
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 20–ноос хоёрдугаар сарын 02-ны өдөр НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын мэдээгээр Сонгинохайрхан дүүрэгт 41, Чингэлтэй дүүрэгт 31, Сүхбаатар дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 19, Баянзүрх дүүрэгт 37, Баянгол дүүрэгт 12 бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад гурван тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Мөн Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Орхон аймаг, Өмнөговь аймаг болон Төв аймагт угаарын хийн хордлогод 19 иргэн хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 60 хувь нь 18-аас дээш насныхан, 40 хувь нь 17-оос доош насныхан байгаа юм. Иймд, иргэдийг угаарын хийн хордлогоос сэргийлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-ээс зөвлөлөө.
