Баасан гаригт УИХ-ын чуулган хуралддаг. Гэвч өнөөдөр УИХ хуралдахгүй. Учир нь, хэлэлцэх асуудалгүй болжээ. Тиймээс зөвхөн ганцхан ажлын хэсэг л хуралдах хуваарьтай байна.
Байнгын хороод ажлаа сайн хийхгүй бол УИХ хэлэлцэх асуудалгүй болоод байгааг өчигдөр УИХ-ын дарга анхааруулсан юм.
Тэрээр "Байнгын хороодоор хуулийн төслүүд хэлэлцэгдэхгүй удаж байгаа учраас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тоо цөөрч байна. УИХ-ын зургаан Байнгын хороонд хэлэлцэх эсэх шатанд яваа 14, анхны хэлэлцүүлгийн шатанд яваа 11, нийт 25 хууль, тогтоолын төсөл байна. Байнгын хороод эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хурдлуулж, УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлөөр хангахыг Байнгын хороодын дарга нарт үүрэг болгож байна.
УИХ-ын гишүүд Байнгын хорооныхоо хуралд идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Байнгын хорооноос хуулийн төслүүд ажлын хэсэгт буцаагдаж байна. Тухайлбал, өчигдөр Хууль зүйн байнгын хорооноос нэг төсөл гурав дахь удаагаа ажлын хэсэгт буцаагдлаа. Нэг, хоёрхон заалт дээр гишүүд хоорондоо маргалдаж асуудлыг хойшлуулах тохиолдол гарч байна. Тиймээс УИХ-ын гишүүд зөвшилцөх замаар ажиллахыг хүсэж байна. Нэг том хуулийн ганцхан заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод хэлэлцүүлэг нь зогсож болохгүй" гэсэн юм.