Хөгжил дэвшлийг илэрхийлэх дэд бүтэц, зам гүүр, төмөр замын томоохон төслүүдийн ард үргэлж улс төр, геополитикийн ашиг сонирхол оршдог.

Сүүлийн арван жилд буурай хөгжилтэй орнуудын хамгийн том санхүүжүүлэгч, стратегийн түншийн байр суурийг Хятад улс эзэлсэн. Гэвч энэ түншлэл нь дан ганц эдийн засгийн харилцаа бус харин улс төрийн хамаарал, гадаад бодлогын чиг баримжааг өөрчилж мэдэх өрийн сүлжээ болж хувирсан нь нууц биш. Энэ онд гэхэд л дэлхийн хамгийн ядуу буурай 75 улс Хятадаас авсан зээлийн өр, хүүгийн төлбөрт 22 тэрбум ам.доллар төлөх хүндхэн сорилттой тулаад буй. Гэтэл энэ нь зөвхөн санхүүгийн дүн мэдээ биш харин тэдгээр улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдлыг ганхуулж мэдэх бодит нөхцөл байдал юм.

Зөөлөн хүчний хатуу нөхцөл

013 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилга (BRI) нь Ази, Африк, Латин Америк даяар дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж, Хятадын нөлөөллийг тэлэх стратегийн томоохон хөшүүрэг болсон билээ. Төслийн хөрөнгө оруулалтын оргил жил 2016 онд тохиож нийтдээ 50 тэрбум ам.долларын зээлийг улс орнуудад олгосон юм. Хэдийгээр хөгжиж буй орнуудын дэд бүтцийн дутагдал, эдийн засгийн хэрэгцээг зөв оношилсон ч зээлийн нөхцөл, өрийн дарамт нь улс орнуудыг урт хугацаанд хамааралт байдалд оруулж болзошгүй гэдгийг өрнөдийн зүгээс анхааруулж ирсэн. Олон жилийн турш Ази, Латин Америк ялангуяа Африк тивд тогтоосон нөлөөгөө хадгалахад томоохон өрсөлдөгч гарч ирсэн нь өрнөдийнхнийг бухимдуулсан хэрэг. Хятадын зүгээс ч өрнөдийн улс орнууд БНХАУ-ын нэр хүндийг гутаах, улстөржүүлэх зорилгоор худал мэдээлэл тараадаг хэмээн хариу барина.

Энэ удаад ч 22 тэрбумын өрийн дарамт үүссэн тухай мэдээлэл гарсан даруйд Хятадын Гадаад харилцааны яам тайлбар хийж зээлдэгчидтэй харилцан тохирч, бага хүү хөнгөлөлттэй урт хугацааны нөхцөл санал болгодог тул улстөржүүлэх шаардлагагүй хэмээн мэдэгдэв. Гэтэл БНХАУ ойролцоогоор дөрвөн хувийн хүүтэй зээл олгодог нь олон улсын жишигтэй ойролцоо боловч Дэлхийн банк болон Франц, Германыхаас дөрөв дахин өндөр байгаа юм. Мөн зээлийн эргэн төлөлтийн хугацаа ерөнхийдөө богино буюу 10 жилээс бага. Харин бусад зээлдүүлэгчийн хөгжиж буй орнуудад олгодог хөнгөлөлттэй зээлийн хугацаа 28 орчим жил байдаг аж. Түүнчлэн Хятадын төрийн өмчит зээлдүүлэгчид зээлдэгчээс оффшор дансанд бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байхыг шаарддаг. Ер нь БНХАУ гадаад зээлийнхээ бүртгэлийг нийтэлдэггүй бөгөөд ихэнх гэрээ нь зээлдэгч агуулгыг нь илчлэхээс сэргийлж, задруулахгүй байх заалттай нь эргэлзээ дагуулна.

Өрөнд сөхөрсөн мега төслүүд

Ази, Африкийн олон орон Хятадаас зээл авч, авто зам, хурдны төмөр зам, боомт зэрэг томоохон төслүүд хэрэгжүүлсэн. Гэвч санхүүгийн хувьд үр ашиггүй, эргэн төлөлтийн нөхцөл нь нууцлалтай, Хятадын төрийн өмчит компаниуд төслийн гол үйл ажиллагааг эзэмшиж зээлдэгч улсын дотоод эдийн засаг дахь хяналт улам бүр тэлж байгаа нь анхаарал татна.

