
УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Уг сонсголд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээлэлдээ "Өнөөдөр энэ салбарын үйлдвэрлэл 2025 оны байдлаар 23.3 их наяд төгрөгт хүрч, нийт ажиллах хүчний 45.3 хувь нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Мөн манай улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газар 108.8 сая га бөгөөд 58.1 сая толгой малтай, 313.2 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, 1.0 орчим сая га эргэлтийн талбайд 15.0 мянган иргэн, 1,500 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Хүнсний салбарт 2,600 орчим үйлдвэр, цех, хөнгөн үйлдвэрийн салбарт 353 үйлдвэр, 1,769 цех үйл ажиллагаа явуулж байна.
2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн. “Атрын III аян” хэрэгжиж эхэлсэн 2008 оныг 2010 онтой харьцуулан үзэхэд тариалсан 202.7 мянган га-аас 316.3 мянган га-д хүрч, үр тарианы нийт ургац 212.8 мянган тонноос 355.0 мянган тонн, төмсний ургац 134.7 мянган тонноос 167.9 мянган тонн, хүнсний ногооны нийт ургац 77.9 мянган тонноос 82.9 мянган тоннд хүрч, усалгаатай талбайн хэмжээг 43.0 мянган га-д хүрсэн байна.
Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор чацарганыг аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр 20.0 мянган га хүртэл талбайд тариалж, цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль орчныг хамгаалах, хүн амыг амин дэмээр баялаг жимс, жимсгэнээр тогтвортой хангах зорилгоор “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн II үе шатыг батлан, 2010–2012, 2013–2016 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд чацаргана, жимс, жимсгэнийн тариалалтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэл, боловсруулалт, хөгжлийн суурийг бүрдүүлж, 6,419 ажлыг байрыг шинээр бий болгосон. Тухайлбал, чацаргана тариалах талбай 886.0 га-аас 2.6 мянган га талбайд хүрч, бэлтгэсэн суулгац 5.5 сая ширхэгт хүрч, байгалийн чацаргана, жимс, жимсгэнийн 1.1 мянган га талбайг сэргээн хамгаалсан байна. Мөн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортын суурийг бэхжүүлж, 2012-2014 онд 6.1 тонн чацарганы тос, 16.4 тонн чацарганы шүүсийг тус тус экспортолсон байна.
Улмаар хүнсний ногооны үйлдвэрлэл, ургацыг нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулахын зэрэгцээ усалгаатай тариаланг хөгжүүлэх, хадгалалт, агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар дотоодын хэрэгцээг тогтвортой хангах зорилгоор Засгийн газрын 2017 оны 278 дугаар тогтоолоор “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг батлан 2018-2022 онд хэрэгжүүлсэн. “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэл, үрийн хангамж, агуулах, зоорь, хүлэмжийн аж ахуй болон усалгаатай тариаланг хөгжүүлж, суурь түвшинтэй харьцуулахад төмс тариалсан талбай 12.2 мянган га талбайгаас 21.0 мянган га, хүнсний ногоо тариалсан талбай 6.4 мянган га талбайгаас 14.2 мянган га-д, өвлийн хүлэмжийн талбай 19.1 га талбайгаас 32.3 га-д, зоорийн багтаамж 197.5 мянган тонноос 251.6 мянган тоннд хүрсэн байна. Мөн 2017-2022 онд хүнсний ногооны нийт ургац 78.5 мянган тонноос 148.8 мянган тонн болж, төмсний нийт ургац 134.7 мянган тонноос 214.0 мянган тоннд хүрсэн байна. Хүнсний ногооны таримлын нэр төрлийг 42-оор нэмэгдүүлсэн байна. Ногоочин өрхийн дундаж орлогыг 1.5 сая төгрөгт хүргэсэн үр дүнтэй байна.
