
ОХУ-ын нийслэл Москва хотын төвд орших Савеловскийн төмөр замын буудлын орчимд цагдаагийн автомашины дэргэд нэгэн этгээд тэсрэх төхөөрөмж дэлбэлсний улмаас нэг цагдаа болон халдлага үйлдэгч өөрөө амиа алджээ.
Дэлбэрэлт мягмар гарагийн шөнө дунд болсон байна. Халдлага Москва хотын гол төмөр замын зангилаануудын нэг болох Савеловский буудлын ойролцоо гарчээ.
ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, замын цагдаагийн алба хаагчид сууж байсан эргүүлийн автомашинд этгээд ойртон очсоны дараа тэсрэх төхөөрөмж дэлбэрч, нэг цагдаа газар дээрээ нас барсан байна. Өөр хоёр алба хаагч шархадсан бөгөөд эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. ОХУ-ын Мөрдөн шалгах хороо “хууль сахиулагчийг алахыг завдсан” болон “тэсрэх төхөөрөмж хууль бусаар эзэмшсэн” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэснээ мэдэгджээ.
Төрийн мэдлийн TASS агентлагийн мэдээлснээр дэлбэрэлт хүчтэй байсан ч автомашин галд автаагүй гэж мэдээлжээ.
Халдлага болсон газрын байдалСүүлийн долоо хоногуудад Москвад хэд хэдэн халдлага гарсан бөгөөд энэ удаагийн дэлбэрэлт нь 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлсний дөрөв дэх жилийн ойтой давхцаж байна. Энэ сарын эхээр Оросын цэргийн тагнуулын өндөр албан тушаалтан хүнд шархадсан.
2025 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхий штабын сургалтын газрын дарга дэслэгч генерал Фаниль Сарваров автомашины дэлбэрэлтээр амиа алдсан. Түүнээс хоёр хоногийн дараа Москва хотод дахин дэлбэрэлт болж, хоёр цагдаагийн алба хаагчийг багтаагаад гурван хүн нас барсан.
Украин 2024 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын цөмийн, биологийн, химийн хамгаалалтын хүчний дарга дэслэгч генерал Игорь Кирилловыг орон сууцных нь гадна цахилгаан скүүтерт нуусан бөмбөгөөр хөнөөсөн халдлагын хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн билээ.