Зэсийн арвин нөөцтэй ч өрөнд баригдаад удаж буй Замби улс Хятадаас нийт 6.6 тэрбум ам.долларын зээл авсан нь нийт гадаад өрийн 30 орчим хувийг эзэлж байна. Тус улс Хятадын Эксим банк болон Хөгжлийн банкнаас санхүүжилт авч, шинэ нисэх буудал, цахилгаан станцын өртөг өндөртэй төслүүд хэрэгжүүлсэн ч эдийн засгийн хямрал, зэсийн үнийн хэлбэлзлээс шалтгаалан эргэн төлөлтийн чадвар нь илт суларчээ. Улмаар 2020 онд өр төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй Замбийн Засгийн газар дампуурлаа зарласан.

Хятадын хөрөнгө оруулалтаар Кенид барьсан төмөр замын эхний хэсгийг 2017 онд сүр дуулиантайгаар нээсэн боловч хоёр жилийн дараа замын ажил таг зогсож, Зүүн Африкийн далайд гарцгүй улсуудыг холбох мастер төлөвлөгөө замхарч одлоо. Ашиг олж дөнгөхгүй төмөр замын төлөөсөнд Кени улс Хятадын банкуудад 4.7 тэрбум ам.долларын зээлийн өр төлнө.

Эфиоп улс Хятадаас авсан зээлийн тусламжтайгаар тээврийн сүлжээгээ өргөтгөсөн ч эргэн төлөлтийн дарамтад орж өдгөө гадаад өрийн 40 орчим хувийг Хятадын зээл эзэлж буй.

Ирээдүйд олборлох газрын тосоороо барьцаалан 20 тэрбум ам.доллар зээлж орхисон Ангол улс мөн л эрсдэлд орж буурай орнуудын өрийг хойшлуулах DSSI хөтөлбөрт хамрагдан БНХАУ-тай хэлэлцээр хийгээд удаагүй байна.

Улстөрчид нь популист амлалтаа биелүүлэхийн тулд Хятадаас бодлогогүй зээл авч эдийн засгаа элгээр нь хэвтүүлсний тод жишээ Шри-Ланка улс. Зүүн өмнөд Азийг Суэцийн сувагтай холбох далайн тээврийн гол маршрут Хамбантота боомтыг байгуулахдаа Эксим банкнаас хоёр үе шаттайгаар нийт 1.06 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан ч хугацаандаа барагдуулж чадаагүй тул “China Merchant Port Holding” компанид боомтынхоо 70 хувийг зарж, газрыг нь 99 жилийн турш түрээслүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Өрийн дарамтаас үүдэлтэй засаглалын хямрал Шри Ланка улсыг дампуурлаа зарлахад хүргэсэн юм.

Лаос улс Хятадын дэмжлэгтэйгээр 6 тэрбум ам.долларын өртөг бүхий Лаос-Хятадын хурдны төмөр зам барьж далайд гарцгүй сул талаа нөхөх дэврүүн мөрөөдөлтэй байв. Гэвч нийслэл Вьентьян хотоос Хятадын Куньмин хүрэх төмөр замын энэхүү төсөл нь Лаосын ДНБ-ий 35 хувийг эзлэх хэмжээний өр үүсгэж улсын төсөвт хүчтэй дарамт учруулжээ.

Өрийн дарамтад тунасан улс төр

Олон улс судлаачид Хятадын зээлийн бодлогыг “debt-trap diplomacy” буюу өрийн урхины дипломат ажиллагаа гэж нэрийддэг. Энэ нь эдийн засгийн зээлээр улс төрийн нөлөөгөө тэлэх стратегийн арга бөгөөд тухайн улс өрөө төлж чадахгүй нөхцөлд стратегийн чухал дэд бүтцээ алдах эрсдэл дагуулдаг аж.

2024 оны байдлаар Хятадад төлөх өр нь 4.2 тэрбум ам.долларт хүрч усан цахилгаан станц, авто замын сүлжээ зэрэг дэд бүтцийн төслүүд нь бүхэлдээ хөршөөсөө хамааралтай болсон Камбожид нийгмийн дотоод зөрчил хурцдаж эхэллээ. “Шинэ Хонгконг” хэмээх албан бус нэршилтэй Сиануквиль хот Хятадын хөрөнгө оруулалтаар казино, үл хөдлөх хөрөнгийн мега төслүүд хэрэгжүүлсэн нь орон нутгийн иргэдийг газар нутгаас нь шахаж, ажилгүйдлийг нэмэгдүүлсэн. Мөн Камбожийн эрх баригчид Хятадын дэмжлэгийг ашиглан улс төрийн сөрөг хүчнээ дарамталж байгаа талаар хүний эрхийн байгууллагууд анхааруулжээ.

