Монголын морин спорт, уяачдын холбооны үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, “Их хурд-Х” шигшмэл хурдан морьдын уралдаан, монгол уяачдын өдөрт зориулсан баяр наадам өнөөдөр/08.08/ Хүй долоо худагт эхэллээ.
Азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат, аймгийн алдарт уяач Амарсайханы Билгүүтэйн хар түрүүлж, уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа. Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн уясан хар азарга бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг айрагдлаа. Айргийн хоёрт Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Далайн Батбаярын хул, гуравт Төв аймгийн Борнуур сумын Мөнхтөмөрийн Сайнзаяагийн хүрэн халзан, дөрөвт Булган аймгийн Булган сумын уяач Гүндсамбуугийн Гэгээнжаргалын бор, тавд Төв аймгийн Баянжаргалан сумын Бат-Очирын Саранхүүгийн сартай хүрэн орлоо. Айргийн тавд хурдалсан Б.Саранхүүгийн сартай хүрэн Дундговь аймгийн 80 жилийн наадамд айрагджээ.
“Их хурд Х” шигшмэл хурдан морьдын уралдааны эхний өдөр азарга, соёолон, хязаалан, наймдугаар сарын 9-д их нас, шүдлэн, сонгомол дээд насны уралдаантай. Харин наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 10-д даага, сонгомол дунд, бага насны морьдын уралдаан болохоор хөтөлбөрт багтжээ.