа "аль болох хурдан" товлох болно гэжээ. Ираны эрх баригчид 7-р сарын 4-нөөс 9-ний хооронд Хаменеигийн оршуулгын ёслолыг зохион байгуулахаар төлөвлөж буй аж.
Мөн лхагва гарагт Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади Катарын Ерөнхий сайдтай Иран-Америкийн санамж бичгийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн. Үүний дараа Иран, Катар, Пакистаны гурван талт уулзалт болсон юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф болон ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нар мөн мягмар, лхагва гарагт Катарт хэлэлцээ хийжээ. Тэд Катарын Эмир Тамим бин Хамад Аль Танитай уулзах үеэрээ Вашингтон, Техраны хооронд байгуулсан ойлголцлын санамж бичигт дурдсанчлан Ливанд гал зогсоох болон АНУ-Ираны хэлэлцээрийн байдлын талаар хэлэлцжээ.
Мягмар гарагт Виткофф, Кушнер нар Катарын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд Мохаммед бин Абдулрахман Аль Танитай Дохад уулзах үеэрээ Вашингтон Техрантай цогц тохиролцоонд хүрэхийн тулд хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг дахин нотлов.