
Өнгөрсөн онд буюу 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-ийг 35.5 мянган суралцагч төгссөний ердөө тал нь буюу 18.3 мянга (51.5%) нь л дотоодын их, дээд сургуульд элсэн суралцжээ. Нөгөө талд 2024- 2025 оны хичээлийн жилд гадаад улсад бакалаврын боловсрол эзэмшиж буй 2179 оюутан бий гэх боловсролын яамны тоон мэдээлэл байна.
Монгол Улс мэргэжлийн боловсон хүчин бэлдэж эхлээд 80 гаруй жил болж буй. Цаг үеэ даган хөгжиж буй Монголын их, дээд сургуулиуд “секси” байхаа больсон гэж үү?
“ThinkMongol” институтийн үүсгэн байгуулагч Э.Золбаяр “Монголын ирээдүй бол чадварлаг боловсон хүчин буюу хүн капитал. Гэтэл дотоодын их, дээд сургуулиудаа хангалттай хөгжүүлээгүй, сайн дэмжихгүй байна. Бүр сүүлдээ Ерөнхийлөгч нь хүүхдүүдийг гадагшаа бакалаврт сургах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байх юм. Монголоо мэддэг залуу үеийг бий болгох нь манай улсын бодлогын тэргүүн зорилтуудын нэг байх ёстой” хэмээн зоригтой шүүмжилсэн.
Тэгш бус байдал, орлогын ялгаа, нийгмийн байр суурийн ялгааг бий болгож буй гэх гадаадад боловсрол эзэмшигчдээ буруутгах аргагүй. Боловсролд оруулсан хөрөнгийн үр өгөөж өндөр учир ирээдүйдээ хөрөнгө оруулж буй залуусыг, тэдний гэр бүлийг, хичээнгүй сайн оюутнуудаа тэтгэлгээр дэмжиж буй Ерөнхийлөгчийн бодлогыг ч шүүмжлэх нь өрөөсгөл юм. Харин дотоодынхоо их, дээд сургуулиудын алдаа, оноо юундаа байгааг зөв оношлох хэрэгтэй.
Монгол Улсад ойрын жилүүдэд тулгарах “топ 5” эрсдэлийн хоёрдугаарт ажиллах хүчний хомсдол орохоор байгааг Дэлхийн эдийн засгийн форумын үеэр онцолсон. Тэгвэл Монголдоо бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчдөө хүний нөөцийн салбар хэрхэн хүлээн авдаг бол?
Боловсролд “Bloom`a taxonomy” гэсэн ухагдахуун байдаг. Энэ нь “Ойлгох гэдэг нь мэдэх гэсэн үг биш. Мэдлэг гэдэг нь чаддаг гэсэн үг биш” хэмээх ойлголт. Монголын их, дээд сургуулиуд мэдлэг эзэмшүүлээд л төгсгөчихдөг. Гэтэл төгсөгчид нь чадваргүй байдаг. Тэгэхээр мэдлэг л эзэмшсэн төгсөгчдийг ажлын байранд “чаддаг болгох”- ыг ажил олгогч компани хийж байна. Ажилд ороод цалинтай сургалт авч байна гэсэн үг. Дотоодын их, дээд сургуулиуд бакалаврын боловсролыг олгосон мэдлэг, ойлголтынхоо хүрээнд хэмжиж, шалгачхаад диплом өгөөд байгаа хэрэг. Мэдлэг, чадварыг нь хослуулж байж төгсгөвөл ажлын байранд гологдохгүй” гэсэн дүгнэлтийг Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, PhD, профессор Г.Тэгшбүрэн хийсэн юм. Дотоод, гадаадын бакалаврын төгсөгчдийн ялгааны хувьд түгээмэл ажиглагддаг нь “хэлний барьер” гэнэ. Гадаадад төгсөгчид хэлний бэрхшээлгүй гэх давуу талтай. Мэргэжилдээ дуртай, чадвартай дотоодын төгсөгчид хэлний мэдлэгээсээ бусдаар дутах зүйл байхгүй аж. Дотоодын их, дээд сургуулиудын гол алдааг сургалтын хөтөлбөрөө гүйцэт боловсруулж чадахгүй байгаатай холбож буй Г.Тэгшбүрэн профессорын хувьд дотооддоо бакалаврын боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй гэдэг саналыг бүрэн дэмждэг гэдгээ онцолсон.
Мөн тэрээр, “Ерөнхийлөгчийн тэтгэлгийг шүүмжлэх хэрэггүй. Монгол төрийн удирдагчийн хөтөлбөрт орсон дэмжлэг шүү дээ. Жилд 10 000 хүүхэд ЕБС төгслөө гэхэд бүгдийг нь гадаадад сургах биш хичээл зүтгэлтэй 1 хувийг нь дэмжиж тэтгээд гадаадад сургалаа гэхэд хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна. Тэгэхээр шүүмжлэх шаардлагагүй. Ер нь бодлого боловсруулахад 80 хувьтай барихад болдог. Яг оносон бодлого 20 хувьд барихад ч үр дүнтэй. 20 хувийн зөв бодлого барихад эффект нь 80 хувьтай байдаг. 80/20-ийн зарчим гэдэг нь энэ. Тиймээс зөв бодлого барьж чадах юм бол хувь цөөдөхгүй. Том масстаа жин дарж буй асуудлаа харж бодлого боловсруулах хэрэгтэй” гэсэн бодолтой аж.
