(МУИС-ийн профессор Цэгмидийн Сүхбаатарын бүтээлийн тухай)
Профессор Ц.Сүхбаатарын “Монгол хэлний найруулга зүй”-н номыг мэдэхгүй эрдэм боловсролын мөр хөөсөн хүн ховор биз ээ. Уг бүтээл 1988 онд анх “Орчин цагийн монгол хэлний найруулга зүй” гэдэг нэрээр хэвлэгдсэнээс хойш 2002; 2004; 2007; 2009; 2012; 2015 онуудад хэвлэгдсэн байдгаас эрэлт ихтэй, борлуулалт сайтай, олны хүртээл болсон бүтээлийн нэг гэдэг нь харагддаг. Нөгөөтэйгүүр, уг бүтээл нь БСШУЯ-ны сайдын “Стандартын загварт өөрчлөлт оруулах тухай” 2006 оны 12 сарын 29-ны 481 тоот тушаалаар Мэргэжлийн бус ангийн сургалтын агуулгын ерөнхий суурь сонгон судлах Хүмүүнлэгийн ухааны хичээлд тусгагдсан “Монгол хэлний найруулга зүй” 2 багц цаг хичээл; БСШУ-ны сайдын 2014 оны 06 сарын 27 өдрийн “Хичээлийн жагсаалт батлах тухай” А/285 тоот тушаалаар “Бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь чиглэлд заавал судлах хичээл”-ийн нэгээр батлагдсан “Монгол хэл бичиг, найруулга зүй (3 б.ц) хичээлийн тулгуур сурах бичиг болсоор байна.
Ийнхүү багш маань орчин цагийн монгол хэлний найруулга зүйн дагнасан судалгаагаа, тэр дундаа “Монгол хэлний найруулга зүй” бүтээлээрээ “Найруулга зүйн Сүхбаатар” хэмээн овоглуулах болжээ.
Le style c'est l'homme même
Профессор Ц.Сүхбаатар “Монгол хэлний найруулга зүй” номынхоо эхний бүлгийн дэд гарчгаа Францын байгаль судлаач, эрдэмтэн Жорж-Луи Леклерк, гүн де Буффон (1707-1788)-ны "Le style c'est l'homme même" гэсэн үгээр нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш юм.
Тэрбээр 1965 онд МУИС-ийг төгссөнийхөө дараа буюу 1967-1968 онд Парисын Сорбоны их сургуульд мэргэжил дээшлүүлэн суралцсанаар Франц улстай ажил амьдралаа холбосон байдаг.
Улмаар 1969-1972, 1989-1991 онд Парисын Дорно дахины хэл иргэншлийн дээд сургуульд зочин профессор, 1975-1976 онд Италийн Дорно дахины дээд сургуульд монгол хэлний багшаар, 1995 онд Сорбоны их сургуульд зочин судлаачаар тус тус ажиллажээ. Мөн түүний дэлхийн хүүхдийн алдарт зохиол А.Сэнт-Экзюперийн “Бяцхан хунтайж” зэрэг цөөнгүй бүтээлийг франц хэлнээс монгол хэлэнд; “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн сэцэлсэн шастир”, “Оюунтүлхүүр” зэрэг бүтээлийг монгол хэлнээс франц хэлээр орчуулсан, Монгол Францын найрамдалт харилцаанд оруулсан хувь нэмэр зэргийг нь үнэлж Франц улсаас “Улсын Гавьяаны одон” (1998), “Гаврелийн сангийн шагнал” (2011)-аар тус тус шагнажээ.
Тэрээр Франц улсад сурч, ажиллаж, амьдралынхаа багагүй хугацааг өнгөрөөхдөө монгол хэлний найруулга зүйн чиглэлийн судалгаагаа улам гүнзгийрүүлсэн байна. Нэн ялангуяа, Фердинанд де Соссюрын шавь, хамтран зүтгэгч Швейцарын нэрт хэл шинжлэлч Шарль Балли (Charles Bally 1985-1947) -ийн Traité de stylistique française (1909) хэмээх алдарт бүтээлийг орос болоод эх хэлээр нь үзэж, судалж байв. Уг бүтээлийг дэлхийд анх удаа системтэй, онолын түвшинд бичигдсэн найруулга зүй (stylistics)-н ном гэж үздэг. Мөн тэрээр Францын хэл шинжлэлч René Georgin -ний 1961 онд туурвисан “Les secrets du style” болон тухайн үеийн Зөвлөлтийн хэл, найруулга судлаачдын бүтээлийг судалж ашигласныг үзвэл яах аргагүй өрнө дахины шинжлэх ухааны ололт амжилтыг шууд нэвтрүүлж, монгол хэл судлалд томоохон дэвшил авчирсан байна.
