
Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатарын АНУ-д дөрөвдүгээр сарын 10-нд хийх тулааныг цуцалжээ. Тодруулбал, түүний өрсөлдөгч дэлхийн боксын чансаагаар наймдугаарт эрэмбэтэй Тажикстаны Мухаммед Якубов тулаанаас татгалзсан байна.
Тэгвэл түүний хувьд дөрөвдүгээр сардаа багтаан WBC аваргын бүсний төлөөх оргил тулаанд оролцохоор болжээ. Ингэснээр WBC-д тулалдах гурав дахь монгол тулаанч болж байгаа юм. Ялж чадвал аваргын энэхүү холбооны бүсийг эзэмшсэн анхны монгол тулаанч болно. Э.Цэндбаатарын өрсөлдөгчийг дөрөвдүгээр сарын дундуур зарлахаар болжээ.
Э.Цэндбаатарын хувьд 14 ялалтынхаа зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан ба дэлхийн чансааны 16 дугаар байрт жагсаж байна.