HBO Max суваг дэлхий дахинаа алдартай Харри Поттерын адал явдалт зохиолоор телевизийн шинэ цувралыг бүтээхээ 2023 онд анх танилцуулсан билээ. Энэ үеэс хойш цувралд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалтыг зарласан.
Зарим жүжигчдийн сонголтыг хэдийнэ зарлаад байсан ч гол дүрийн гурван жүжигчнийг хараахан сонгож чадаагүй байсан юм. Нилээд өргөн хүрээ, урт хугацааг хамарсан сонгон шалгаруулалтын дүнд гол дүрийн жүжигчдийг нэрлэлээ.
ЖК Роулингийн бичсэн Харри Поттер зохиолын гол дүр нь шидтэний сургуулийн шинэхэн элсэгчид болох Харри Поттер, Хермионе Грэнжер, Рон Уисли гурав юм. HBO Max сувгийн бүтээлд Харри Поттерын дүрд Доминик МакЛафлин, Рон Уислигийн дүрд Аластайр Стоут, Грэнжер авхайн дүрд Арабелла Стантон тоглохоор сонгогджээ. Гол дүрийн гурван жүжигчин 9-11 насны хүүхдүүд.
Өнгөрсөн жил эхэлсэн гол дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалтад ойролцоогоор 30 000 гаруй хүүхэд оролцсон байна. Сонгон шалгаруулалт явуулсан албаны төлөөлөгчид албан ёсны мэдэгдэлдээ шалгарсан хүүхдүүдийн жүжиглэх авьяас онцгой байсан гэдгийг тодотгожээ.
Харри Поттерын бас нэг чухал гол дүр бол Хогуартс шидтэний сургуулийн захирал Альбус Дамблдор юм. Энэ дүрд жүжигчин Жон Лайтгоу тоглохоор болсон. Мөн порфессор хатагтай Минерва МакГонагаллын дүрд Жанет МакТийр, Северус Снэйпийн дүрд Папа Иссиеду тоглохоор сонгогдоод байгаа юм.
Харин Рубиус Хагридын дүрд Ник Фрост тоглоно. Үлдсэн дүрдүүдийн сонгон шалгаруулалт ерөнхийдөө шувтарч байгаа бөгөөд удахгүй танилцуулахаар бэлдэж буй аж.
Телевизийн шинэ цувралын зураг авалт энэ зун эхэлж, ирэх онд HBO Max сувгаар цацагдах төлөвлөгөөтэй байна.
Британийн зохиолч ЖК Роулинг "Харри Поттер" долоон цуврал зохиолоо 1997-2007 оны хооронд бичиж дуусгасан. Түүний зохиол 2001-2011 оны хооронд найман ангит кино болж 7.7 тэрбум ам.долларын ашиг олсон байдаг. Киноноос гадна Харри Поттерын франчайз эрх дэлхий даяар 25 тэрбум ам.доллараар үнэлэгдэх эзэнт гүрнийг босгосон билээ.
2023 оны судалгаагаар ЖК Роулингийн "Харри Поттер" ном дэлхий даяар 600 сая гаруй хувь борлогдсон. Сүүлийн дөрвөн ном нь дэлхий дээр хамгийн хурдан хугацаанд борлогдсон дээд амжилтыг эзэмшиж, Геннисийн номд бичигджээ. Тухайлбал, АНУ-д 24 цагийн дотор 8.3 сая хувь борлогдсон байна.
HBO Харри Поттер шинэ цуврал анхны ном нь хэвлэгдсэнээс хойш 30 жилийн дараа, сүүлийн кино дэлгэцэнд нээлтээ хийснээс хойш 15 жилийн дараа үзэгчдэд хүрнэ.