Профессор Ц. Сүхбаатарын “Монгол хэлний найруулга зүй”-н сурах бичгийн үнэ цэнийн талаар хоёр гурван зүйл өгүүлэх нь зүйтэй.
Сэтгэц хэл шинжлэлд хүний хэлэхүйн үйл ажиллагааг ерөнхийд нь ойлгох ба бүтээх гэж ангилан үздэг бөгөөд хэлний дөрвөн үндсэн чадварын дундаас унших, сонсох нь ойлгох үйл ажиллагаанд, ярих бичих нь бүтээх үйл ажиллагаанд хамаарна. Иймээс бичих чадвар нь хүний оюуны үйлийн нэгэн дээд түвшин болохын хувьд хамгийн ярвигтай, үлэмж цаг зарцуулдаг үйл ажиллагаа юм.
Эрдэмтэд бичихүйг ерөнхийд нь бичихэд бэлтгэх /prewriting/, бичих /writing/, засаж бичих /rewriting/ гэсэн үндсэн гурван үе шаттай (D.G.Rowman.1965) гэж үздэг.
Өнгөрсөн хугацаанд, бид хүний бичсэн зүйл /Product writing/-ийг судлахад гол анхаарлаа хандуулж, бичих үйл явц /Process writing/ болон хүн аливаа зүйлийг бичихэд сэтгэц танин мэдэхүйн ямар үйл ажиллагаа явагддаг талаас бага судалж, энэ талын мэдлэг, чадварыг оюутан суралцагчдад бага эзэмшүүлжээ. Мөн оюутан суралцагчдад бичих ур чадварыг олгохдоо бүгдийг бичгийн хүмүүс /эрдэмтэн судлаачид/, зохиолч болгох шаардлага тавьж, бас хүний бичсэн зүйлийг /text/ задлах, алдаа мадагийг засуулахад түлхүү анхаарч ирснээс өөрийг нь алдаатай ч хамаагүй бичүүлж сургах бүтээлч үйл ажиллагааг орхигдуулж ирснийг энэ далимд дурдах нь зүйтэй.
Бид Ц.Сүхбаатар багшийн “Монгол хэлний найруулга зүй” ном дахь “Найруулан бичиж чадвар эзэмшихийн тулд зайлшгүй эзэмших ёстой гэсэн 10 дадал, чадварыг 2023 оны 11 дүгээр сард дэлхийн томоохон мэдээллийн www.wordstream.com сайтад Английн зохиолч, сэтгүүлч Дан Шеваны бичсэн “Бичих чадвараа сайжруулах 16 арга зам” нийтлэлийн 16 чадвартай харьцуулж үзэхэд агуулга нь яв цав мөргөж байна. Энэ нь багшийн бүтээл өнөө хүртэл үнэ цэнээ алдаагүйгээр барахгүй дэлхий нийтийн шаардлага шалгуурт нийцэж байгааг харуулна.
Мөн Ц.Сүхбаатар багшийн “Монгол хэлний найруулга зүй” (2015) бүтээлээс хойш Монгол улсад монгол хэл бичиг найруулга зүйн чиглэлээр, Б.Бямбадорж, Монгол хэлний нйруулга зүй, 2014, (Ховд ИС), Л.Ганчимэг, М.Мөнгөнцэцэг “Монгол хэл бичиг, найруулга зүй” 2018 (МУИС), Ц.Цогзолмаа, Б. Дэмбэрэлмаа, Хэл ярианы соёл, 2021, (МУИС пресс), Г.Томтогтох нар Хэл ярианы соёл, 2019 (ШУТИС), Ш.Баттөгс, Хэрэглээний найруулга зүй ба найруулах эрдэмд суралцах нь, 2017 (МУБИС), Г.Сүхбат, С.Батбаатар, Найруулах эрдэм, хэл ярианы соёл, 2007 (СУИС), Г.Бямбацэрэн нар Монгол хэл бичиг, найруулга зүй, 2018 (МУБИС, БC), Н.Уранчимэг, Д.Лхагвасүрэн, Найруулга зүйн онолын судалбар, 2013 (МҮИС), Н.Мөнхзориг, Зөв найруулан бичих арга ухаан, 2016, (Идэр дээд сургууль), Д.Болод, Эх хэлний утга найруулгын хэлхээс, 2024, 8 дахь хэвлэл, (БХИС), Б.Идэрбаяр, Монгол хэлний найруулга, соёл, 2024, (Book Bind.club) зэрэг 20 шахам сурах бичиг хэвлэгдсэн байдаг бөгөөд энд уг бүтээлээс эшлээгүй нэгээхэн ч үгүй билээ. Энэ мэт, орчин цагийн монгол хэлний найруулга судлалын бүтээлүүдэд түүний бүтээлээс эш татаагүй судалгааны ажил үгүй бөгөөд уг бүтээлийн үнэ цэнг улам тод томруун харуулж байгаа билээ.
