ХХААХҮЯ-ны салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Импортын хүнсний худалдаа-хяналт” сэдэвт сарын аяны хүрээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсээс хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хил гүний боомтоор нэвтрүүлэн дотоодын хүнсний сүлжээнд нийлүүлж буй зөрчил түгээмэл илэрсэн байна. Тодруулбал, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн импортлогч зарим аж ахуйн нэгжүүд хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй агуулахад хадгалж худалдаалах зөрчил илэрчээ.
Мөн Хятад, Солонгос, Япон, Герман улсаас импортолсон хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шошгын шаардлага хангуулаагүй, шошгын мэдээлэл дутуу бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнд нийлүүлж буйд хуулийн дагуу арга хэмжээ аван ажиллажээ.
Хяналт, шалгалт энэ сарыг дуустал үргэлжилнэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.