Жимс, жимсгэнийн тариалалт, суулгац үйлдвэрлэл, сорт нутагшуулалт, боловсруулалтыг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг хангах зорилгоор Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолоор “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг батлан, 2018-2022 онд хэрэгжүүлсэн байдаг. Хөтөлбөрийн үр дүнд суурь түвшинтэй харьцуулахад (2018 он) жимс, жимсгэнийн тариалсан талбай 6,070 га-аас 6,687 га, хураан авсан ургац 2,560 тонноос 3,760 тонн болж нэмэгдэн, 2.14 сая ширхэг суулгац бэлтгэж, 5,629 ажлын байр шинээр бий болгосон байна. Мөн чацарганы кластер, өртгийн сүлжээг бүрдүүлж, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл, боловсруулалтыг хөгжүүлэх суурийг тавьсан байна.
Улмаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг 2025-2028 он хүртэл орон даяар эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. “Атар-4” аяны хүрээнд тариалангийн эргэлтийн талбайг 83.1 мянган га-аар нэмэгдүүлж, сэлгээний болон тэжээлийн таримлын үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хөрсний үржил шимийг хамгаалах, ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 15.6 мянган тонн бордоог тариалангийн үйлдвэрлэлд нийлүүлсэн. Мөн усалгаатай тариаланг өргөжүүлэх чиглэлээр 3,031 га талбайг услах хүчин чадал бүхий 10 услалтын системийг сэргээн засварлан ашиглалтад оруулж, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг дэмжиж, төмс, хүнсний ногооны 1,200 га талбайн үйлдвэрлэлийг механикжуулах нөхцөл бүрдүүлжээ.
Мөн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл эрчимжиж, тариалангийн үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшин 80 орчим хувьд хүрч, орчин үеийн техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх суурь бүрдээд байна. Тухайлбал салбарын 2007 оны үр дүнг 2025 онтой харьцуулахад:
• Газар тариалангийн салбарын нийт үйлдвэрлэл тайлант оны үнээр 172.7 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд төгрөгт хүрч, 11.2 дахин өссөн;
• Нийт тариалсан талбай 202.7 мянган га-аас 601.6 мянга га-д хүрч, 3 дахин нэмэгдсэн байна;
• Улаанбуудайн тариалсан талбай 154.8 мянган га-аас 392.5 мянган га буюу 3 дахин, хүнсний ногооны талбай 6.4 мянган га-аас 20.2 мянган га буюу 3 дахин, таримал тэжээлийн үйлдвэрлэл 4.9 мянган га-аас 93.4 мянган га буюу 19 дахин өссөн байна;
• Үр тарианы үйлдвэрлэл 114.8 мянган тонноос 614.1 мянган тонн болж 5.3 дахин, хүнсний ногооны үйлдвэрлэл 76.4 мянган тонноос 282.2 мянган тонн 3.6 дахин тус тус нэмэгдсэн байна.
УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг батлан, 2009-2020 онд хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү бодлогын хүрээнд малчдын нийгмийн хамгаалал, амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарч ажилласан. Үүний үр дүнд 2009 онд нийт малчдын 10 хувь нь нийгмийн даатгалд, 35 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байсан бол өнөөдөр эдгээр үзүүлэлт 37 хувь болон 80 хувьд хүрээд байна. Энэ нь малчдын нийгмийн хамгааллын хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарсныг харуулж байна. Үүнтэй зэрэгцэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлэхэд чиглэсэн “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2010-2021 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн. “Монгол мал” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үеийн 1.3 их наяд төгрөгийн мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл 2021 онд 6.2 их наяд төгрөгт, 2025 онд 8.7 их наяд төгрөгт хүрсэн байна.
