
Илон Маск урьд нь найруулагч Кристофер Ноланы “The Odyssey” киноны талаар хурцаар шүүмжлэл өрнүүлж, өөрийн “Grok” хиймэл оюуны тусламжтайгаар илүү үнэмшилтэй, түүхэн эх сурвалжид нийцсэн хувилбар бүтээж чадна хэмээн мэдэгдэж байв.
Харин тэрээр саяхан Хомерийн алдарт туульсаас сэдэвлэсэн бүтээлийнхээ долоон минутын эхний ангийг цахим орчинд нийтэлжээ. Уг бүтээлд Одиссэй баатар Тройн дайнд оролцохоос зайлсхийхийн тулд галзуурсан хүний дүр эсгэж буй хэсэг, гэр бүлээсээ салж дайнд мордох үйл явдал болон, Тройн бүслэлтийн эхлэлийг харуулсан аж.
Гэвч үзэгч, судлаачдын зүгээс хатуухан шүүмжлэлд өртжээ. “The Guardian” сонины кино шүүмжлэгч Питер Брэдшоу уг бүтээлийг дүрслэлийн хувьд хөшүүн, дүрүүдийн сэтгэл хөдлөл байхгүй, комьпютер тоглоомын хуучин графиктэй төстэй хэмээн шүүмжилсэн байна. Түүний үзэж буйгаар дүрүүдий яриа роботын хоолой шиг адил, нэгэн хэвийн сонстож байгаа агаад Одиссэйн шийдвэр гаргах мөчүүд болон гэр бүлээсээ хагацах үйл явдал үзэгчдэд сэтгэл хөдлөл төрүүлэхүйцээр дүрслэгдэж чадаагүй гэв. Мөн далайгаар хөвөх хөлөг онгоц, тулааны бэлтгэл зэрэг хэсгүүд нь бодит зураг авалт бүхий киноны уран сайхны шийдлээс илүү хиймэл, амьгүй болжээ.
Шүүмжлэгчийн дүгнэлтээр, Маскийн уг оролдлого хиймэл оюун ухаан дүрс бүтээх чадвартай болсон ч жинхэнэ уран бүтээлийн сэтгэл хөдлөл, найруулгын гүн гүнзгий байдлыг орлож чадах эсэх асуудлыг дахин хөндөв. Хиймэл оюун ухаанаар кино бүтээх нь зардлыг эрс бууруулах боломжтой ч бүтээлийн чанар, дүрийн сэтгэл зүй, өгүүлэмжийн утга учир зэрэг нь зөвхөн дүрсийг бодит мэт гаргахаас хавьгүй илүү чухал гэдгийг уг шүүмжлэл онцолжээ.