
Турк улсад 15 дахь жилдээ амьдарч байна. Станбултай ойролцоо жижиг хотод суурьшсан. Энэ хугацаанд нэг ч удаа саналаа өгч байсангүй. Уг нь нийслэл хотод Монгол Улсын Консулын газар бий. Гэхдээ заавал биеэр очиж саналаа өгдөг, бас үргэлж ажлын өдөр таардаг байсан. Тиймээс оролцох боломжгүй явж ирлээ. Мөн улстөрчдийн талаар мэдээлэл дутмаг. Ялангуяа, сонгуульд ямар улстөрчид нэр дэвшиж байгааг тэр бүр мэддэггүй. Монголд санал авах өдрийг ажлын өдрөөр тааруулдаг байх, энд үргэлж л ажилтай үед таараад байдаг. Хэрэв санал авах хугацааг сунгаж, бас онлайнаар өгөх боломж бүрдүүлбэл сонгох эрхээ эдлэлгүй яах вэ.
Монгол Улсын иргэн Б.Мягмарсүрэн
Япон улсын Токио хотод найм дахь жилдээ амьдарч байна. Энд ирснээс хойш 2021 оны Ерөнхийлөгчийн, 2024 оны УИХ-ын сонгууль болсон. Гэвч үргэлж завгүй, ажилтай байдаг тул саналаа өгч байсангүй. Саналаа өгөх сонгогчдын бүртгэлийг уг нь онлайнаар авсан юм билээ. Харин санал авах өдөр бол Элчин сайдын яаманд биеэр очих ёстой. Гэтэл бидэнд тийм зав, боломж гардаггүй. Миний эргэн тойронд ч бас олон хүн оролцож чадаагүй. Гэхдээ фэйсбүүкээс харахад энд амьдардаг хүмүүс монгол дээлээ өмсөөд, бахархалтайгаар очиж, сонгох эрхээ эдэлсэн байна лээ. Монгол Улсын иргэн гэдгээ мэдрэх нэг онцгой үйл явдал шүү дээ. Саналыг онлайнаар авдаг, эсвэл өдрийнх нь тоог уртасгаад өгвөл сонгох эрхээ эдэлнэ.
Монгол Улсын иргэн П.Ариунаа
Манай улс ардчилсан тогтолцоотой болсноос хойш парламентын ес, Ерөнхийлөгчийн найман удаагийн сонгууль зохион байгуулаад буй. Гэхдээ энэ олон сонгуульд оролцоо нь хангагддаггүй, гээгдэж үлддэг хэсэг хүн бий. Тэд бол хилийн чанадад таран амьдарч буй монголчууд. 200 гаруй мянган монгол иргэн гадаад улсад амьдардаг гэдэг ч албан ёсны тоо баримтад 120 мянга гэж бүртгэгдсэн байдаг аж. Тэдний 100 орчим мянга нь сонгуулийн насны иргэн юм байна. УИХ-ын сонгуулийн тухайд зөвхөн холимог тогтолцоогоор явуулсан үед хувь тэнцүүлэх хэсэгт нь л гадаадад амьдардаг иргэд оролцох боломж бүрддэг. Тиймээс 2012, 2024 оны сонгуульд тэд саналаа өгсөн. Тойргийн системээр өрсөлдөгчдөд саналаа өгөх техник, технологийн боломжгүй. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд бол 2013 оноос оролцсоор ирсэн.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдардаг 6233 сонгогч бүртгүүлснээс 4248 нь буюу 68.2, 2017 онд 7374 сонгогч бүртгүүлснээс 7209 буюу 66.8, 2021 онд 7398 сонгогч бүртгүүлснээс 5568 сонгогч буюу 75.30 хувь нь тус тус сонгох эрхээ эдэлжээ. СЕХ-ны Тамгын газрын дарга Д.БатЭрдэнэ энэ талаар “Хилийн чанадад амьдардаг нийт иргэний 5-6 хувь нь л сонгуульд оролцохоор бүртгүүлдэг. Тэдний 65 хувь нь сонгох эрхээ эдэлсэн байна” хэмээн ярьжээ.