Өнөөдөр манай улсад ноос, ноолуур, арьс ширийг угаах, самнах, ээрэх, нэхэх, сүлжих, гүн боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь хүчин чадал тодорхой хэмжээнд бүрдсэн. Тиймээс цаашид төрийн бодлогыг зөвхөн шинэ үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаар хязгаарлахгүйгээр, байгаа хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийг тогтворжуулах, боловсруулалтын дараагийн шатны үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай байна. Энэ чиглэлийн бодлогыг тус салбарт сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн үндэсний хөтөлбөрүүдээрээ үе шаттайгаар дэмжиж ирсэн байна. “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд бий болгосон суурийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнөөр үргэлжлүүлж, түүхий эдийн бэлтгэлээс эхлээд боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэлх бүх шатны хөгжлийг дэмжиж байна. Эдгээр арга хэмжээний хүрээнд юуны өмнө түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн. Тухайлбал, 2011-2024 онд 998 мянга гаруй малчин, мал бүхий этгээдэд 269.9 тэрбум төгрөгийн ноосны урамшуулал, 2014-2024 онд 407 мянга гаруй малчин, мал бүхий этгээдэд 78.8 тэрбум төгрөгийн арьс ширний урамшуулал олгосон.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд 384.1 тэрбум, 2026 онд 463.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Үүний үр дүнд 2025 онд үндэсний үйлдвэрүүд анх удаа үйлдвэрлэлийн түүхий эдийн 70 орчим хувь буюу 6.0 мянга гаруй тонн, 2026 онд 60 орчим хувь буюу 4.8 мянган тонн ноолуурыг тус тус бэлтгэсэн байна. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь, ноосныхыг 25 хувиас 55 хувь, арьс ширний гүн боловсруулалтыг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Үүнээс гадна ноолуурын ээрэх, сүлжих, нэхэх, ноосны ээрэх, хялгас ялгах, арьс ширний гүн боловсруулах, савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа бөгөөд үүний үр дүнд ноолуурын ээрэх хүчин чадлыг 400 тонн, сүлжих хүчин чадлыг 200 мянган ширхгээр, ноосны ээрэх хүчин чадлыг 300 тонн, хялгас ялгах хүчин чадлыг 530 тонноор нэмэгдүүлээд байна. Өнөөдөр хөнгөн үйлдвэрийн салбар 46 мянган ажлын байрыг хадгалж, жилд 2.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноолуурын салбарт 3,000, ноосны салбарт 2,200, арьс ширний салбарт 3,000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор ажиллаж байна. Хөдөлгөөний эхний жилд 500 орчим ажлын байр шинээр бий болсон. Мөн 2025 онд ноос, ноолуур, арьс ширний салбарын борлуулалтын орлого 16.8 хувиар, үүнээс ноолуурын салбарын борлуулалт 20.4 хувиар өссөн байна.
2023 оноос 2026 оны эхний хагас жил хүртэл мал аж ахуй, газар тариалан, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн бүхэл бүтэн гинжин хэлхээнд нийт 1.2 их наяд гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүний үр дүнд хүнсний салбарт 53 шинэ үйлдвэр ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадал 40 орчим хувиар, ажлын байр 42 хувиар нэмэгдэж, үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 32 хувиар өссөн байна.
2020 онд 8 үйлдвэр, цехэд 4.0 мянган малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 3.5 сая литр түүхий сүү нийлүүлж байсан бол 2025 онд 37 үйлдвэр, цехэд 9.3 мянган малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 19.6 сая литр буюу 5.6 дахин их сүү нийлүүлдэг болсон. Урамшуулалд хамрагдах нутаг дэвсгэр 4 аймаг, нийслэлээс 13 аймаг, нийслэл болж өргөжсөн. Энэ нь зөвхөн малчдын орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй, сүүний үйлдвэрийн түүхий эдийн хангамж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлсөн. Сэрүүний улирлын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 5 жилийн дундаж 2015-2020 онд 30.9 мянган тонн байсан бол 2021–2025 онд 40.5 мянган тонн болж өссөн. Мөн хуурай сүүний импорт 2021 оны 5.4 мянган тонноос 2025 онд 4.5 мянган тонн болж, 17 орчим хувиар буурсан нь дотоодын үйлдвэрлэл импортыг тодорхой хэмжээгээр орлож эхэлсний нэг илрэл юм. Үүний зэрэгцээ гадагш чиглэх валютын урсгалыг жилд ойролцоогоор 10.0 тэрбум төгрөгөөр бууруулах боломж бүрдэж байна.
2025 оны жилийн эцсий байдлаар мах, махан бүтээгдэхүүний дотоодын хангамж 93.7 хувь, малын мах 99.2 хувь, сүү 99.9 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 79.4 хувь, гурил 80.9 хувь, гурил, гурилан бүтээгдэхүүн 73.6 хувь, өндөг 66.7 хувийн түвшинд хүрээд байна" гэлээ.