
Америкийн тэрбумтан, Билл Гейтс пүрэв гарагт БНСУ-д очиж улс төр, бизнесийн салбарын удирдлагуудтай уулзан дараагийн үеийн цөмийн реакторын чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.
Гейтс TerraPower компанийн үүсгэн байгуулагч. Тэрээр пүрэв гарагийн орой 21:20 орчимд Сөүлийн баруун хэсэгт байрлах Кимпогийн олон улсын нисэх онгоцны буудалд хувийн онгоцоороо газардсан гэж түүнтэй ойр эх сурвалжууд мэдээлжээ. Тэрээр хамгийн сүүлд нэг жилийн өмнө Сөүлд айлчилсан.
Гейтс Сөүлд байх хугацаандаа улс төр, бизнесийн салбарын гол төлөөлөгчидтэй уулзаж, жижиг модульчлагдсан реактор (SMR) болон бусад чиглэлээр түншлэлийг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх аж.
Тэрээр өнөөдөр Ерөнхий сайд Хан Сон Сүк болон SK Group-ийн ТУЗ-ийн дарга Чэ Тэ Вон, HD Hyundai-ийн ТУЗ-ийн дарга Чон Ги Сон зэрэг бизнесийн томоохон удирдлагуудтай уулзах төлөвлөгөөтэй гэсэн мэдээлэл цацагдсан.
Гейтс 2006 онд байгуулсан TerraPower компаниараа дамжуулан хиймэл оюун ухааны технологийн хөгжилтэй холбоотойгоор цахилгаан сүлжээний эрэлт нэмэгдэж буй нөхцөлд найдвартай, цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болгох зорилгоор илүү аюулгүй, үр ашигтай, зардал багатай цөмийн реактор хөгжүүлж байна.
БНСУ-ын SK Group нь TerraPower компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд тус компанид 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн усан онгоц үйлдвэрлэлийн томоохон компани болох HD Hyundai нь SMR-ийн чиглэлээр TerraPower компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм.
TerraPower-ийн Natrium реакторуудыг одоо хөгжүүлж буй хамгийн дэвшилтэт SMR-үүдийн нэг гэж үздэг. Эдгээр реактор нь дулааны өндөр үр ашигтай, аюулгүй байдлыг сайжруулсан бөгөөд уламжлалт цөмийн реакторуудтай харьцуулахад цөмийн хаягдлыг ойролцоогоор 40 хувиар бага үйлдвэрлэдэг.
TerraPower компани өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Цөмийн зохицуулах хорооноос Вайоминг мужид SMR станц барих зөвшөөрөл авсан. Энэ нь дараагийн үеийн цөмийн реакторыг арилжааны зориулалтаар ашиглах боломжийг нэмэгдүүлж байна.