
Ирландын суут зохиолч, "Үлисс” романы туурвилч Жэймс Августин Алойзиус Жойс энэ 1882 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр XX зууны эхэн үед модернизмын оргил бүтээлүүдийг туурвисан зохиолчдын нэг бөгөөд хүний дотоод сэтгэл, нийгэм, уламжлал, оршихуйг нэгтгэсэн нарийн дүрслэлээрээ алдартай. Түүний онцлох таван номыг уншигчдадаа танилцуулъя.
THE DEAD
“Үхэгсэд” тууж нь Дублин хотын иргэдийн амьдралын нэгэн үдэшлэгийн түүхээр дамжуулан хүн төрөлхтний оршихуй, хайр энэрэл, өнгөрсөн ба одоогийн харилцааны нарийн төвөгтэй байдлыг зурагласан байдаг. Үйл явдал нь туужийн гол дүр болох Габриэл Конрой болон түүний гэр бүлийн болон нийгмийн хүрээллийн оролцогчдын харилцааны эргэн тойронд өрнөдөг.
Жойс энгийн, өдөр тутмын үйл явдлыг нарийн тольдон харуулж, дүрүүдийн дотоод сэтгэл дэх бодол санаа, санамсаргүй харилцааны далд утга, өнгөрсөн үеийн дурсамжийг уран сайхнаар илэрхийлжээ. Үүнд гол дүрүүдийн амьдралын утга учир, хайр энэрэл, хүний оршихуйд зайлшгүй шаардлагатай сэтгэл хөдлөлийн ач холбогдолыг ч орхигдуулалгүйгээр гүн гүнзгий хөнддөг.
A PORTRAIT OF THE ARTIST AS A YOUNG MAN
Жэймс Жойс уг алдарт зохиолоо 1914 онд бичиж дуусгасан ба хоёр жилийн дараа буюу 1916 онд хэвлэн гаргажээ. Энэхүү роман нь зарим талаараа Жойсын намтартай ихээхэн холбоотой болох нь уншсан хэн бүхэнд тодорхой болно.
Эл роман бол зохиогчийн өөрийгөө дүгнэсэн, мөн өөрийгөө танин мэдэхэд чиглэсэн бүтээл билээ. Зохиолын гол баатар Стивений дүрийг бүтээхдээ Жойс орчин үеийн утга зохиолд “Ухамсрын урсгал” хэмээн нэрийдэж буй тэрхүү онцгой уран сайхны замыг сонгон туурвижээ. Уг роман нь тухайн үеийн Ирландын нийгмийн бугшмал амьдралыг олон талаас нь харуулснаас гадна дээрх зохиолуудын баатрууд “Үлисс” романд үргэлжлүүлэн амьдардагаараа онцлог юм.
ULYSSES
XX зууны хамгийн анхаарал татсан романы нэг болох “Үлисс”-т оюун санааны урсгал бүхий нууцлаг бэлгийн амьдралыг Ирландын түүхийн дэвсгэр дээр тун чадварлаг, илэн далангүй байдлаар дүрсэлсэн явдал нь нэгэн цагт садар самуун зохиол хэмээгдэж хориотой номын тоонд багтаж байв. Католик шашны тэргүүлэгчид уг зохиолыг шатаах шийдвэр гаргаж байжээ. Тэр цагаас хойш бүхэл бүтэн нэгэн зууны шинэ хуудас эргэж, өдгөө Жойсыг Ирланд төдийгүй дэлхийн сонгодог уран зохиолын нэрт төлөөлөгч гэдгээр нь олон түмэн мэддэг болсон нь уг романы нөлөө юм.
“Үлисс бол урлагийн бурханлиг бүтээл. Түүнийг домог хийгээд бэлгэ тэмдгийн цуглуулга болгохыг оролдогч хэн ч биш өрөвдмөөр эрдэмтдийг тэр үл ажран мөнхөд амьдарсаар байх болно” гэж Владимир Набоков нэгэнтээ өгүүлсэн байдаг.
“Үлисс” бол энгийн хүний өдөр тутмын амьдралыг баатарлаг түвшинд авч үзсэн роман юм. Жойс агуу түүхэн үйл явдал бус, хүний бодол, хүсэл, айдас, ганцаардлыг орчин үеийн уран зохиолын төвд авчирсан нь энэ бүтээлийн жинхэнэ үнэ цэн билээ.

EXILES
Жойсын цорын ганц бүрэн хэмжээний жүжиг. Тус жүжигт хайр, итгэл, урвалт, эрх чөлөө зэрэг сэдвүүдийг хөнддөг. Гол дүр болох Ричард Роузыг зохиолчийн намтартай харгалдуулан авч үзэх нь бий.
Энд хайр дурлал романтик, гоо сайхны хэлбэрээр бус харин хүний сонголт, эрх чөлөөний шалгуур байдлаар илэрнэ. Хайр гэдэг өмчлөл үү, эсвэл итгэл үү гэсэн асуултыг Жойс дүрүүдийн хурц яриа, дотоод зөрчилдөөнөөр дамжуулан тавьдаг. “Цөллөгдөгсөд” нь Жойсын бусад зохиол шиг хэл найруулгын туршилтад тулгуурлаагүй ч философи, ёс суртахууны хувьд тун нягт бүтээл. Хүнийг жинхэнэ утгаар нь чөлөөтэй байлгах нь хайр мөн үү, эсвэл ганцаардлын өөр хэлбэр үү гэдэг асуултыг уншигчид үлдээнэ.
DUBLINERS
Жэймс Жойсийн “ертөнцийг” танин мэдэхийн эхлэл нь “Дублинчүүд”. Тус өгүүллэгийн түүвэрт Дублин хотын жирийн иргэдийн өдөр тутмын амьдралыг өгүүлсэн агаад Жойс хот, хүмүүс, тэдний дотоод зогсонги байдлыг хүйтэн хийгээд чин үнэнээр харуулдаг. Түүврийн өгүүллэг бүр хүүхэд нас, өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад настнуудын амьдралын өөр өөр үе шатыг төлөөлнө.
Эдгээр өгүүллэгүүдийн гол цөм нь Жойсын “paralysis” хэмээх ойлголт юм. Дүрүүд шийдвэр гаргаж чадалгүй, айдас, өнгөрсөн дурсамж, нийгмийн дарамтад гацсан байдалтай оршдог. Том үйл явдал бараг өрнөхгүй ч дотоод ухамсрын жижигхэн хөдөлгөөн, гэнэт ухаарах мөч нь бүх өгүүллэгийн утга санааг нээдэг. “Дублинчууд” бол Жойсын хэл найруулгын сахилга бат, ажигч чанарын оргил бүтээлүүдийн нэг бөгөөд хожмын “Үлисс” зэрэг томоохон зохиолын суурь хөрсийг эндээс харж болно. Хот өөрөө нэгэн дүр мэт оршиж, хүмүүсийн хувь тавиланг тодорхойлно.