Оролцоо маш хангалтгүй гэсэн үг. Гэхдээ энэ нь мэдээж тухайн иргэдийн буруу биш. Тэд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, амьдралаа өөд татах, үр хүүхдээ илүү сайн орчин, нөхцөлтэй нийгэмд өсгөж, хүмүүжүүлэх гэж л харийн орныг зорьсон. Тиймээс ч цаг наргүй хөдөлмөрлөдөг. Мөн сонгох эрхээ эдлэхийн тулд хоёр шат дамжлага туулах болдог аж. Эхлээд санал өгнө гэдгээ илтгэж, бүртгүүлнэ. 2024 оноос энэ үйл явцыг онлайн, шуудангаар хийдэг болгосон учраас хоёр удаа ЭСЯ руу явах ажлыг халжээ. Түүнчлэн зөвхөн Дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очиж байж л саналаа өгдөг тогтолцоо үйлчилсээр буй нь тэд сонгох эрхээ эдлэхэд хаалт, хязгаар болдог юм. Амьдардаг хотод нь Консулын газар, ЭСЯ байдаг хүмүүс арай өөр. Гэхдээ л хагас өдрийн ажлаа алдах болно. Харин өөр хот, мужаас Дипломат төлөөлөгчийн газраа зорин очих гэж буй хүмүүс бүтэн нэг, магад хоёр өдрийн ажлаа орхих болдог. Тиймээс л өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл ажиллаж буй иргэдэд хүсэл байгаад ч боломж гардаггүй. Үүний оронд цахимаар санал авдаг болбол оролцож, сонгох эрхээ эдлэх хүсэлтэй хүн олон байгааг өмнөх сонгуулиудаар зөндөө ярьсан.
Тэгвэл гурван сонгууль буюу 12 жил өнгөрсний дараа энэ асуудлыг шийдэх оролдлого хийж байна. 1993 онд зохион байгуулсан Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7, 1997 онд 85.1, 2001 онд 82.9, 2005 онд 74.98, 2009 онд 73.59, 2013 онд 66.5, 2017 онд 68.27, 2021 онд 59.29 хувь болж буурсан юм. СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц дөрвөн жил тутамд ийнхүү буурч буйн шалтааныг судалж, гарц санал болгожээ. Үүнд гадаадад амьдардаг иргэдийн оролцоо мэдээж багтаж буй. Тэдэнд учирдаг бэрхшээлийг шийдэхийн тулд СЕХноос санал авах өдрийн тоог гурав биш, тав болгон сунгах, мөн сонгох эрхээ эдэлнэ гэдгээ заавал урьдчилан бүртгүүлдгийг зогсоох нь зөв гэж үзэн, энэ тухай саналаа УИХ-д хүргүүлсэн байна. Харамсалтай нь, онлайнаар, шуудангаар санал өгөх боломжийг СЕХ ч, парламентад өргөн барьсан төсөлд нь ч тусгасангүй. УИХ-д өргөн барьсан төсөлд урьдчилан бүртгүүлдгийг халах санал нь ч багтаагүй аж. Уг төслийн 20.1-д “Гадаад улсад санал өгсөн сонгогчдыг энэ хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтад үндэслэн нэгдсэн санд бүртгэнэ” гэжээ. Энэ нь заавал урьдчилж бүртгүүл гэсэн утга биш гэж үү. Өмнөхөөсөө дэвшилттэй гэж болохоор ганц заалт байгаа нь 16.8- ын “Төв комисс нь сонгогчийн тоог үндэслэн дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй газарт энэ хуульд нийцүүлэн салбар комисс байгуулж болно” гэсэн зохицуулалт юм. 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр манай улс хилийн чанадад 49 Дипломат төлөөлөгчийн газартай байсан. Ирэх онд болох Төрийн тэргүүний сонгуулиар салбар комиссууд нэмэгдэж, зарим иргэнд санал өгөх байр нь арай ойртох юм байна. Харин техникийн дэвшлийг ашиглаж, цаг хугацаа, орон зай хэмнэх гол хувилбар нь сураг алга. Оронд нь санал авах хугацааг таван өдөр болгож, хоёроор нэмнэ. Гадаадад амьдарч буй 100 мянган иргэний саналыг авахын тулд УИХ-ын зүгээс гаргах хичээл зүтгэл нь ингээд болчхож байна.
Үнэндээ “хөмөрсөн тогоо”-ноосоо гарч, өөр улс орны хөгжил, соёлд суралцан нүд тайлж, оюунаа тэлж яваа иргэдээсээ манай хууль тогтоогчид айдаг бололтой. Тэд тухайн улс орныхоо улс төрийн тогтолцоотой харьцуулна, хэнд ч худалдагдахгүй, шударга сонголт хийх тул үр дүнд нь нөлөөлнө гэсэн айдас байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ч 100 мянган иргэний саналыг авах талаар бодит ахиц гаргахгүй байна. Саналын нууцлал, тоног төхөөрөмжөөр хангах санхүүгийн боломж байхгүй гэвэл итгэх хүн олдохгүй. Элдэв төслөөр дамжуулан “цавчаа” хийх болохоор хэдэн их наядаар нь “идээд” байдаг улстөрчидтэй шүү дээ. Тэгэхээр дээрх хардлага л үлдэж байна. Дээрх “өгөөмөр” шийдлийнх нь хариуд гадаадад амьдардаг иргэдийн сонгуулийн ирцэд тоймтой өөрчлөлт гарах нь юу л бол.
С.Туул