
Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлын хүрээнд Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Хучилтын ажлыг гүйцэтгэхдээ зорчих хэсгийг хэсэгчлэн хаах болсныг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдэгдлээ.
Тодруулбал маргааш буюу наймдугаар сарын 6-ны 07:00 цагаас наймдугаар сарын 9-ний 00:00 цаг хүртэл иргэдийн нэрлэж заншсанаар Толгойтын авто замыг Гэмтлийн эмнэлэг, 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замын хөдөлгөөнийг хаана. Энэ хугацаанд тээврийн хэрэгслүүдийг түр замаар зорчуулахаар зохицуулжээ.

Авто замын өнгө хучилтын ажлыг "Монгол зам групп" ХХК гүйцэтгэнэ.

Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг нийслэлийн төсвөөс 74.2 тэрбум төгрөг зарцуулна. Замыг ажлыг энэ оны есдүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ.