
Хуурамч академик бичиг баримт бүрдүүлсэн нь илэрсний дараа ирэх долоодугаар сард төгсөхөөр төлөвлөж байсан орон нутгийн их сургуулийн 100 гаруй хятад оюутны визийг хүчингүй болгосон байна. Тэд бүгд Гванжү хот дахь Хонам их сургуульд суралцаж байсан бөгөөд визийг нь Гванжүгийн Цагаачлалын алба өнгөрсөн нэгдүгээр сард өвлийн амралтын үеэр цуцалсан болохыг саяхан баталжээ. Оюутнуудын ихэнх нь магистрт сурч байсан бөгөөд зарим нь өөр сургуулиас шилжин ирсэн бакалаврын оюутнууд байжээ.
Ихэнх оюутнууд тухайн үед эх орондоо байсан тул Өмнөд Солонгос руу дахин нэвтрэх боломжгүй болсон. Харин өвлийн амралтаар Солонгост үлдсэн 5 оюутанд тус улсаас гарах тушаал өгсөн бөгөөд тэднээс дөрөв нь сайн дураараа гарчээ.
Их сургуулийн зүгээс шинэ улирал эхлэхээс өмнө эдгээр оюутнуудад яаралтай мэдэгдэл илгээж, Өмнөд Солонгос руу буцаж ирэхээ хойшлуулахыг зөвлөсөн бөгөөд хэрэв ирвэл нисэх онгоцны буудал дээр саатуулагдаж, албадан гаргах эрсдэлтэйг анхааруулсан байна.
Сургууль нь оюутан элсүүлэхдээ академик бичиг баримтыг шалгахын тулд апостиль гэх мэт олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтын системд тулгуурладаг гэж тайлбарлажээ. “Бүх дипломыг дангаар нь шалгах боломжгүй тул бид апостиль зэрэг олон улсын баталгаажсан бичиг баримтад найдаж байдаг” гэж Хонам их сургуулийн албан тушаалтан тайлбарласан аж.
“Эдгээр оюутнуудыг элсүүлэхдээ тэдний бичиг баримтыг энэ процессоор баталгаажуулсан бөгөөд Хууль зүйн яам болон Цагаачлалын алба ч мөн тухайн бичиг баримтад үндэслэн виз олгосон. Сургууль өөрөө ч энэ нөхцөл байдалд гайхаж байна” гэж нэмжээ.
Олон улсын оюутны тоо нэмэгдэхийн хэрээр анхан шатны шалгалтын үүрэг их сургуулиудад шилжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн яам нь их сургуулиуд ирүүлсэн бичиг баримтыг зохих ёсоор шалгаагүй сургуулиуд ч мөн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.
Гэхдээ их сургуулиуд олон улсын оюутнуудын академик байдлыг хянах, тайлагнах үүрэгтэй ч, хууль болон түүний хэрэгжилтийн журамд виз мэдүүлэх шатанд дипломын жинхэнэ эсэхийг шалгах хариуцлагыг тодорхой заагаагүй байна.
The Korea Times сонины асуултад Хууль зүйн яамнаас өгсөн хариултад, хэдэн зуун оюутан ижил хугацаанд АНУ-ын нэг их сургуулиас бакалаврын зэрэг авсан гэж мэдүүлсэн нь сэжиг төрүүлсэн гэжээ.
“Хэдэн зуун оюутан ижил хугацаанд АНУ-ын нэг их сургуулиас бакалаврын зэрэг авсан гэж мэдүүлсэн нь сэжиг төрүүлсэн” гэж Хууль зүйн яамны нэгэн албан тушаалтан хэлжээ. “Дараа нь тухайн хугацаанд тэдгээр оюутнууд АНУ-д байгаагүй нь тогтоогдсон бөгөөд энэ нь бүрэн хэмжээний мөрдөн шалгалт эхлүүлэхэд хүргэсэн” гэжээ.
Оюутнуудын дипломууд хуурамч болох нь эцэстээ батлагдаж, яам визийг нэн даруй хүчингүй болгосон байна.
Цагаачлалын алба мөн эдгээр арга хэмжээг Цагаачлалын хуулийн дагуу авсан бөгөөд хэрэгт холбогдох нарийвчилсан мөрдөн шалгалт үргэлжилж байгааг мэдэгдэв.
Хонам их сургууль үргэлжилж буй мөрдөн шалгалтад бүрэн хамтран ажиллахаа илэрхийлж, мөн хууль эрх зүйн дүгнэлт хийж, нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авахаар бэлтгэж байна.