
Жүжигчин Ха Ёнийн элэнц өвөөг Японы талыг баримтлагч байсан гэх маргаан дэгдэж буйтай зэрэгцэн Өмнөд Солонгосын Японы талыг баримтлагчдын хөрөнгийг мөрдөн шалгах комисс 16 жил завсарласны эцэст ирэх арванхоёрдугаар сард үйл ажиллагаагаа сэргээх гэж байна. Үүнтэй холбоотойгоор түүний гэр бүлийн хөрөнгийг шалгаж, улмаар хурах эсэх тухай асуудал солонгосчуудын анхааралд оржээ.
Комиссыг дахин ажиллуулах болсон нь Японы талыг баримтлагч болон үндэстний эсрэг хамтран ажиллагчдын хөрөнгийг улсад хураан авах тухай тусгай хууль арванхоёрдугаар сарын 3-наас хэрэгжиж эхлэхтэй холбоотой.
Уг хууль нь 1910–1945 онд Солонгос Японы колоничлолд байх үед Японтой хамтран ажилласнаар хууль бусаар олж авсан хөрөнгө, эд хөрөнгийг улсын мэдэлд авахад чиглэдэг.
БНСУ-ын Үндэсний тусгаар тогтнолын ордны захирал асан Ли Жүн Шик “Энэ хоёр дахь комисс яг хэдий хэмжээний хөрөнгө буцаан авч чадах нь тодорхойгүй. Ха Ёнийг тойрсон маргаан ч ялгаагүй. Комисс ажиллаж эхэлсний дараа энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Одоогоор хэрхэн шийдэгдэхийг мэдэх боломжгүй” гэжээ.
Хөрөнгийг буцаан авахад хүндрэлтэй
Ли Жүн Шикийн хэлснээр Японы талыг баримтлагчдын эзэмшиж байсан хөрөнгийн ихэнх нь аль хэдийн гуравдагч этгээдэд шилжсэн тул буцаан авах ажиллагаа хүндрэлтэй.
Тухайлбал газар тариалангийн газрыг авч үзье. 1948 онд Өмнөд Солонгосын засгийн газар байгуулагдсаны дараа газар зохион байгуулалтын шинэчлэл хийгдэж, олон будааны талбай болон тариалангийн газрын өмчлөл өөрчлөгдсөн.
Газар зохион байгуулалтын шинэчлэлд хамрагдаагүй газар ч тус улс тусгаар тогтносноос хойших 80 гаруй жилийн хугацаанд ихэнх нь зарагдсан байна.
Лигийн тайлбарласнаар хөрөнгө буцаан авах ажиллагаа үндсэндээ:
1. Японы талыг баримтлагчдын үр удам одоо хүртэл эзэмшиж байгаа хөрөнгө
Үр удам нь одоо эзэмшиж байгаа хөрөнгийг комисс шууд хураан авах боломжтой. Гэхдээ тухайн хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргах магадлалтай.
Харин аль хэдийн худалдсан хөрөнгийн хувьд төр тухайн бүр дээр нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, хууль бусаар олсон ашгийг буцаан авах шаардлагатай болно. Энэ нь нэлээд хүнд үйл явц гэж Ли үзэж байна.
Төр хөрөнгийг нь шууд буцаан авах бус, хууль бусаар олсон ашгийг нэхэмжилдэг нь уг хөрөнгийг анх мэдэлгүйгээр худалдан авсан гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг зөрчихгүй байхтай холбоотой аж.
Өнгөрсөн үеийн хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг хэрхэн тооцох вэ?
Гэхдээ 1945 онд Солонгос тусгаар тогтносноос хойш 81 жил өнгөрсөн тул буцаан авах хөрөнгийн хэмжээг тогтоох өөрөө амаргүй асуудал.
Олон арван жилийн өмнө зарагдсан хөрөнгө тухайн үедээ маш бага үнэтэй байсан байж болох ч түүнээс хойш тухайн газар хөгжиж, өнөөдөр үнэ нь хэдэн арав, бүр хэдэн зуу дахин өссөн байж болно. Тиймээс анхны борлуулалтын үнэ болон өнөөгийн үнэ хоёрын зөрүүг хэрхэн тооцох нь практик асуудал болж байна.
Ли-гийн тайлбарлаж буйгаар “Жишээлбэл, олон жилийн өмнө 50 сая воноор зарагдсан хөрөнгө өнөөдөр 5 тэрбум воны үнэ хүрч болох юм. Тэгвэл аль дүнг буцаан авах вэ гэсэн асуулт гарна. Шүүх анхны 50 сая воныг буцаан төлүүлэх магадлалтай” гэнэ.
Ийм хөрөнгийг буцаан авах ажиллагаа нь хуулийн хувьд ч эмзэг асуудал гэдгийг өмгөөлөгч Сон Су Хо Christian Broadcasting System-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Тэрээр түүхэн шударга ёсыг сэргээх шаардлага хүчтэй байгаа ч хууль эрх зүйн тогтвортой байдал болон өмчлөх эрхийг хамгаалах шаардлага мөн адил чухал гэж онцолжээ.
Үүний жишээ болгон Японы талыг баримтлагчийн ач хүүгийн эзэмшдэг Сөүл дэх тансаг зэрэглэлийн зочид буудлыг буцаан авах гэсэн боловч амжилтгүй болсон оролдлогыг дурдсан байна.
Гэхдээ хуулийн хатуу шалгуурыг хангасан тохиолдолд тухайн хүмүүс шалтаг тоочиж, гомдол гаргах ёсгүй гэж Сон үзжээ.
Тэрээр “Харин үүний оронд шүүхэд нэхэмжлэл гаргаж, гомдоллож, шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, хөрөнгөө чимээгүйхэн гадаад руу шилжүүлж, өөрсдөө улс орноосоо гарч яваад гадаадаас Солонгосыг шүүмжилбэл энэ нь хүмүүсийн жинхэнэ уур бухимдлыг төрүүлдэг” гэж хэлсэн байна.