
Европын Комисс Украинд ирэх онд үүсэх 70 тэрбум еврогийн санхүүжилтийн дутагдлыг нөхөхөд туслах зорилгоор 45 тэрбум еврогийн шинэ зээл олгох санал гаргалаа.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хэлэхдээ, Украин уг зээлийг зөвхөн Орос улс дайны улмаас учруулсан хохирлын нөхөн төлбөрийг төлсний дараа буцаан төлөх шаардлагатай болно гэжээ.
ЕХ-ны гишүүн орнуудын зөвшөөрөл шаардлагатай энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн оны сүүлээр ЕХ-ны удирдагчдын тохиролцсон, Украинд 2026, 2027 онд санхүүжилт олгох 90 тэрбум еврогийн зээлийн дээр нэмж хэрэгжих юм. Ирэх жилийн санхүүжилтийн дутагдлыг нөхөх үлдсэн хэсгийг Украины олон улсын бусад түншүүд гаргах төлөвтэй байгааг фон дер Ляйен хэлсэн байна.
Европын холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын Комисс шинэ зээлийн 25 хүртэлх тэрбум еврог цэргийн тусламжид, 20 хүртэлх тэрбум еврог улсын төсвийн ерөнхий дэмжлэгт зарцуулах санал гаргажээ. Зээлийг санхүүжүүлэхийн тулд Европын Комисс ЕХ-ны нэрийн өмнөөс олон улсын зах зээлээс зээл авах юм гэж албаныхан мэдээлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський уг саналыг сайшааж, энэ зээл нь ирэх жилийн улсын төсөв болон батлан хамгаалахын хэрэгцээний “ихээхэн хэсгийг нөхнө” гэж мэдэгджээ. “Европын парламент болон Зөвлөл (ЕХ-ны засгийн газрууд)-аас энэхүү шийдвэрийг шуурхай батална гэж найдаж байгаа бөгөөд ЕХ-ны бүх гишүүн орнуудын дэмжлэгт итгэж байна” гэж тэр X платформд бичжээ.
Европын эдийн засгийн асуудал эрхэлсэн комиссар Валдис Домбровскис Орос улс чухал дэд бүтцэд хийх довтолгоогоо эрчимжүүлж, худалдааг тасалдуулж байгаатай холбоотойгоор, ялангуяа Хар тэнгисийн экспортын замыг хааж буй тул Украинд нэмэлт дэмжлэг шаардлагатай гэж мэдэгджээ. “Украин бараг таван жилийн турш Оросын түрэмгийллийн эсрэг хамгаалалт хийж ирсэн. Энэ түрэмгийлэл нь манай иргэд, нутаг дэвсгэр, амьдралын хэв маягт ч заналхийлж байна. Бидний дэмжлэг Украинд стратегийн чухал түнш болж өгч байна” гэж тэр хэлсэн байна.
Фон дер Ляйен ЕХ-ны бүх гишүүн орон шинэ зээлийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өмнөх зээлээс Унгар, Чех, Словак гэсэн гурван улс татгалзсан юм.
Тэрээр Украиныг цэргийн тусламжаар дэмжихийг төдийлөн хүсдэггүй ЕХ-ны орнууд ч Киевийг ерөнхийд нь дэмжих үүрэгтэй хэвээр байгаа тул шинэ зээлийг иргэний хэрэгцээг хангахад чиглүүлж буй үндэслэлээр дэмжиж болно гэж хэлжээ.