Дэлхийн хаана ч шинэ төгсөгчид ажлын байранд л дадлагажиж, туршлагаждаг. Харин боловсрол нь бүтээмжийг дээшлүүлдэг чухал хүчин зүйл байдаг.Бүтээмжээ дээшлүүлэхийг хүсэж байвал боловсрол хэрэгтэй гэсэн эргүүлэг дунд бид зөв мэргэжлээ эзэмшиж байна уу?
Монгол Улсын эдийн засаг хөдөө аж ахуйтай салшгүй холбоотой. Харин энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль бол ХААИС. Энэ хичээлийн жилд ХААИС-д бакалаврын түвшинд дотоодын 4087, гадаадын 96 оюутан суралцаж байна.
“Улсын хэмжээнд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад ХАА-н салбарын дийлэнх мэргэжил ордог. ХАА-н салбарын дотоодын оюутнуудад тэтгэлэг хангалттай байдаг. Төгссөн мэргэжлээрээ хөдөө орон нутагт гурван жил ажиллах болзолтой МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС-ийн 100 оюутанд олгодог Засгийн газрын тэтгэлгийг нүдээ олсон, зөв бодлого гэж боддог. Манай сургуульд мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлд ийм болзолт тэтгэлгээр сурч буй оюутнууд бий. Үнэхээр мэргэжлээ сонгосон, зорилго тавьсан хүүхдийг бодлогоор дэмжиж гадагш явуулахыг буруутган шүүмжлэх нь өөрөө сурч боловсрох эрхэд халдах байх. Нийгмийн урсгал, хандлагаа дагаад гадагш явж амьдрах, суурьших хүсэлтэй хүүхдэд тэтгэлэг олговол харин сөрөг нөлөөтэй” хэмээн ХААИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний албаны дарга А.Базарсад өөрийн бодлоо хуваалцсан юм.
Гадаадад ХАА-н чиглэлээр суралцсан хүүхдэд давуу тал бий болох нь дамжиггүй. Тэр нь техник технологийн талаасаа давуу юу гэхээс мэргэжил, мэдлэгийн хувьд ХААИСийн багш нар бусад улсын багш нартай мөр зэрэгцэн алхсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн буюу гадаадын их сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалсан байдаг аж. Тус сургуулийн докторын зэрэгтэй багш нарын дийлэнх нь гадаадад зэрэг цолоо хамгаалсан, үнэлэгдсэн гэдгийг сонсох таатай байлаа. Малын их эмч мэргэжилтэн бэлдэж буй ганц сургууль нь эднийх. БНСУ-ын Засгийн газрын 4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар орчин үеийн техник төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон, тусгай лаборатори бүхий мал амьтны эмнэлэг ашиглалтад оруулж сургуулийнхаа чадавхыг сайжруулаад хоёр жил болжээ.
Сурагчдын мэргэжил сонголтын хандлага сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, хэт туйлширсан мэргэжил сонгохоо больсон гэдгийг А.Базарсад онцолсон. Мэргэжил сонголтод төрийн шийдвэр их нөлөөлдөг гэдгийн жишээ нь аялал жуулчлалын жил гэж зарласан 2023 онд л гэхэд ХААИС-ийн аялал жуулчлалын ангийг сонгож ирсэн оюутны тоо өмнөх жилүүдийнхээсээ өсөж байж. “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” гэхчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хөтөлбөрүүд ч элсэлтэд нөлөөлж, ойжуулалт зэрэг мэргэжлийн элсэлт бага ч гэсэн өссөн дүнтэй гарчээ.
ХААИС-ийн эрдэмтэн багш нар Монгол Улсын газар тариалан, мал аж ахуйн салбарт үнэлэгдсэн, салбарынхаа бодлого чиглэлд санал зөвлөмжөө тусгадаг онцгой хүмүүс. Хэрэв төрөөс энэ мэтчилэн салбарынхаа бодлого чиглэлд их сургуулиудынхаа багш, мэргэжилтнүүдийн саналыг тусгаж, харилцан уялдаатай ажиллавал эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар их нөлөөтэйг ХААИС-ийн жишээ бэлээхэн харуулж байна.
Дотооддоо чанартай, үр дүнтэй, хөдөлмөрийн зах зээлдээ үнэлэгдсэн мэргэжилтэн бэлтгэх суурь нь эргээд төр засгийн шийдвэр, бодлоготой шууд холбогддог аж.
Дотоодын их, дээд сургуулийн төгсөгчдийн төгсөлтийн дараах хөдөлмөр эрхлэлтийн судалгаа хамгийн сүүлд 2021 оны төгсөгчид дээр хийгджээ. Судалгаагаар төгсөгчдийн 68.4 хувь нь НДШ төлж байгаа гэсэн дүн гарсан нь чамлахаар тоо биш. Их, дээд сургуулиудаа, төгсөгчдөө бодлогоор дэмжих юм бол ирээдүй гэрэлтэй байна.