Сүүлийн үед хүүхэд залуус бичих чадвараа сайжруулах, эсээ бичиж сурах гэж ихэд чармайх болсон бөгөөд эсээний хамгийн гол онцлог бол ямар нэг хэв загварт баригдахгүй чөлөөтэй бичих явдал юм. Ямар нэг загварт баригдахгүй гэдэг нь ялангуяа, таны бичсэн эсээнээс таны хэн болох л харагдаж байх ёстой. Таны хэн бэ? хэдэн настай вэ? юу хүсэж мөрөөддөг, юманд хэрхэн яаж ханддаг зэргийг мэдэж болно гэсэн үг.
“Хэл яриа бол хүн өөрөө юм” гэж Ц.Сүхбаатар багшийн орчуулсан Гүн де Буффоны "Le style c'est l'homme même" (“The style is the man himself”) хэмээх алдарт үгийн утга бол ердөө энэ. Сайн бичиж суръя гэвэл өөрийнхөө дотор байгаа зүйлээ ямар ч илүү дутуу зүйлгүй, хиймэл хуурмаггүйгээр гаргаж сур гэсэн үг. Зарим талаар таны бичсэн зүйл хүнд уншуулах нь эвгүй байх ёстой. Тийм мэдрэмж төрөхгүй байвал бичвэрээ ахин сайжруулах нь чухал.
Энэ талаар зохиолч Д.Батбаяр “Уран зохиол бол оюуны бусад бүтээлүүдийн нэг адил үнэнд зорьж үнэнийг урнаар илэрхийлэхийг эрмэлздэг” Л.Өлзийтөгс “Зохионо гэдэг бол худал ярина гэсэн үг биш. Харин ч хамгийн үнэнийг ярина гэсэн үг! хэмээжээ.
ЯРИХ УРЛАГ БОЛ ЭРТНИЙ НАЙРУУЛГА ЗҮЙ
“Найруулга зүй” нь эртний Энэтхэг, Төвөд, Монгол зэрэг улсын утга соёлын хүрээнд үгийг найруулах, утгыг урлах нэгэн зүйл эрдэм (Зохист аялгуу) буюу найруулан бичих чадварыг сайжруулах чиглэлээр үүсэн хөгжиж байсан бол эртний Грек, Ром зэрэг өрнө дахины улс орнуудад уран яруу илтгэх ярих (Rhetoric) чиглэлээр түлхүү хөгжиж ирсэн байдаг.
Профессор Ц.Сүхбаатар судалгаандаа VII зууны үеийн Энэтхэгийн алдарт зохиолч, яруу найргийн онолч Дандины зохиосон “Кавьяадарша” буюу “Зохист аялгууны толь”-ийн уламжлал, нэн ялангуяа, эрдэмтэн Х.Гааданы “Зохист аялгууны толь”-ийн зүйрлэх чимэгт хийсэн судалгааны талаар судлан, дэлгэрэнгүй өгүүлснээс гадна өрнө дахины ярих урлаг (Rhetoric)-ийн уламжлал шинэчлэлийн талаар Монгол улсад анхлан өгүүлсэн цөөхөн эрдэмтний нэг юм.
Тэрбээр 1996 онд бичсэн “Ярих урлаг” бүтээлдээ өрнө дахины “Риторика”-г ярих урлаг, хэмээхийн зэрэгцээ “Нийтэд зориулсан яриа” (Public speaking) хэмээх маш оновчтой нэр томъёог анх хэрэглэсэн байдаг. Улмаар ярианы бүтэц, яриаг хэрхэн эхлэх, яаж өрнүүлж, төгсгөх талаар өгүүлсэн нь өнөө хэр манай сургалтын гол цөм болсоор байна.
