
АНУ-ын эрх баригчид Британийн Колумбийн Тумблер-Риж хотод хоёрдугаар сард болсон сургуулийн буудлагын хэрэгтэй холбоотойгоор Вашингтон мужийн 30 настай иргэнийг баривчилжээ.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр сэжигтэн Жеймс Коди Брайант Вашингтон мужийн Беллингхэм хотод гадаад улсад хүн амины хэрэг үйлдэхээр хуйвалдсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан байна.
Рокки уулсын бэлд орших жижиг хотын дунд сургуульд хоёрдугаар сард болсон халдлагын улмаас зургаан хүүхэд зэрэг найман хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан юм. Энэ нь Канадад хамгийн олон хүний амь нас хохирсон сургуулийн буудлага болсон.
Брайант мягмар гарагийн үдээс хойш Сиэтл хотын шүүхэд мэдүүлэг өгчээ. Дараагийн шүүх хурлыг аравдугаар сарын 20-нд хийхээр товложээ.
Вашингтоны баруун дүүргийн АНУ-ын прокурорын үүрэг гүйцэтгэгч Нил Флойд Сиэтл хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Брайант 18 настай Канадын халдлага үйлдэгч Жесси Ван Роотселартай давтан холбоо барьж, түүнд зөвлөгөө өгч, мөнгө илгээж, улмаар аймшигт халдлагыг Twitch платформоор шууд дамжуулахыг зөвшөөрсөн гэж мэдэгджээ.
Брайантын Ван Роотселарт өгсөн 100 гаруй ам.долларыг халдлага үйлдэх үедээ хэрэглэсэн асаагуур болон гутал авахад зарцуулсан аж.
Эрх баригчдын мэдээлснээр Брайант халдлага болохоос гурван жилийн өмнө видео чатны Omegle сайтаар дамжуулан Ван Роотселартай танилцаж, улмаар цахим харилцаатай болсон байна. Шүүхэд гаргасан гомдлын хавсралтад Брайант болон Ван Роотселарын Discord платформ дахь харилцан ярианы зарим хэсгийг оруулжээ.
“Би шүүхийн олон баримт бичиг, тэр дундаа маш аймшигтай хүчирхийллийн үйлдлүүдийн талаар өгүүлсэн баримтуудыг уншдаг. Гэхдээ энэ гомдлыг унших нь маш хүнд байсан” гэж Холбооны мөрдөх товчооны ажилтан Майк Харрингтон мягмар гарагийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Тэрээр “гэм буруугүй хүмүүсийн олноор амь насыг хөнөөхийг төлөвлөж байсан энэ хоёр хүний ярилцлагын өнгө аяс хэтэрхий энгийн, хайхрамжгүй байсан” нь үүний нэг шалтгаан гэж тайлбарласан байна.
Канад болон АНУ-ын эрх баригчдын мэдээлснээр Брайант болон буудлагын үеэр нас барсан Ван Роотселар нар транс эмэгтэйчүүд байжээ.