Шри-Ланкагийн Хамбантота боомт, Пакистаны Гвадар боомт зэрэг стратегийн байршилтай төслүүд Хятадын барьцаанд орсон нь өрийн дипломат ажиллагааны бодит илэрхийлэл. Африкийн Жибути улсад Хятадын анхны гадаад цэргийн бааз байгуулсан нь ч зээлээр баригдсан боомтод төвлөрсөн стратегийн алхам билээ. Цаашлаад өр төлөх чадваргүй болсон Мальдив, Тажикстан зэрэг улс газар нутгийнхаа зарим хэсгийг төлбөрт шилжүүлсэн нь улс орнууд хэрхэн тусгаар тогтнолоо алдах эрсдэлтэй тулгарч байгааг харуулж байгаа юм. Эцсийн дүндээ өрийн хүнд ачааг үүрч буй хүмүүс бол энгийн иргэд. Зээлийн улмаас үүссэн төсвийн таналт, инфляц, татварын өсөлт нь олон улсад нийгмийн бухимдал үүсгэж, улс төрийн тогтворгүй байдал дагуулах нь жам. Кени улсад Хятадын санхүүжилттэй төмөр замын төсөлтэй холбоотой авлигын хэргүүд ил болсон бол Лаост валютын ханшийн уналт иргэдийн эсэргүүцэл дагуулж Камбожид үндсэрхэг хөдөлгөөн сэргэж Хятадын нөлөөг илт эсэргүүцэж эхэлжээ.

Олон улсын хариу үйлдэл

Өдгөө 23 улсыг эдийн засгийн хувьд Хятадын зээл тусламжаас хамааралтай гэж үздэг.

Барууны уламжлалт зээлдүүлэгчид болох Дэлхийн банк, ОУВС зэрэг нь зээл олгохдоо ил тод байдал, хүний эрх, засаглалын үнэлгээ шаарддаг бол Хятадын зээл илүү хурдан батлагддаг, нөхцөл нь ил тод бус байдгаараа ялгардаг. Энэ нь богино хугацаанд дэд бүтцээ хөгжүүлэхийг хүссэн Засгийн газруудад таатай ч урт хугацаанд өрийн дарамт, улс төрийн хамаарал бий болгодог юм. 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан “Өрийн ил тод байдлын тайлан”-д Хятадын зээлийн гэрээнүүдийн 70 орчим хувь нь олон нийтэд ил тод бус, хүлээлт үүсгэх үүрэгтэй заалтууд агуулсан болохыг дурджээ. Мөн зарим гэрээнд ОУВС-тай хэлэлцээр хийхийг хориглосон заалт хүртэл орсон байна. ОУВС, Парисын клуб зэрэг олон улсын байгууллагууд өрийн хямралд орсон буурай орнуудад дахин өрийн менежмент хийх санал гаргасаар байгаа ч эдгээр хэлэлцээрт Хятадын оролцоо идэвх сул байсаар ирсэн. Мөн Хятадын дотоодод ч үл хөдлөх хөрөнгийн хямрал, цар тахлын дараах эдийн засгийн удаашрал, залуучуудын ажилгүйдэл зэрэг мундахгүй тээг саад гарч ирлээ. Бээжин өнгөрсөн гурван жилд гадаад улс орнуудтай хийсэн 76.8 тэрбум ам.долларын өрийн хэлэлцээрийг шинэчилсэн бол 240 тэрбум ам.долларын санхүүжилтийг түр хойшлуулсан удаатай.

Буурай хөгжилтэй орнуудын хувьд дэд бүтцийн зээл нь зайлшгүй хэрэгцээ боловч ямар нөхцөлтэй, ямар ашиг сонирхлын дор хийгдэж байгааг үнэлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. “Бүс ба Зам” санаачилгаар хөгжиж буй орнуудад 1.1 их наяд гаруй ам.долларын зээл олгосны 80 хувь нь санхүүгийн хямралд орсон улс орнуудыг хамарч байгаа нь нэгийг өгүүлнэ. Өнөөдрийн дэд бүтцийн мөрөөдөл маргааш тусгаар тогтнолын золиос болдог түүх ч хуучраагүй байна.