Мөн Аристотелиос авхуулаад Дэйл Карнеги хүртэл гадаадын эрдэмтэн судлаачид, Д.Отгонсүрэн, “Ярианы найруулга соёл” 1979, Б.Өлзийсүрэн “Яруу өгүүлэхийн учир” 1985, “Зөвлөлтийн илтгэх урлагийн үндэс” (1987 онд Р.Нансал, Д.Дашдаваа, Ц.Гомбосүрэн, С.Одхүү, Б.Өлзийсүрэн. Д.Санжжав, Н.Нарантуяа нар орос хэлнээс орчуулсан), Б.Өлзийсүрэн “Илтгэх урлагийн нэр томьёоны тайлбар толь” 1990, П.Увш, Б.Өлзийсүрэн “Монгол яруу өгүүлэхүйн ухаан түүнд суралцах нь” 2002, П.Увш, Ц.Сүхбаатар “Илтгэх урлаг”, Б.Гэрэл “Илтгэх эрдмийн мөнгөн түлхүүр” 2006, С.Эрдэнэболд, Б.Энхболд нарын “Реторик ба байлдан дагуулахын урлаг” 2006, Баатархүү “Зөв ярих ухаан” 2011 зэрэг монгол улсад энэ чиглэлээр гарсан бүх бүтээлийн уламжлал шинэчлэлийг судалж, ололт амжилтынх талаар ч өгүүлсэн байдаг.
Профессор Ц.Сүхбаатарын судалгааны өөр нэг чухал зүйл бол хүний харилцааны онол, нэн ялангуяа, монгол хэлний судлалд “Хэлний бус хэрэглүүр” буюу үгэн бус харилцаа (Non verbal communication, невербальные аспекты коммуникация)-ны асуудлыг авч үзсэн нь юм.
“Мэргэдийн сургаалд “ганган хувцастай тэнэг хүн алтан хавтастай муу номтой адил” гэж бий. Ер нь хаана ч, хэзээ ч, хэн ч анх учирч байгаа хүнийхээ гадаад төрхийг ажигладаг нь амьдралын үнэн л дээ... Ямар ч гэсэн хүний гадаад төрх намба зөв байх явдал хамгийн чухал. Тэр тусмаа эрэгтэй хүн хувцасны загвар маяг дууриах төдий ашигтай бус. Ер нь зохистой бүхэн сайхан байдаг учраас хувцас биед нь таарсан зохисон, үс хэвийн, гутал цэвэрхэн, гар хумсгүй байвал зүйтэй” (Монгол хэлний найруулга зүй, 2012, тал 27)
Энэ үнэхээр жижиг асуудал биш юм. Харилцааны сэтгэл судлал, маркетингийн онолд Америкийн сэтгэл судлаач Альберт Мерабян (Albert Mehrabian)-ы “7-38-55” хэмээх алдартай дүрэм бий. Уг онолоор хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд, үг 7%, дууны өнгө 38%, биеийн хэлэмж буюу биеийн хөдөлгөөн, нүүр царайны хувирал 55% хувьтай нөлөөлдөг гэж үздэг.
Ц.Сүхбаатар багш маань ярих урлагийн онолыг судалж, сургахын зэрэгцээ үгээрээ ч, үйлдлээрээ ч үлгэрлэдэг уран илтгэгч гэдгийг түүний номын дууг сонссон хэн хүнгүй мэдэх буй за.
Түүний ууган шавь нарын нэг Монгол Улсын Гавьяат багш Л.Чулуунбаатар :
...Найруулга зүйн ухаанд
Нарийн сайн мэргэшээд
Олон ном тууурвисан
Онцгой нэгэн найруулагч
Залууст зөвлөгөө өгөхөөрөө
Зангиагаа баахан засамтгай
Замбуулинд босоо төрсөн
Зайтай нэгэн эрдэмтэн” хэмээн шүлэглэсэн нь буй.
