
Ирж буй гал морин жилийн өнгө, зурлага, жилүүдийн засал, сар шинийн өдрүүдэд анхаарвал зохих үйлийн талаар Гандантэгчинлэн хийдийн зурхайч Ч.Очирбаттай ярилцлаа.
-Сайн байна уу та. Сар шинийн босгон дээр ярилцаж байгаа учир улирч буй могой жил монгол түмний хувьд ямар жил байсан талаар ярилцлагаа эхэлье?
-Монгол түмэн өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдэлж, жилийн өнгө төрхөө ажиглан шинжиж ирсэн ард түмэн. Цагаан сарын бол тухайн жилийн өнгийг тодорхойлж, өвлийн хахир улирлыг даван хаврын урин цагтай золгож, хүн бүхэн нас нэмж, хийморь сүлдээ сэргээдэг онцгой баяр юм. Могой жилийн тухайд гарсан өнгөний дагуу өнөтэй, өгөөжтэй жил байлаа. Жилийн өнгөндөө өвөл өвс элбэг, цас зуд багатай байна хэмээн бууж байсан. Үүний дагуу байгаль дэлхий харьцангуй тогтуун, мал сүрэг тарга тэвээрэг сайтай, зуд турхан багатай жил өнгөрлөө.
-Гал морин жил гарч байна. Гал гэх агуулга нь юуг тодотгож байна вэ. Мөн морь жил Монгол түмэнд хэр ээлтэй жил вэ?
-Жилийн өнгийг жаран буюу 60 жилийн онцлогоор нь тодорхойлдог. Жил бүр өөр өөрийн нэр, онцлог шинжтэй байдаг. Энэ жилийн тухайд, “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил гарч байна. Үүний урд элдэв нэртэй усан морин жил, ялгуусан нэртэй модон морин жил, согтонг нэртэй төмөр морин жил гарч байсан. Согтонг нэртэй төмөр морин жилд тариа, ургац элбэг байсан түүхтэй. Энэ жилийн хувьд, цагийн хур цагтаа орж, өвс, ногоо элбэг байна. Мөн өвчин зовлон, зуд турхангүй, амар амгалан жил тохиох хийгээд төрийн хууль чангарсан жил байх өнгөтэй байгаа.
-Морин жилд ямар жилтэй хүмүүс ямар засал хийлгэж, юун дээр анхаарах учиртай талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Буян тогтсон жил байна. Залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд биеэ энхрийлүүштэй жил. Заслын тухайд, морь жилийн их харш жил нь хулгана. Туулай, тахиа жилтэй хүмүүс бага харшийн засалтай. Мөн 1994 оны нохой жилтнүүд 33-ны мөчлөгийн засал хийлгэх шаардлагатай. Морь жилтнүүд жил орж байгаа заслаа хийлгэнэ. 37, 97-ны жил дээр мэнгэ голлодог.
-Ивээл жилтэй хүмүүс засал хийлгэх шаардлагатай юу?
-Бар, морь, нохой гурав ивээл. Ивээл жил гарахад хийморь доройтдог гэж үздэг. Учир нь ивээл жилтэй хүмүүсийн хийморь бах бодь нь нэг байдаг. Тиймээс жил гарсан үед хийморийн сан уншуулах нь зохилтой. Мөн ивээл жилийн түнсэм гэх засал болон суудлын гүймгийн засал хийлгэдэг.
-33-ны мөчлөгийн засал, домын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Зурхай, цаг тооны бичиг зээр 33-ны мөчлөг тохиох үед уншуулах ном, заслын талаар тодорхой тайлбарладаг байдаг. Домын хувьд, биеэ өөрчил гэх утгатай төвд үг бий. Тэгэхээр бие өвдөх, ажил үйлс доройтох, хийморь гундах үед цаасаар таяг хийж тулаад өвгөн хүний дүр бүтээж дом хийх нь бий. Мөн үс, зүсээ өөрчилж домнодог.
-Жилийнхээ засал номыг хийлгэхгүй бол ямар үр дагавар бий болдог вэ?
-Хүн бүрийн амьдрал, шашин шүтлэг янз, янз. Гэхдээ бурхны шашин дэлгэрсэн цагаас хойш зурхайн ухаан бий болсон. Бурхан багш замба тив, ертөнц дээр дөрвөнтэй ном номлосон байдаг. Нэг нь Дүйнхор цойж гэх ном. Үүн дотод гараг эрхсийн хөдөлгөөн, сав шим ертөнцийн байрлал зэргийг номлосон байдаг. Үүнээс үүдэлтэйгээр зурхайн ухаан дэлгэрсэн. Засал хийлгэхгүй хүмүүс байдаг. Гэхдээ жилийн заслаа хийлгээгүйн улмаас ажил үйлс бүтэхгүй, барцад саадтай байна гэх хүмүүс хийдэд олон ирдэг.
-Сар шинийн баярын өдрүүдэд хүн юуг цээрлэж, юуг үйлдэх учиртай вэ?
-Цагаан сар тохиодог сарын хувь сар хэмээн тодотгосон байдаг. Тиймээс хүүхэд, настанд хувь тараа гэх агуулга шиг байгаа юм. Мөн сайн, сайхан зүйл бодож, сайн үйл дэлгэрүүлдэг учиртай.