СҮЙХЭЭТЭЙ МЕНЕЖЕР СҮ БАГШ
МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Ч.Содномдаржаа гуай нэгэн дурсамж нийтлэлдээ “Ц.Сүхбаатар бол эгзэгтэй цагт ухаалаг овсгоолог шийдвэр гаргадаг, болсон явдлаас ямар хор уршиг гарч болзошгүйг цаг алдалгүй мэргэн тооцдог, удирдах ухаан, ажиллах арга, овсгоо сүйхээ гурвыг хослуулан ажиллаж чаддаг удирдах зүтгэлтэн” хэмээн тун оновчтой тодорхойлсон байдаг.
Үнэхээр, Профессор Ц.Сүхбаатар МУИС-д 50 жил ажиллаж, хөдөлмөрлөхдөө 1971-1973, 1977-1981 онуудад МУИС-ийн монгол хэл, утга зохиолын тэнхимийн эрхлэгч, 1981-1989 онд Хэл бичгийн факультетын декан, 1991– 2001 онд Монгол хэлний тэнхимийн эрхлэгч зэрэг удирдах албан тушаалыг олон жил нэр төртэй хашсан билээ.
Мөн тэрбээр Монголын анхны хувийн лицей сургууль (Францын бага сургууль /école primaire/, дунд сургууль /Collège/, ахлах сургууль /lycée/ гэнэ )-ийг үүсгэн байгуулж, 20 гаруй жил захирлаар нь ажиллаж, Баруун европын боловсролын тогтолцооны ололт амжилтыг монгол улсдаа нэвтрүүлсэн энэхүү туршлага нь Монголд хувийн хэвшлийн боловсролын байгууллага төлөвшин хөгжихөд, ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэрээр өөрийн сурч эзэмшсэн чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай болгосоноор эх хэлээр гүнзгийрүүлсэн сургалттай монголын цор ганц сургууль болсон юм.
Тус сургуулийг 2000 орчим хүүхэд төгсөж, амьдралын гараагаа эхэлсэн бөгөөд төгсөгчдөөс нь УИХ-ын гишүүнээс авхуулаад урлаг соёлыг одууд, эрдэмтэн доктор, олон нийтийн байгууллагын томоохон төлөөлөгчид гээд салбар салбарын шилдэг ажилтнууд олноор төрөн гарчээ.
Ц.Сүхбаатар багш маань шилдэг удирдагч, сүйхээтэй менежерээс гадна шаггүй “дипломатч”, “чекист” хүн юм.
“Цаг чанга үед хөрөнгөтний нийгэмд амьдрана гэдэг хэрийн аавын хүүгийн бардаг ажил биш” гэж хааяа “томорно”. Хэдийгээр цэрэг тагнуул, олон улсын харилцааны мэргэжилтэн биш ч дэлхий ертөнц хоёр туйлд хуваагдчихсан үед Франц, Итали-д олон жил ажиллаж амьдрах “амаргүй” байсан нь гарцаагүй юм. Бас багш маань Б.Цийрэгзэн хошууч генаралаас авхуулаад олон улсын харилцааны болон цэрэг цагдаагийн олон “томчууд”-тай шатар нүүж, хундага тулгаж, сайхан нөхөрлөж явсан юм.
Тагнуул гэснээс нэгэн сонирхолтой “нууц” өгүүлэхэд, социализмын үед, гадаад явах, ялангуяа, хөрөнгөтөн оронд ажиллаж амьдрах хүнийг НАХЯ-ны Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газраас хянаж шалгаж, чөлөө зөвшөөрөл олгодог байжээ. Ц.Сүхбаатар багшийг Франц явахад хянаж шалгаж байсан Улсыг аюулаас хамгаалах газрын төлөөлөгч нь манай хадам аав Доржийн Даваажамц байсан бөгөөд манай хурим дээр таарч хуучилцгааж билээ. Багш намайг “чекистийн хүргэн” гэнэ.
Багш цаг маш хатуу баримтална. Багшийн “SEIKO цаг хэд болж байна” гэдэг үг ч хүнд юм ойлгуулна. Маш цэвэрч, нямбай. Орж ирээд ширээгээ арччихна. Толинд хараад үсээ илчихнэ гэх мэт багшийн тухай дурсан бичвэл бүхэл бүтэн ном болно.
Сү багш маань “За Баттулга аа чи хүн дагаж салбагнав. Намайг ч битгий дага. Би чинь “чоно” шүү дээ. Өөрийн гэсэн толгойтой бай” гэж байнга зөвлөнө. Багшдаа урт удаан наслахыг ерөөе.
МУИС-ийн багш Чойжанцангийн Баттулга